Есдүгээр сард хүүхдүүд хичээлдээ орох уу, хөл хорионд орох уу
Энэ сарын сүүлч, есдүгээр сарын эхэн үед халдварын тархалтын оргил үе таарна гэж албаныхан тооцоолж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэхүү халдварын оргил үе болоод буй есдүгээр сард сургууль, цэцэрлэг эхэлдэг уламжлалтай билээ. Хоёр жил хөл хорионд цахимаар хичээллэсэн сурагчдад хичээлийн хоцрогдлоос гадна нийгмийн харилцаа, хөгжил дутагдсан сэтгэл зүйн асуудлууд хүртэл үүсэх болсон. Ийм тул өмнөх алдаанаасаа суралцаж “ниргэсэн хойно нь хашхирах” бус 5-11 насны хүүхдүүдэд сайн дурын үндсэн дээр дархлаажуулах ажлыг энэ сарын 1-ний өдрөөс эхлүүлэх болсон. Гэтэл энэ арга нь тусыг эс олж эцэг эхчүүд вакцины хоруу чанарт санаа зовж, “хүүхдэдээ хор шахуулахгүй”, “хугацаа нь дууссан вакцин хүчээр тарьж байна” гэх мэт шүүмж иргэдийн дунд үүсээд буй.
Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл:
- 27.2 хувь нь 0-4 нас
- 44.6 хувь нь 5-11 нас
- 19.7 хувь нь 12-15 нас
- 8.4 хувь нь 16-17 нас байна.
Өөрөөр хэлбэл дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байгаа аж. Энэ дундаас 5-11 насны хүүхдүүд хамгийн их хувийг буюу 44.6 хувийг эзэлж байна.
Тэгвэл бид сар хүрэхгүй хугацаанд ямар арга хэмжээ авч ирэх есдүгээр сард сургууль, цэцэрлэг хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлэх бол…
Өнгөрсөн сард Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярыг хоёр жил өнжсөнөө нөхөж баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэсний ч уршиг байж болохоор үр дүн өнөөдөр гарч байгааг харж байна. Өдөртөө 20, 30 тохиолдол шинээр батлагддаг байсан бол өдгөө 200, 300 болж өслөө. Эндэлт ч гарч эхэллээ.
КОВИД-19-ийн халдварын дэгдэлтийг сааруулах, таслан зогсоох хамгийн үр дүнтэй арга бол вирус тархахаас урьдчилан сэргийлж, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих, маск зүүх, дотоод орчны агаар сэлгэлтийг сайтар хийх зэрэг зөвлөмжийг хүн бүрд өгч, байнга дагаж мөрдөх явдал юм.
Ингээд харвал хүн бүр дор бүрнээ хувийн ариун цэврийг сайтар сахин, эмх цэгцтэй байхад ирэх намрын хичээлд санаа зовох зүйлгүй мэт.
Боловсрол гэдэг ирээдүйд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Иймд танхимын хичээлийг тасалдуулж, завсардуулж боломгүй. Тиймээс халдвар хамгааллын дасал болсон хуучин дэглэмээ марталгүй үргэлжлүүлэн биелүүлэх хэрэгтэй болж байна. Есдүгээр сард хүүхдүүд хичээлдээ орох уу, хөл хорионд орох уу гэдэг нь та бидний үйлдлээс шалтгаалж болох юм.