|

М.Оюунчимэг: Сүрьеэ бүрэн эдгэрэх боломжтой ч эмчилгээ дутуу хийснээр насан туршийн өвчин үүсгэх эрсдэлтэй

Сүрьеэ өвчин нь дэлхий даяар нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг болоод буй. Харин 2014-2015 онд Монголд сүрьеэгийн тархалтын үндэсний судалгааг олон улсын байгууллага хийхэд тус судалгаагаар нийт хүн амын гуравны нэг орчим нь сүрьеэгийн далд халдвар авсан байх магадлалтай гэсэн тооцоолол гарчээ. Гэвч ихэнх халдвартай иргэд өөрийгөө өвдсөн гэдгийг мэдэлгүй, халдвар тараагч болдог байна. Бид энэ талаар ХӨСҮТ-ийн Олон эмэнд дасалттай сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тасгийн эрхлэгч М.Оюунчимэгтэй ярилцлаа. 

-СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР АВСАН 10 ХҮНИЙ НЭГЭНД НЬ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ, ЗОВУУРЬ ИЛЭРДЭГ-

-Сүрьеэ өвчин гэж юу вэ?

Сүрьеэ өвчин нь амьсгал, агаар дуслын замаар дамжин халдварладаг халдварт өвчин юм. Сүрьеэгийн нян ихэнх тохиолдолд уушгийг өвчлүүлдэг хэдий ч бөөр, яс, тархи, нүд зэрэг бүх эрхтэн тогтолцоог хамран гэмтээж болно. Сүрьеэгийн халдвар авсан ч идэвхтэй хэлбэрт шилжитлээ шинж тэмдэг илэрдэггүй ба энэ үеийг сүрьеэгийн далд халдвар /LTBI/ гэдэг.

-Сүрьеэгийн идэвхтэй хэлбэрт шилжсэн хүнд ямар шинж тэмдэг, зовуурь илэрдэг вэ?

Сүрьеэгээр өвчилсөн үед архаг ханиалгалт, халууралт, тодорхойгүй шалтгаанаар биеийн жин буурах, хүнд үед шөнө хөлрөх болон цустай ханиалгах шинж тэмдгүүд илэрдэг. Гэхдээ халдвар авсан хүн бүрд зовуурь шинж тэмдэг илэрдэггүй. Халдвар авсан ч бид нарын дархлаа сайн байх юм бол насан туршдаа өвдөхгүй байх боломжтой. Халдвартай 10 хүн байлаа гэхэд нэг хүнд нь л зовуурь, шинж тэмдэг илэрч өвддөг. Хэн дархлаа сул байна тэр хүн л өвдөх эрсдэл өндөр байдаг. Насанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь халдвар авсан байдаг учраас халдвар авсан эсэхийг тодорхойлох шаардлага бага гэж үздэг. Харин бага насны хүүхдийн тухайд заавал хянаж байх ёстой. Тиймээс арьсны туберкулины сорил /мантуугийн сорил/ хийж тодорхойлдог. 

-ЭМЭНД ДАСАЛ БОЛСОН СҮРЬЕЭГИЙН ЭМЧИЛГЭЭ НЭГ ХҮНИЙ 27-33 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ ХИЙГДДЭГ-

-Гэр бүлийн нэг гишүүн сүрьеэгийн халдвараар өвдсөн бол бусад гишүүд ч бас халдвар авдаг уу?

-Тийм ээ. Сүрьеэ амьсгалын замын халдварт өвчин болохоор гэр бүлийн бүх гишүүдэд халддаг. Жишээ нь би халдвар аваад мэдсэн бол бусад гишүүдэд шинж тэмдэг илрээгүй ч эм ууж урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тиймээс гэр бүлийн нэг гишүүн сүрьеэгээр өвдсөн бол бусад гишүүд 5 жилийн хугацаанд эмчийн хяналтад байх ёстой. Жилд заавал 1-2 удаа үзлэгт хамрагддаг.

