Монгол Улсын төрийн албанд Сингапурын арга барилыг нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академи, Сингапурын Үндэсний Их Сургуулийн харьяа Ллойдс Бүртгэлийн Сангийн нэрэмжит Эрсдэл судлалын хүрээлэн (IPUR)-тэй хамтарч өнөөдөр “Их өгөгдөлд суурилсан бодлогын инновацийн лаборатори” төсөл хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эрчимтэй хэрэгжиж буй цахим шилжилтийн хүрээнд бодлогын шинжилгээнд технологийн шийдэл, их өгөгдөл ашиглах талаарх төрийн алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах хэрэгцээ нэмэгдэж байгаа билээ.
Энэ хэрэгцээг хангах, түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлагаар 2021 оны 8 дугаар сард байгуулсан Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс Сингапурын Үндэсний Их Сургуулиас Монгол улсын төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг боловсруулж, Удирдлагын академид санал болгосон бөгөөд талууд харилцан ойлголцолд хүрч, ийнхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхэд бэлэн болж байна.
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь сүүлийн жилүүдэд Сингапурт төдийгүй олон улсад ашиглагдаж буй их өгөгдөл, баримтад тулгуурласан дүн шинжилгээ хийх, иргэн төвтэй, иргэдийн зан үйлд тохирсон бодлого боловсруулах, оновчтой хэрэгжүүлэх зэрэг шинэлэг арга зүйг Монгол Улсын төрийн албанд таниулж нэвтрүүлэхэд оршино. Хөтөлбөрийн хүрээнд Сингапурын Үндэсний Их Сургуулийн харьяа Ли Куан Ю-гийн нэрэмжит Нийтийн бодлогын сургууль, Эрсдэл судлалын хүрээлэн зэрэг институциудын профессор, салбарын мэргэжилтнүүдтэй хамтран цахим технологи, их өгөгдөлд суурилсан бодлогын инновацийн арга зүйн талаар богино хугацааны сургалт зохион байгуулж, 6 сарын хугацаатай зөвлөх үйлчилгээг авах юм.
Монгол – Сингапур Улс хоорондын найрсаг харилцааны хүрээнд Сингапурын Үндэсний Их Сургуулийн санхүүжилттэйгээр зохион байгуулагдах уг хөтөлбөрийн элсэлт 2021 оны 10 дугаар сараас эхлэх бөгөөд Монгол Улсын төрийн албан хаагчид, төрийн үйлчилгээг цахимжуулахад оролцож буй талуудын төлөөлөл 300 гаруй оролцогчдыг урьж оролцуулах юм. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүсэх, оролцох хүсэлтээ илэрхийлэх болон бусад асуудлаар лавлах te******@nu*.sg хаягаар хандах боломжтой аж.