Хорин минутын аадар бороонд сүйдэж дуусах хөөрхий хот минь
Ойрын өдрүүдэд хур бороотой өдрүүд үргэлжилсээр байна. Халуунд хайлчих шахам хөлсөө урсгаж байснаас сэрүү татаж, чийг үнэртүүлэн бороо орж байх нь сайхан.
Бага байхдаа “Бороо бороо ороосой Оросын маамуу ирээсэй” гэж дуулан тэнгэр өөд харан бороо дууддаг байсан сан. Гэтэл одоо юмс өөрчлөгджээ. Хувь хүний мэдрэмжээрээ бороо орохыг хүсэв ч, бороо орсны дараах эрсдэл нь хүсээд байхаар зүйл биш болж.
Жишээлбэл, хэдхэн хоногийн өмнө орсон хорин минутын аадар бороонд 61-ийн гарам орчимд үеэр бууж 20 гаруй айлын хашаанд ус түрэн орсон, гурван айлын гэр урссан, нэг саравч, 10 хашаа, явган хүний гүүр нурсан гэх мэдээлэл байна. Түүгээр ч зогсохгүй Улаанбаатар хотын хэмжээнд 2,000 гаруй айл үерийн эрсдэлтэй бүсэд суурьшиж буй аж. Хэзээ тэд хашаа гэртэйгээ үерийн усанд урсаж одохыг, аль эсвэл хэн нэгэн нь алтан амиа алдахыг мэдэхгүй юм.
Байгалын гамшиг бол хүний хүчин зүйлээс давсан хамгийн хүчтэй зүйл. Гэтэл бид аадар бороо, аянга цахилгааны эсрэг шашин шүтлэгтэй холбон элдэв зан үйл хийх нь илүүц биз. Харин нийслэлийн хэмжээнд ус зайлуулах хоолой, даланг стандартын дагуу барьж байгуулан ур ухаанаараа гарган бүтээн байгуулалт хийснээр эрсдэлээс хамгаалах боломжтойг олонх нь мэддэг атал гүйцэтгэгч нарын гарын салаагаар төсвийн мөнгө урссаар….
Энэ жилийн тухайд хотын автозамын засвар арчлалтын ажилд нийт 9.5 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Гэтэл хийсэн ажил нь бага насны хүүхдийн эвлүүлдэг тоглоом шиг далий, мурий, стандартын бус бүтээн байгуулалт байгааг та бид харж байна.
Далайд гарцгүй орон хэр нь үерт автаж иргэд нь хашаа гэртэйгээ урсаж, зассан зам нь хагарч цуурч, иргэд нь усанд сэлж сурахын наагуур ажил хичээлдээ явж байгаа нь харамсалтай.