-Хэрэв сүрьеэгийн халдвараар өвдсөн бол хэдий хэр хугацаанд, ямар эмчилгээ хийгддэг вэ?

-Өмнө нь дор хаяж 24 сар эмчилгээ хийдэг байсан бол одоо дээд тал нь 12-18 сар эмчилгээ хийдэг болсон. Гэхдээ маш олон эм ууна. Тухайн хүний биеийн жинд нь харьцуулаад уух эмийн тоо тунгийн хэмжээ өөр байдаг. Мөн эмэнд тэсвэртэй сүрьеэ гэж бий. Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй иргэн өдөрт дунджаар 20 гаруй эм уудаг. Эмчилгээний зардлын тухайд 8-10 мянган ам доллар буюу 27-33 сая төгрөгийн өртөгтэй учраас хувь хүн өөрөө эмчилгээний зардлаа төлөхөд хүндрэлтэй. Тиймээс эмчилгээний зардлын 10-20 хувийг улс даадаг. Үлдсэн хувийг ОУ-ын “Global” сангаас санхүүжүүлдэг.

-СҮРЬЕЭ БҮРЭН ЭДГЭРДЭГ Ч ЭМЧИЛГЭЭ ДУТУУ ХИЙГДВЭЛ НАСАН ТУРШИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ-

-Сүрьеэгийн халдвартай гэдгээ мэдээд эмчилгээний төлбөрөө хөнгөлүүлсэн ч бусад шалтгаанаас болоод эмчилгээгээ тасалдаг өвчтөн байдаг уу?

-Сүрьеэгийн эмчилгээ нь урт хугацаанд хийгдэхээс гадна өдөрт маш их эм уудаг учраас хүн сүүлдээ залхдаг. Эмчилгээ хийлгэхдээ эмнэлэгт жил гаруйн хугацаанд байна гэдэг хэцүү шүү дээ. Бас дээр нь сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгааг нь ойр тойрныхон нь мэдээд гадуурхах хандлага байдаг учраас халдвар авсан иргэн сэтгэл зүйн асуудалтай байдаг. Энэ мэт шалтгаануудаас үүдэн нийт эмчлүүлж буй иргэдийн 10-20 хувь нь эмчилгээг урт хугацаанд тасалсан гэх судалгаа бий.

Урт хугацаанд эмчилгээгээ таслахгүй юмаа гэхэд өдөрт уух эмээ дутуу уух, огт уухгүй байх тохиолдол гарна. Өдөрт уух эмээ тун, тоогоор нь тогтмол уух ёстой. Тэгэхгүй бол үхэж байсан сүрьеэгийн нянгууд буцаж идэвхжээд эмийн үйлчилгээний дасал болж эхэлдэг. Эмийн үйлчилгээний дасал болсон сүрьеэ насан туршийн эрүүл мэндийн асуудал үүсгэх эрсдэлтэй. 

Мөн халдвартай иргэн эмчилгээгээ дутуу хийлгээд эмнэлгээс гарах юм бол бусдад сүрьеэгийн халдвар тараадаг. Тиймээс та өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө эмчилгээг ном журмаар нь хийлгэх хэрэгтэй.

-Сүрьеэгийн далд хэлбэрт буюу шинж тэмдэг илрээгүй үед өөрийгөө сүрьеэгийн халдвар авсан гэдгээ мэдэлгүй явж байгаад өөр өвчний оношоор эмнэлэгт хандаад давхар сүрьеэгийн халдвартай гэдгээ мэдээд эмчилгээ хийлгэх тохиолдол байдаг уу?

-Зарим иргэд юу нь мэдэгдэхгүй өвдөөд байгаа үед эмч нар сүрьеэгийн шинжилгээ өгөхийг зөвлөдөг. ХӨСҮТ-ээс бүх аймаг, дүүргийн эмнэлгийн эмч нарт зөвлөгөө өгдөг учир тэд нар сэжигтэй гэсэн тохиолдолдоо ялган оношилгоо хийгээд, өвчтөнийг шилжүүлдэг. 

