ҮЕРТ ХЭН БУРУУТАЙ ВЭ?
Улаанбаатарт орсон ширүүн борооны улмаас дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэж, олон айл өрх усанд автаж орон гэргүй болж, бүр ч олон иргэн өмч хөрөнгөөрөө хохирсон харамсалтай үйл явдал тохиолоо.
Тодруулбал, Улаанбаатар хотод 2023.8.5-ны 19:30 цагаас эхлэн усархаг аадар бороо 40 орчим минут ороход Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үер бууж, нийт 282 айл өрхийн 500 орчим иргэн үерт өртөж, 16 өрхийн 70 иргэн орон гэргүй болжээ. Хамгийн харамсалтай нь насанд хүрсэн хоёр хүн, мөн 10 сартай, 14 настай хүүхэд үерийн улмаас амиа алдав.
Хэдийгээр үер усны гамшиг нь хэлж бус хийсч ирдэг байгалийн давшгүй хүчин зүйл ч нөгөө талаас энэ бүхэн аль аль талдаа хариуцлагагүй байсантай холбоотой гэж үзэх иргэд ч байгаа юм.
Тэдний үзэж буйгаар үер буух эрсдэлтэй газар буусан иргэдийн буруу гэж үзэж байгаа бол анхнаасаа иргэдэд тийм газрыг олгосон албан тушаалтнуудын буруу гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр “Баянзүрх дүүрэгт газар олголт хийсэн хүмүүсийн асуудлыг авч үзэх ёстойг иргэд хэлж байсан. Улаан цайм уулын үер буудаг хэсгүүдийг тэгшлээд газар олгосон. Иймээс үер усны гамшигт өртөх, орон гэр, амь насаа алдах нөхцөл байдал үүссэн учир тэнд буусан иргэдийн буруу гэхээсээ илүүтэйгээр хэн газар олгосон, үер усны замыг хааж газар олгосон бол үүнээс сэргийлэх ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийснийг харах ёстой гэж бид үзэж байгаа” гэсэн
ХААНА ИРГЭД БУУЖ БОЛОХ, ХААНА НЬ БОЛОХГҮЙГ ТОДОРХОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Хэдийгээр үерийн дараа энд айл буулгаж болохгүй, үерийн эрсдэлтэй гээд онцгойгоос сануулдаг ч энэ асуудал тэгсгээд намддаг. Сонгуулийн ажилтай зэрэгцээд тэнд зөвшөөрлөө авсан иргэдийн суурьшил ч нэмэгддэг. Энэ давтамжаар явбал үер болдгоороо болж харин иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирсоор байх нь ээ. Эрсдэлтэй байршлуудаа нарийн тодорхойлж, хаана нь иргэд бууж болох, хаана нь болохгүйг тодорхой болгох шаардлагатай байгааг энэ бүх үйл явдал сануулж байна.
Үерт өртөж амь насаа алдсан иргэдийн ар гэрт нийслэлийн нөөц хөрөнгөөс хоёр өрөө байр, орон гэргүй болсон иргэдэд бүрэн тавилгатай гэр олгохоор болсон. Гэсэн ч энэ бүхэн эрдэнэт хүний амь насыг нөхөж баршгүй билээ.
МАШИНАА ДААТГАЛД ХАМРУУЛДАГ ШИГЭЭ ГЭР ОРНОО Ч МӨН ДААТГАЛД ХАМРУУЛАХ МИНЬ ЯАЛАА
Мөн үерт гэр орон, эд хөрөнгө, машин техникээ урсгаж хохирол амссан иргэдийн асуудал энэ өдрүүдэд яригдаж байгаа. “Машинаа даатгалд хамруулдаг шигээ гэр орноо ч мөн даатгалд хамруулах минь яалаа” гэж үерт гэр, байшингаа урсгаж, усанд автуулсан иргэд халаглаж сууна. Нийслэлийн зүгээс машин нь үерт өртсөн иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ гэдгээ зарласан бол аж ахуйн нэгжүүд тэдэнд хямдралтай үнээр үйлчлэх зэргээр аль болох нэгэндээ дэмтэй байхыг уриаллаа.
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд жолооч нар бүгд хамрагддаг ч тээврийн хэрэгслийн даатгалд хамрагддаг нь тун цөөн байдаг талаар даатгалын компаниуд учирладаг. Хэрэв тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсан бол байгалийн гамшигт өртөж тээврийн хэрэгсэлд ямар нэгэн гэмтэл учрахад хохирлоо барагдуулах боломжтой байдаг юм. Энэ тохиолдолд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг гэрээнд заасан хувиас хамаарч 1.5-100 хувь хүртэлх хувиар барагдуулдаг. Харамсалтай нь тухайн тээврийн хэрэгслийг банк болон банк бусаар дамжуулан авсан зэрэг тун цөөн жолооч л уг даатгалыг хийлгэдэг бусад тохиолдолд бараг хийлгэдэггүй гэнэ. Харин жолоочийн хариуцлагын даатгал нь бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд л үйлчлэх юм. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдаагүй бол үерт машин нь урссан, эвдэрсэн бол тухайн эзэмшигчийн хохь болоод үлдэх юм.
ҮЕРИЙН ДАЛАН БӨГЛӨРСӨНД ХЭН БУРУУТАЙ ГЭЖ
Нийслэлд болсон энэ үер бид аль аль талдаа урьдчилан сэргийлэлтэд бэлэн биш байгааг сануулж байна. Улаанбаатарт үерийн далан, суваг хангалттай байдаггүй, байгаа хэд нь хогоор дүүрч бөглөрч тагларчихсан байдгаас үер хүчээ авахад хүрээд байгаа. Геодизи усны барилга байгууламжийн газраас “үерийн далан сувгуудыг цэвэрлэдэг ч иргэд хогоо асгаснаас болоод удалгүй бөглөрчихөөд байна” гэх тайбалбарыг өгдөг. Тэгвэл ямар хугацааны давтамжтайгаар далан сувгийг цэцвэрлэдэг байх, хэрэв тэнд иргэд хог асгасан бол ямар хариуцлага тооцох зэргийг ч тодорхой болгох шаардлагатай байна.