-Сүрьеэгийн халдвар авсан гэдгээ мэдэхийн тулд ямар шинжилгээ өгөх хэрэгтэй вэ?

Х‎эрэв та сүрье‎‎эгийн халдвартай өвчтөнтэй хамт байсан, ХДХВ-ийн халдвартай э‎свэл сүрьеэгээр өвчлөх ‎эрсдэл бүхий нөхцөл байдалд байгаа бол өөрөөр хэлбэл өөрийгөө сүрье‎эгээр өвчилсөн байж болзошгүй гэж бодож буй бол дараах шинжилгээнүүдийг өгөх хэрэгтэй.

Шинжилгээний тухайд: 

  • Цээжний рентген зураг
  • Туберкулины сорил
  • Цэрний шинжилгээг өгдөг. Сүрьеэгийн шинжилгээний хариу 2 цагийн дотор гардаг. Гэхдээ ачаалал их байгаа учраас 24 цагийн дотор гарч байгаа.

-СҮРЬЕЭ БҮРЭН ЭДГЭРЭХ ЭСЭХ НЬ 100 ХУВЬ ТУХАЙН ХҮНИЙ ХАРИУЦЛАГААС ШАЛТГААЛДАГ-

-Эмчилгээгээ хугацаандаа хийлгээд бүрэн эдгээр гарсан хүн дахиж сүрьеэгийн халдвараар өвддөг үү? Эсвэл өвчин нь дахин дахин сэдэрдэг үү?

-Бүрэн эмчлэгдсэн ч гэсэн дахиад өвдөхгүй, сэдрэхгүй гэсэн баталгаа байхгүй. Яагаад гэвэл амьсгалын замын халдварт өвчин учраас дахин дахин өвдөж болно. Ковидоор төсөөлөөд үзэхэд вакцины 2, 3 тунтай ч хэдэн ч удаа халдвар авч байна шүү дээ. Түүн шиг сүрьеэ ч мөн адил дахин халдварлах боломжтой. Гэхдээ хувь хүн өөртөө анхааралтай байгаад сайн хооллоод, унтаж амраад дархлаагаа дэмжээд байвал хамгаалах боломжтой. 

-Сүрьеэгийн халдвар аль улиралд илүү идэвхэждэг вэ?

-Аливаа нэг өвчин дархлаа сулрахад үүсэж, сэдэрдэг. Ялангуяа хавар улирал солигдох үед улам идэвхэждэг. Мөн өвөл хүйтний эрч ороход хүмүүс агаар салхинд гарч чаддаггүйтэй холбоотойгоор дархлаа суларч эмзэг болдог байх. 

-Сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой юу?

-Боломжтой. Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх аргыг 3 ангилдаг. Үүнд:

  1. Өвөрмөц урьдчилан сэргийлэлт
  2. Халдвараас урьчдилан сэргийлэлт
  3. Сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэлт

Өвөрмөц урьдчилан сэргийлэлт гэдэг нь вакцинжуулалт юм. Вакцин хийлгэснээр зуун хувь өвдөхгүй гэсэн үг биш бөгөөд хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчлөхөөс сэргийлдэг гэж ойлгоно. Сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэх гэдэг нь уушгины сүрьеэтэй буюу цэрний түрхцийн шинжилгээ эерэг халдвартай хүнийг эрт оношилж, бүрэн төгс эмчилж халдвар тараахаас сэргийлэх арга юм.Сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх нь нянгийн идэвхжилээс сэргийлж чанартай хоол хүнс хэрэглэх, ажил амралтаа зөв зохицуулах, дасгал хөдөлгөөн хийх, байгаа тасалгаандаа 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх, хорт зуршлаас ангид байх,  байгалийн дархлаагаа сайн байлгах тухай ойлголт юмаа.Ингэж чадвал сүрьеэгээр өвчлөхгүй байх бүрэн боломжтой.

-Зөвлөгөө мэдээлэл өгсөнд баярлалаа. 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *