Б.Бямбадорж : Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цоо шинэ загвараар явуулна
Бид энэ удаа Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой уулзаж цаг үеийн асуудал хийгээд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явц, өөрчлөлт, ирэх жилүүдэд хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийнх нь талаар ярилцлаа.
Ярилцлагынхаа өмнө онцлон хэлэхэд, тэд анагаах ухааны хөгжилд суурилсан олон томоохон өөрчлөлтүүдийг хийхээр зорьж байгаа аж.
-Бүтэн нэг жилийн ажлаа дүгнэн тайлагнах гээд цаг зав муутай өдрүүд үргэлжилж байгаа байх. Тиймээс юун түрүүнд ярилцлага өгч байгаад талархлаа илэрхийлмээр байна.
-Та бүхэнд ч бас зорьж ирж ярилцлага авч байгаад талархая.
-Тэгэхээр Нийслэлийн эрүүл мэндийн газарт сүүлийн үед хийгдэж буй шинэчлэл, өөрчлөлтүүдийн талаарх асуудлаар яриагаа эхэлье гэж бодож байна. Танай байгууллагын бүтэц үйл ажиллагаанд нилээдгүй өөрчлөлтүүд ороод байгаа шүү дээ. Энэ талаар та манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
-Тэгэлгүй яахав. Тэгэхээр одоо манай салбарт 2, 3 эрхзүйн орчин нилээн өөрчлөгдөж байгаа. Нэгдүгээрт нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 онд Улсын их хурлаар батлагдаад 2022 оны 1-р сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм. Мөн 2021 онд бүх эрүүл мэндийн байгууллагууд нэг худалдан авалтын тогтолцоонд орж гүйцэтгэлээр санхүүждэг болсныг энд сануулах нь зүйтэй. Хамгийн гол нь энэ хоёр зүйл байгаа. Түүний дараа гурав дахь нь бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ч гэсэн орсон нэг юм нь юу вэ гэвэл нийгмийн эрүүл мэндийн бодлогыг нэн тэргүүнд тавьсан. Тэр нь юу гэхээр иргэддээ хүрсэн эрүүл мэндийн боловсрол олгох, зөв зан үйлийг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх анагаах ухааныг хөгжүүлэх талын асуудлыг хөндөж тавьсан байгаа юм. Тэгэхээр эдгээр зүйлүүдээс шууд хамаараад Нийслэлийн эрүүл мэндийн газар стратеги төлөвлөгөөгөө шинэчилж байна.
Тэр нь юу вэ гэхээр Нийслэлийн эрүүл мэндийн газар өмнө нь зөвхөн харьяа 29 байгууллагынхаа толгой компанийн зарчмаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагыг л үйл ажиллагаагааг явуулахад нь дэмжин туслах, арга зүйгээр хангах ажлыг түлхүү явуулахын зэрэгцээ төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэгч агентлаг маягтай ажиллаж байсан.
Тэгэхээр одоо манай шинэ стратегиэр бид Нийслэлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэ платформ гэдэг шинэ зорилт, концептийг дэвшүүлэн тавьж байгаа. Ингэснээр юу яригдаж байна гэвэл нэгдүгээрт нь энэ 21-р зуунд бүх зүйл цахим шилжилтэнд орж байна.
Өөрөөр хэлбэл харилцаа холбоо, зохион байгуулалтын шийдэл, технологийн шинэчлэл гээд бүх зүйлийг мэдээллийн технологийн ололт дээр тулгуурлан хийж байна. Мөн дээрээс нь хүн төвтэй үйлчилгээг бий болгох, иргэндээ хүрсэн тусламж үйлчилгээний шинэ загварыг бид дэвшүүлэн тавьсан.
Ингэснээрээ бид нэгдүгээрт нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шинээр, бүр цоо шинэ загвараар бий болгох зорилтыг тавьж байгаа юм. Тэгэхээр 2022 оны 1-р сарын 1-нээс мөрдөгдөх хуулиар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэд хэдэн нааштай талууд тусгагдсан байна. Тухайлбал, нэгдүгээрт нь нэг иргэний санхүүжилт хоёр дахин нэмэгдсэн. Тэгэхээр өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр санхүүжилтийн нилээн том шинэчлэл хийгдэж байна. Тэр өрхийн эрүүл мэндийн төв бол хамгийн нэгдүгээрт нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түлхүү буюу 70-80 хувиар илүү хэрэгжүүлдэг газар. Иргэдийг эрүүл аж төрөхөд сургах, эрүүл мэндийн боловсрол олгох, зөв зан үйлд сургах, дадуулах, буруу дадлаас нь сэргийлэх, хэрвээ өвчилсөн бол тэр өвдсөн хүмүүсийн амьдралын чанарыг баталгаатай байлгах үүднээс зөв хяналтыг тогтоох шаардлагатай. Тэгэхээр
Нийслэлийн эрүүл мэндийн газраас эхлүүлсэн Цахим шилжилт хөтөлбөрийнхөө хүрээнд зөв хяналтыг тогтоох, эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг энэ бүх ажиллагаан дээр мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх гэж байгаа юм.
Ингэснээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас авахуулаад өрхийн эмнэлгүүд, тосгоны эмнэлгүүд, дээрээс нь дүүргийн эрүүл мэндийн төвүүд, хэвтүүлэн эмчилдэг эмнэлгүүд гээд бүгдээрээ хоорондоо мэдээллээ солилцдог байх, давхардсан үйл ажиллагаа явуулахгүй байх, шинжилгээ оношилгооныхоо материалуудыг хоорондоо солилцох гээд олон давуу чанарууд байна.
Түүнээс гадна цаг товлох, дээрээс нь телемедициний үйлчилгээг ашиглаад телемедициний төхөөрөмжөөр архаг суурь өвчтэй хүмүүс эмчдээ зайнаас хянуулах боломжтой болно. Ингэснээрээ жилдээ 8, 9 удаа эмнэлэгт хэвтдэг хүн 2-3 удаа хэвтэн эмчлүүлэх, үүнийг дагаад эдийн засгийн хэмнэлттэй байх, нөгөө талаар өвчний хяналт сайжрах, архаг суурь өвчтэй хүмүүсийн амьдралын чанар сайжрах гээд олон талын ололтууд бий болно.
Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газар шинэ платформынхоо хүрээнд Хүн төвтэй үйлчилгээг сайжруулъя, Иргэндээ хүрсэн тусламж үйлчилгээг сайжруулъя гэсэн зорилт тавьж байгаа. Тэгснээрээ нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг өмчлөлийн хэлбэрээс үл хамааран хувийн болон төрийн хэвшлийн бүх эрүүл мэндийн байгууллагуудтай нийслэлийн иргэнд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нь сайжруулах, чанарыг нь нэмэгдүүлэх зорилт тавигдаж байгаа. Тэгэхээр Нийслэлийн эрүүл мэндийн газар бол зөвхөн 29 харьяа байгууллагаараа биш нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаан дээр уялдуулсан зохион байгуулалтын менежмент арга зүйгээр хангасан ийм ажлыг хийх болж байгаа юм. Ингэснээрээ иргэн Дулмаад хүрэх эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ жигд хүртээмжтэй байх, хэнийг ч орхигдуулахгүй байх, нэг иргэнийг ч орхигдуулахгүй байх зарчим биелэх бололцоо нээгдэж байгаа. Энэ болгонд л бид нар үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
Дараагийн дугаарт бол нэгэнт эмнэлгийн тусламж үйлчилгээ авлаа гэхэд тэр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүд маань тоног төхөөрөмжөөрөө хангагдах, хүний нөөцийнхөө чадварыг сайжруулах, аль болох өөрийнхөө бүс нутаг, тойргынхоо хүн амдаа яаж эмнэлгийн тусламжийг нь чирэгдэлгүйгээр хүргэх вэ гэдэг асуудлыг тавиад байгаа юм. Ингэснээрээ тухайлбал дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр зарим нарийн мэргэжлийн кабинет байдаггүй, тухайлбал дуран хийж байтал дурангийн эмч нь чөлөө авчих юм бол тэр дурангийн кабинет хаагдчихдаг гээд асуудлууд байдаг.
Тэгэхээр бид гүйцэтгэлийн санхүүжилтэнд орсноороо тухайн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд эрэлт ихтэй кабинетүүдээ олноор нь ажиллуулах, зарим кабинетүүдээ цоожилчихдог бол тийм биш, өдөр тутмын үйл ажиллагааг нь хангах ийм менежментэд өөрийн эрхгүй орохоос өөр аргагүй болж байгаа юм. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг зөвхөн төрийн өмчийн байгууллагуудаар төсөөлдөг байдал арилж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн тойргийн, тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд мөн энэ үйл ажиллагаанаас хуваалцах боломж бүрдэж байна.
Тэгснээрээ бид ямар критериа гаргах вэ гэвэл, тухайлбал Баянгол дүүрэг дээр Баянгол дүүргийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд “Номун” эмнэлэг мэс заслынх нь хувьд, эсвэл ходоодны дурангийнхаа хувьд тэр нийт үйлчилгээний хэдэн хувийг эзэлдэг вэ, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв хэдэн хувийг нь эзэлдэг юм, Тухайн тойрогт үйл ажиллагаа явуулдаг бусад хувийн хэвшлийн томоохон эмнэлгүүдийн оролцоо ямар байна вэ гэдгийг бид нар хангаж ажиллах, тэнцүүлэх бололцоо нээгдэж байгаа.
Энэ бол хүртээмжийг нь нэмэгдүүлж байна гэсэн үг. Нөгөө талаар нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, эмийн сангууд, өрхийн эрүүл мэндийн төв, дээрээс нь хүүхэд хамгааллын болон халамжийн төвүүд гээд салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулсан цогц хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэг иргэнийг эрүүл мэндээ хамгаалахад нь, эрүүл мэндээ эрсдлээс сэргийлэхэд нь бүх талын оролцоогоор хангаад нэг хүнд жилдээ 7-8 удаа давталттайгаар тэр менежментийн үр дүн хүрч байх зохицуулалтыг бид хийж ажиллана. Ингэснээрээ тухай иргэн эрүүл мэндийн эрсдлээс хамгаалагдах, зөв зан үйлд суралцах, зөв дадалд суралцах замаар өөрийгөө болон хамт олноо эрсдлээс хамгаалах, эрүүл зан үйл төлөвших боломж нээгдэж байгаа юм. Ийм чиглэлээр бид нар үйл ажиллагаагаа явуулахаар ажиллаж байна.
Дараагийн дугаарт нь Найрсаг үйлчилгээ гэдэг асуудал байна. Эрүүл мэндийн байгууллага бол үйлчилгээний байгууллага. Үйлчилгээний байгууллага ирсэн үйлчлүүлэгчээ таатай байлгахын тулд үйлчилгээний соёлыг суралцах зайлшгүй шаардлагатай. Тэртээ тэргүй шинэ зууны технологи нэвтрүүлээд ирэх, дээрээс нь гүйцэтгэлийн санхүүжилт яваад ирэхээр хэн хамгийн сайн технологитой байна, хэн хамгийн шилдэг сайн мэргэжилтэнтэй байна вэ? Тэрийг дагаж л хүмүүс ирнэ. Энэ хоёрын дараагаар бол мэдээж орчин, үйлчилгээний соёл хоёрыг сайжруулж чадсан бол тэнд хүмүүс илүү их үйлчлүүлэх боломж нээгддэг.
Нөгөө талаар тухайлсан нэг тойргийн иргэд хаа байсан нөгөө дүүрэг рүү яваад байдаггүй. Бараг л тэр тойрогтоо байж байгаад тэр бүс нутагтаа байгаа эрүүл мэндийн байгууллагад л ихэнх нь үзүүлж үйлчлүүлэх эрмэлзэлтэй байдаг. Гэтэл энэ Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийн нэг шалтгаан нь эмнэлэг эмнэлгүүд рүү явсан, нэг эмчээс нөгөө эмч рүү явсан иргэдийн хөдөлгөөн юм шүү дээ. Тэгэхээр бид тухайн бүс нутгийн иргэдэд нь хүрсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтраад үзүүлэх бололцоог хангах, чанарыг түвшинг нь үнэлэх, тэгснээрээ төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах, төрийн бус байгууллагууд өөрсдөө эргээд эмч нарынхаа харилцаа, хандлага, лиценз, ур чадварыг нь нэмэгдүүлэх тал дээр анхаардаг оролцоог нь хангах, чанарын түвшингээ бас тодорхойлдог боломж нээгдэж байгаа юм.
Жишээ нь өнөөдөр гэхэд шүдний чиглэлийн эмнэлгүүд бүгд хувьд гараад 30-аад жил болж байна. Гэтэл эмнэлэг болгон өөрсдөө чадлынхаа хэмжээнд чанарынхаа бодлогыг хийгээд явж байдаг. Гэтэл яг тэр дунд нь зангидаад “А” эмнэлэг, “Б” эмнэлэг хоёр хоорондоо чанарын түвшин нь ямар юм бэ гэдгийг тодорхойлж бид нар нийтэд зарлаж чадахгүй яваад байдаг. Уг нь магадлан итгэмжлэл гэдгээрээ бид нар хийж байгаа боловч зарим тал дээр хүмүүст ойлгомжгүй байдлууд их байгаа. Тэгэхээр тэрийг бид нар төрийн бус байгууллагуудтайгаа, нийгэмлэг холбоодтой нийлээд Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулалтын сонгодог загварын менежментийг хийгээд ирэх юм бол нийтэд ойлгомжтой байдал үүсэх байх.
Ингээд эцэст нь үйл ажиллагаагаа нийтэд ил тод болгох, хариуцлагатай болгох, хүртээмжийг нь нэмэгдүүлэх чиглэлд бид бас ажиллаж байна. Тэгэхээр бүх юмыг бид нар цахим технологи дээр тулгуурлаж хийж байна. Хуучин бол цахим технологийг зөвхөн төрийн захиргааны дотоод үйл ажиллагааны, эсвэл өргөдөл гомдлыг шийдвэрлэх, захиргааны арга хэмжээ гэх мэт зүйлүүдээ нийтэд мэдээлэх хэмжээнд хэрэглэж байсан бол өнөөдөр бид нар энэ цахим технологийг иргэний өөрийнх нь яг гарт нь, гэрт нь аваачих гэж байна. Ингэснээрээ юу гэвэл эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний технологиуд, мөн захиргааны хэм хэмжээний үйлчилгээнүүд гээд бүгдээрээ цогцоороо очихоор иргэнд яг цахим технологи үйлчилгээ хүрэх, бодитоор мэдрэгдэх ийм боломж нээгдэх юм. Тэгэхээр энэ чиглэл дээр бид цахим шилжилт гэсэн хөтөлбөрийг хийгээд ажиллаж байгаа. Ингэснээр тодорхой үр дүн гарах байх гэж бодож байгаа.
-Бодлогын хувьд бол маш том том ажлуудыг зорьчихсон байна гэж ойлголоо. Үүнтэй уялдуулан ямар ямар зорилт тавьж байгаа вэ?
-Тийм ээ. Найрсаг үйлчилгээ гэдэг дээр бид бас арай нэг өөр шигтшээ гэх юм уу шийдлийг хийж байна л даа. Тэр нь юу гэвэл эрүүл мэндийн байгууллагуудын яг угтах үйлчилгээнээс эхлээд хүнтэй хамгийн түрүүлж нүүр тулж уулздаг ажлын байрууд байна. Цаг бүртгэл, яаралтай тусламжийн хүлээн авах гэх зэрэг өвчтөн ороод ирэхээр хамгийн түрүүнд угтаж аваад уулздаг тэр ажлын байрууд дээр ажилладаг хүмүүсээ хөгжүүлээд тусад нь нийтийн байранд орон сууцаар хангаад, тэнд нь байгууллагаас нь хөнгөлттэй нөхцөл бүрдүүлж байлгаад нийгмийн стресснээс хол гэртээ ч, ажил дээрээ ч үйлчилгээний стандартаар харьцдаг тийм нөхцлийг бүрдүүлэх нэг арга зам байна. Тэгэхгүй бол ажил дээрээ сурсан нэг юмаа гэртээ очоод мартчихдаг, тэгээд буцаж ажил дээрээ ирэхээрээ гэрийнхээ асуудлуудаас үүдсэн стрессээ гаргаад байдаг асуудал байна. Тэгэхээр тэгж нөхцлийг нь бүрдүүлээд 2 жил орчим болж байж тухайн хүнд яг хэвшил болно. Нэгэнт хэвшсэн хүн бол тэр ажлын байран дээрээ яг тэр стандартаараа ажиллана. Улмаар нэг хүн биш, нижгээд олон хүмүүс яг тэр стандартаараа хэвшчих юм бол байгууллагын соёл тэр аяараа өөрчлөгдөн төлөвшинө. Тэгэхгүй бол манайхан чинь нэг сар юм уу 45 хоногийн курсээр гадаадад явуулаад ирэхээр ирсэн дороо яг Солонгосчуудынхаа хандлагаар байгаад байдаг, тэгээд ердөө 3 долоо хоногийн дараа гэхэд тэр сурсан юмаа мартчихдаг. Тэгээд л нөгөө бид нарын хөдөлмөр байхгүй болчихно. Тэгэхээр бид багаар нь, нэг ажлын байран дээр байгаа хүмүүсийг хамтад нь байлгаж байрлаж амьдрах нөхцлийг нь бүрдүүлээд амьдралын орчин нөхцлийг нь тийм байдлаар шийдчих юм бол эргээд нөгөө хүн чинь ажил дээрээ очино. Тэгээд тэр дадлыг хүнээс өөрөөс нь салахааргүй болгоод суулгачихвал үр дүн нь иргэдэд хүрнэ, улмаар байгууллагын соёл шал өөр болно гэж үзээд байна. Бид нар энэ үйл ажиллагаануудыг олон жилийн туршлага, олон жилийн сургалт, урьд нь хийж байсан ажлуудын ололт амжилтуудаасаа нэгтгээд хийж байгаа.
Хамгийн гол нь бид юуг ч шинээр зохиогоогүй. Харин Нийслэлд, энэ Улаанбаатарт, Монголчуудад маань иймэрхүү маягаар хийвэл зүгээр юм уу гэсэн ийм шигтгээ, загвар, шийдлийг л бид нар олж харсан учраас энийгээ хэрэгжүүлэхээр нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан маань өөрийн эрхэм зорилго, алсын хараа, уриагаа томъёолоод ажилдаа орсон. Тэгээд бид Хошуучлагчид байя гэж байгаа юм.
Хошуучлагч гэдэг бол хоёрдугаар байр биш шүү. Анхдагч, манлайлагч хоёртой зуузай холбоод шинийг санаачилсан хошуулчагдчид байя гэсэн зорилготой л байдаг. Нийслэлийн эрүүл мэндийн салбарт шинэчлэл гарах юм бол тэр нь эргээд хойтон жил нь үндэсний хэмжээнд, улс орны хэмжээнд нэвтрээд сайн жишиг болоод явчихдаг, сайн үлгэр дууриал болж чаддаг ийм онцлогтой. Нийслэл асуудлаа шийдэж чадвал улсын хэмжээнд асуудал шийдэгдэх гарц болно гэсэн үг.
За мөн түүний дараа нь Нийслэлийнхээ иргэдийн дундаж наслалтыг 90 болгоё гэсэн том амбицтай явж байгаа.
Өөрөөр хэлбэл 2000 оноос хойш төрсөн иргэдийн дундаж наслалтыг 90 болгох бололцоо байна. Бид зохион байгуулалтаа хийгээд иргэдтэйгээ хамтарч ажиллаж чадах юм бол ийм боломж харагдаж байна. Ингэхийн тулд эхний алхам нь бол эрүүл мэндийг дэмжих төвийг Монгол улсын Улаанбаатар хотын хэмжээнд сүлжээ маягаар байгуулах юм. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл бид нар жил болгон автомашинаа оношилгоонд оруулаад болоод байдаг хэрнээ иргэн өөрийнхөө эрүүл мэндийн үнэлгээг хийлгэж чадахгүй яваад байна. Тэгэхээр бид одоо жишээ нь энэ 21-р зуунд жил болгон урьдчилан сэргийлэх үзлэгийг дуран, компьютер, MRI шинжилгээг оролцуулаад шинжлүүлж байж л үр дүнд хүрнэ. Түүнээс биш энэ технологи орохгүйгээр хүн 90 насална гэж байхгүй. Тэгэхээр энэ цаг үед бол өвчнийг оношилдог энэ оношилгооны аппарат төхөөрөмжүүд өөрсдөө эргээд урьдчилан сэргийлэх анагаах ухаанд ашиглагддаг болчихсон. Дэлхийн анагаах ухаанд энэ нэвтэрчихсэн. Тэгэхээр энийг бид нар нийслэлд нутагшуулах, өдөр тутмын хэрэглээ болгох, энэ талын технологийн нутагшуулалтыг амьдралын хэв маяг болгох тал дээр анхаарч ажиллана. Тэгэхээр энэ талаар бид УИХ, Засгийн газар, тэр дундаа Эрүүл мэндийн яам төдийгүй нийслэлийн түвшинд ч нэгдсэн нэг байр сууринд хүрсэн.
-Нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа эмнэлгүүддээ Брэндингийн (Branding) ажил хийж байгаа гэж дуулсан. Та тэр талаар та юу хэлэх бол?
-Алсын хараа, эрхэм зорилго, уриа гэдэг чинь бүгдээрээ яг энэ дээр зангидагдах ёстой зүйл л дээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын даргаас авахуулаад ажилтан нь хүртэл бүгдээрээ яг энэ нийслэлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стратегийг л хүлээн зөвшөөрч энэ уриа алсын харааг жанжин шугам болгож ажиллах ёстой. Энэнд танай байгууллага яаж оролцох юм гэдэг л асуудлыг л тавьж байгаа. Тэрнээс биш энэ бол зүгээр нэг уриа лоозон биш.
-Тэгэхээр энэ нь хувийн эмнэлгүүдэд ч гэсэн хамаатай гэсэн үг үү?
-Хамаарна. Яг ижил бодлого гэдэг чинь тэр байхгүй юу. Тэр том бодлого стратегийг хэрэгжүүлэхэд тухайн эрүүл мэндийн байгууллага яаж оролцох юм, тэр зах зээл дээр хэдэн хувийн оролцоог нь хангах вэ гэдэг нь тухайн байгууллагын өөрийнх нь менежментийн асуудал. Бид нар бол тэрийг арга зүйгээр хангаад, хамгийн гол нь хүн төвтэй, иргэнд хүрсэн тусламж үйлчилгээг л хүргэе гэж байгаа юм.
-Цахим шилжилтийн ажлын хүрээнд иргэд E-Mongolia платформыг ашиглаад эмнэлэгт үйлчлүүлэх цагаа гар утсаараа дамжуулан авах боломжтой болсон шүү дээ. Энэ ажил ер нь хэр үр дүнтэй байна. Ажлын үйл явц хэр байна вэ?
-Цахим системээр дамжуулан иргэд эмнэлгийн цаг авах боломж аль хэдийн бүрдсэн хэдий ч одоо бидэнд тулгараад байгаа ганц асуудал нь иргэдээ хөгжүүлэх асуудал байна. Учир нь иргэд энэ өөрчлөлтүүдийг хэрэглээндээ нэвтрүүлж чадахгүй байна. Энэ үйл явц асар удаашралтай байгаа. Тэгэхээр бид ч гэсэн хаана хаанаа анхаарч иргэдээ хөгжүүлэх тал дээр ажиллаж эхэлсэн. Түүнээс гадна энэ телемедицин гэж ярьж байна тийм үү? Өвчтөн гэртээ сууж байгаад даралтаа үзэхэд тэр мэдээлэл нь эмчийнх нь компьютер дээр шууд гараад ирдэг, эсвэл 10 хоногийн дундаж даралтынх нь мэдээллийг эмч нь байнга харж хянаж байгаа учраас өвчтөн заавал эмнэлэг дээр очоод байхгүй эмч нь зөвөлгөөгөө тогтмол өгөөд харилцаад явах боломжтой. Ингэхээр эмнэлгийн ачаалал, иргэдэд учрах чирэгдэл хүртэл багасах давуу талтай. Тэгэхээр манайд энэ технологиуд нь байна.
Хамгийн гол нь манай эмч нар, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд үүнийг мэдрэх хэрэгтэй. Мэдрэх гэдэг нь энэ технологийг ашигласнаар ямар давуу талууд гарч байна гэдгийг бодитоор ойлгохыг хэлээд байгаа юм. Хоёрдугаарт нь иргэд маань цахим боловсролоо сайжруулах хэрэгтэй. Иргэд бүгд ухаалаг утастай мөртлөө түүнийхээ хэргийг нарийн сайн гаргаж амьдралынхаа чухал хэрэглээтэй холбох чадвар дутмаг байна.
Тийм тийм асуудлуудаас болоод бид энэ ажлаа системтэй нэвтрүүлэх стратегийг боловсруулсан. Жишээ нь энэ шилжилтээ ухаалаг утсыг хамгийн сайн хэрэглэх боломжтой сегментүүд ихтэй дүүргээсээ эхэлье гэдэг ч юм уу. Одоогоор бид судалгааныхаа үр дүнд Баянгол дүүргийг хамгийн эхний загвар дүүрэг болгож энэ ажлаа нэвтрүүлэх, улмаар үйл ажиллагааны арга хэрэгслээ улам нарийн болгож бусад дүүргүүддээ аль болох хурдан нэвтрүүлэх ажлуудыг төлөвлөөд байгаа.
Бид энэ ажлынхаа эхлэл болгож Ковидын үеийн тусламж үйлчилгээнд ашиглахаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр тулгуурлаад Хан-Уул дүүргийн зарим хороодууд дээр телемедицинийхээ үйлчилгээг загвар болгоод явж байна. Энэ өөрөө шинэ зүйл учраас иргэдийн хэрэглээнд шууд нэвтрүүлэхэд зайлшгүй хугацаа шаардагддаг ажил юм.
– Хан-Уул дүүрэгт Телемедициний үйлчилгээг загвар байдлаар нэвтрүүлж эхэлсэн гэж та ярилаа. Энэ ажлын үр дүн ер нь хэр байна вэ? Иргэд хэрхэн хүлээж авч байна?
-Хамгийн гол нь хоорондын уялдаа чухал байгаад байна. Иргэд бол нааштай байгаа. Гол нь дунд нь манай өрхийн эмнэлгийн эмч, удирдлагууд маань хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Зарим нэгэн дүрэм журам нь одоохондоо төгс болоогүй байгаа. Тухайлбал, телемедициний технологиор зайнаас хянагдсан хүнд эрүүл мэндийн даатгалаас орох санхүүжилт ямар байх нь одоо болтол шийдэгдээгүй байна. Тэгэхээр тэрийг бид энэ туршилт буюу төслөөрөө хэдэн төгрөгийн зардал гарч байна, ийм үр дүн гарч байна гэдгийг нарийн гаргаад даатгалын ерөнхий зөвлөл, эрүүл мэндийн яамандаа саналаа боловсруулаад тавих ёстой гэх мэт өөр янз бүрийн дүрэм журам, эрх зүйн орчин, урьдчилж хийгдэх ажлууд байгаа. Гэхдээ энэ ажил алхам алхмаар урагшилж л байна. Бид нар энийг угаасаа хийхээс өөр аргагүй. Хийх л ёстой зүйл шүү дээ. Одоогоор бүх программ хангамж, зөвшөөрлүүд нь ирчихсэн байна, зарим нэгэн төхөөрөмжүүдийг нь ч гэсэн авчихсан бэлэн байна. Бас зарим нэг нь хил гааль, тээвэрлэлтийн асуудлаас шалтгаалаад хойшлогдсон явдал ч байгаа учраас удааширсан. Гэхдээ
эхлээд ирсэн цөөн тооны төхөөрөмжүүдээ бид үйл ажиллагааг нь жигдрүүлээд, 60 эмчийг сургалтанд хамруулаад, зориулалтын тусгай кабинуудыг хүртэл бэлдчихсэн байна.
Тэр нь ямар учиртай вэ гэвэл , энэ телемедицин гэдэг маань харахад энгийн юм шиг технологи боловч тусгай зориулалтын дуу намсгагчтай кабин байх хэрэгтэй, дэлгэц гэхэд тодрол сайтай дэлгэц байх ёстой. Эмч өвчтөнөө камераар хараад л нүд нь хөхөрсөн байна уу, гархилсан байна уу, хавдсан байна уу гэх мэт бүх шинж тэмдгийг нь тод ажиглах боломжтой тэр шаардлагыг хангасан байх ёстой. Хэрвээ тодрол муутай дэлгэцээр харвал эмч буруу оношлох гэдэг ч юм уу асуудлуудыг араасаа дагуулж болно шүү дээ. За мөн дээрээс нь тухайн хүний нууцлалын асуудлууд байна. Мөн түүний дараа бол өдөржин суусан эмч нар шуугианд ядарна, ядарснаасаа болоод мэргэжлийн алдаа гаргах, аливаа жижиг өөрчлөлтийг анзаарахгүй байх магадлал өснө гэдэг ч юм уу асуудлууд байхыг үгүйсгэхгүй. Энэ мэтчилэн бид нар бүх гаргалгаануудыг гаргаж show room гэдэг шиг загвар байдлаар нэг төвийг байгуулаад явж байгаа. Дээрээс нь бодит хугацаанд өвчтөнтэйгөө шууд харьцаад явдаг, энэ үед нь зөвлөх эмч нь шууд хянаж байх боломжтой гэх мэтээр IT технологийн давуу чанарууд бас байна л даа. Зүгээр нэг эмч ажлаа хийгээд өвчтөнөө үзээд явж байхад зөвлөх эмч нь байнга хажууд нь байгаад байх боломжгүй. Гэтэл энэ телемедицин дээр бол хэзээ л бол хэзээ яг бодит хугацаанд багийн ахлагч нь хянана, шаардлагатай бол зөвлөх эмч нь сэргээгээд бичлэгийг нь харчихна. Ийм ийм мэдээллийн технологийн давуу чанарууд байна. Олзуурхууштай.
-Та түрүүнд яриандаа анхны загвар бүсээр Баянгол дүүргийг сонгож цахим шилжилтийг нэвтрүүлэх талаар дурдсан шүү дээ. Энэ ажил яг хэзээнээс эхлэх бол?
-Ирэх оны улсын болоод нийслэлийн төсөвт бидний энэ ажилд зориулсан 20 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагдсан. Тийм учраас он гараад төсвийн хуулийг хэрэгжүүлээд эхлэхтэй зэрэгцээд бид нар худалдан авалтаа зарлах, бэлтгэл ажлаа хийх зэргээр төлөвлөгөөний дагуу энэ ажлууд эрэмбэ дараатай хийгдээд явах юм.
-Өмчлөлийн хэлбэрээс үл хамааран эрүүл мэндийн байгууллагуудыг бүсчлэн ангилж нэг зорилгын дор нэгтгэж хамтран ажиллана гэсэн шүү дээ. Тэр ер нь хэр боломжтой юм бэ? Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үүнийг яаж хүлээж авч байна?
-Тухайлбал сая Ковидын тусламж үйлчилгээний үед Баянзүрх, Чингэлтэй дүүргийн иргэд эмнэлгийн тусламж авахад асар чирэгдэлтэй байлаа. Яагаад гэвэл тэнд хүн ам их байна. Түүнээсээ шалтгаалаад эмнэлэг хүрэлцэхгүй байна. Бусад дүүргүүд харьцангуй боломжтой, хүртээмж нь арай дээр байсан. Гэтэл Чингэлтэй дүүрэг дээр ажиллуулъя ч гэсэн хувийн эмнэлэг байхгүй. Ганцхан 200 орчим ортой Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг л байсан. Тэр нь хаанаа ч хүрэхгүй. Тэгээд Чингэлтэй дүүргийн иргэн хүн ердөө тэр бүс нутагт амьдарснаасаа болоод л эмнэлгийн тусламж авч чадахгүй байсан. Хүртээмж нь хүрэлцэхгүй. Баянзүрх дүүргийн иргэн байснаараа бас иргэд эмнэлэгийн хүрэлцээгүй байдалд орсон. Энийг иргэд ч мэдэрлээ, тухайн орон нутаг, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд ч мэдэрлээ. Тэгэхээр тухайн бүс нутгийн, тухайн тойрогт байгаа иргэдийн эмнэлгийн тусламжийн хүртээмжийг яаж сайжруулах вэ гэдэг асуудлыг шийдэх ёстой. Тэгэхийн тулд бид нар хамтарч ажиллах ёстой. Тийм учраас тэр бүс нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээний ийм ийм хэрэгцээ байна гэдгээ бид нар зарлаад тухайн байгууллагуудад санал болгоно. Энэ чинь өөрөө тусгай зөвшөөрөл байхгүй юу. Энэ сүлжээнд хамтарч ажиллаад өнөөдөр тавьж байгаа стандарт, чанарын түвшинд хүрч байвал тэд нар үйл ажиллагаа явуулж болно. Тэгэхээр энэ сүлжээнд багтсан байгуулагууд бол яг энэ дүрмээрээ ажиллана. Энэ сүлжээний биш хувийн эмнэлгүүд байж болно. Тухайлбал гоо сайхны, эсвэл сэргээн засах чиглэлийн ч юм уу ийм эмнэлгүүд бол цэвэр өөрийнхөө менежментээр л явна. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэгт иргэдийн хамгийн наад захын хэрэгцээг тодорхойлоод тэрийг хийх захиалгыг л тухайн эрүүл мэндийн байгууллагуудад өгч байна шүү дээ. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээг төрийн байгууллага байна уу, хувийн эмнэлэг байна уу гэдгээс үл хамааран захиалгаа бид өгч байгаа юм. Тэр захиалгыг л төрийн, хувийн эсвэл бүр олон нийтийн өмчлөлтэй эмнэлэг байна уу хамаагүй бид нартай гэрээлээд ажиллах боломжийг л нээж өгсөн. Тэгэхээр энэ чинь бас жижигхэн өрсөлдөөн явагдана гэсэн үг. Тэрийгээ дагаад чанаржина гэсэн үг.
– Ковид 19 цар тахлын энэ цаг үед иргэд олон нийт төдийгүй бүх шатны төрийн байгууллагууд бүгд л өмнө хэзээ ч тулгарч байгаагүй шинэ нөхцөл байдалтай нүүр туллаа шүү дээ. Тэгэхээр тэр нөхцөл байдал, өөрчлөлтүүд та бүхний нийгмийн эрүүл мэндийн судалгаа шинжилгээний ажилд хэрхэн нөлөөлсөн болоод цаашдын ажил төлөвлөлт, өмнө хийж байсан ажлуудын үр дүнг хэрхэн гаргаж тавьсан бэ? Жишээлэхэд иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад жижиг асуудлууд гарсаар байсан гэх зэргийг бид бүгдээрээ харсан. Ковид 19 цар тахал та бүхэнд юуг сургав?
– Маш зөв асуулт байна. Энийг “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж нэрлэдэг” юм. Тэгэхээр бид яг энэ ковид хүртэл бол нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед Улаанбаатар хотын тусламж үйлчилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр суурилсан байдлаар үзүүлэх загвартай байсан. Энийг өөрчилье гээд сүүлийн 10 гаруй жил манайд олон улсын хөтөлбөр, олон улсын зөвлөхүүдийн зөндөө зөвлөмжүүд гарсан байдаг. Тэгээд энийг хэрэгжүүлэхгүй явчихсан. Яг өнөөдөр бол 2021 оны 4-р сард Эрүүл мэндийн сайдын тушаал гараад дүүрэг тус бүр дээр хариу арга хэмжээний түр нэгжүүдийг байгуулсан. Тэр бол яг албан ёсоор биш, түр зуурын нэгж байгаа юм. Тэгээд тэнд үйл ажиллагаа явуулж байгаа машин техникийг нь төрийн өмчийн байгууллагуудаас түр ашиглуулах, манай эрүүл мэндийн төвийн ажилчид тэнд дайчлагдан ажиллах байдлаар өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна л даа. Тэгэхээр юу хэлэх гэж байна гэвэл нэгдүгээрт Улаанбаатар хот бол дэлхийн бусад хотуудтай харьцуулахад нэг онцлогтой. Тэр нь манай хот уламжлалт мал аж ахуйтай.
Ердөө товчоодоос цааш холгүйхэн малтай иргэд их олон байдаг учраас Зоонозын буюу малаас хүнд халдварлах өвчин хэзээ ч ороод ирэх эрсдэлтэй.
Бусад хотуудад тийм эрсдэл байдаггүй. Тэгэхээр манайх бол 24 цагийн туршид ийм эрсдэлтэй хот байна. Тийм учраас бүх чиглэлийн товчоод дээр халдварт өвчнийг илрүүлэх, хянах, дээрээс нь хотын иргэд маань хөдөө орон нутаг руу явахдаа бас эмнэлгийн тусламж авах, эсвэл телемедицинийг ашиглаад өөрийнхөө эмчдээ хянагдах, зөвөлгөө авах бололцоог нь нэмэгдүүлсэн ийм хосолмол нэгдсэн менежментийг хийе гэсэн санааг бид гаргаад төслөө биччихсэн байж байгаа.
Тэгэхээр өөртөө үйлчлэх дэлгүүр гэдэг шиг эмч сувилагчгүйгээр хүн өөрөө ороод даралтаа үзүүлээд, зүрхний бичлэгээ хийчихдэг үйлчилгээ, тэгээд хөдөө орон нутагт явахдаа гар утас шиг хэмжээтэй төхөөрөмжийг авч яваад телемедицинээрээ хянагдаад эрүүл мэндээ эрсдлээс хамгаалаад явах, буцаад хотод орж ирэхдээ халуунаа үзүүлээд халдварт өвчнийхөө тандалтыг хийлгэчихдэг ийм цогц үйлчилгээг хэлээд байгаа юм.
Дараагийн дугаарт нь дүүрэг болгон дээр нийгмийн эрүүл мэндийн төв гэдэг юмыг бид нар байгуулаад харуулдан тандалтын ажлыг хийнэ. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн төвийн хийх ёстой нэг чухал ажил байгаа юм. Өөрөөр хэлбэл агаарын бохирдол Зайсанд ямар байна, Улиастайд ямар байна, Баянхошуунд ямар байна вэ гэдгийг яг эрүүл ахуйн шинжлэх ухааны үүднээс үнэлдэг. Тухайлбал тэр хэсэгт амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэндийн эрсдэл ямар байгаа юм бэ? Амьдарч байгаа орчноосоо хамаараад энэ чинь өөр өөр шүү дээ. Тэгэхээр тэр болгоныг нягтлаад тандалтыг нь хийгээд, зонхилох шалтгааныг нь тогтоох юм. Жишээ нь эрүүл мэндийн буруу дадлаас болоод байна уу, эсвэл тэр нэг худаг дээр байгаа хүний буруу үйлдлээс болоод байна уу, эсвэл яг юунаас болоод байгаа юм гэдгийг тухайн тухайн нөхцөл байдал, бүс нутагт эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байгаа жижиг жижиг зүйлүүд байдаг тэрийг нь тогтоогоод шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулалт хийх, түүнийгээ нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээндээ ашиглах, хэрвээ өвчин гарлаа гэвэл яаж хурдан хугацаанд тандалт, шуурхай арга хэмжээг хийх юм бэ гэвэл дүүрэг дүүрэгтээ, бүс нутаг нутагтаа өөр өөр. Ийм нэгдсэн зохион байгуулалтанд оруулах ажил чухал байгаад байгаа юм. Тэгээд энийг бид нар энэ 2022 онд дэвшүүлэн тавьсан байгаа.
-Танд иргэддээ зориулан хэлэх үг байна уу? Сүүлийн хариултыг танд нээлттэй үлдээе.
-Манай хот бол 1 саяаас дээш хүн амтай метрополитан хот болсон. Энэ бол онцлог. Саяас бага хүн амтай хот бол ялгаатай. Бүх юм нь зохицуулалтанд орохдоо хялбар байдаг. Харин саяас дээш хүн амтай болохоор их том болчихдог юм байна л даа. Түүнийгээ дагаад асуудал нь их. Тэгэхээр иргэд маань нэгдүгээрт саяас дээш хүн амтай хотод амьдарч байгаа учраас тогтсон дэг журмаа хүлээн зөвшөөрч амьдрахаас өөр аргагүй. Олуулаа байх тусам хянах бололцоогүй учраас хувь хүний хариуцлага яах аргаггүй ихэсдэг. Би сахилга баттай байх ёстой, хотынхоо дүрмийг баримтлах ёстой, бусдад нэг их таагүй сэтгэгдэл төрүүлэхгүй байх ёстой гээд хотын соёл, дадал гэж юм байгаа. Хоёрдугаарт нь хүн яах гэж хотод ирээд байгаа юм бэ? Урт наслах гэж л ирж байгаа байхгүй юу. Амьдралынхаа чанарыг сайжруулах гэж юм уу эсвэл амьдралаа сайжруулах гэж л хотод ирж байгаа. Тэгэхээр та нэгэнт хотод амьдарч байгаа бол урт наслах хэрэгтэй.
Урт наслахын тулд та тэр буруу дадал, буруу соёлоосоо татгалзах, энэ мэргэжилтнүүдийн хэлээд байгаа зөвлөмжийг баримтлах, эрүүл ахуйн зөв хэм хэмнэлээр амьдрах, хотын эрүүл мэндийн байгууллагаас танд санал болгож байгаа үйлчилгээнүүдийг 100 хувь аваад, цаг тухайд нь үйлчлүүлээд дүрмээрээ амьдрах хэрэгтэй байна. Хотынхоо дүрмээр, хотынхоо соёлоор гэсэн үг. Зүгээр л нэг хүн эрүүл ахуйн дүрмээ баримтлаад амьдраад байвал 90 наслах боломж байхгүй.
Үүнд заавал эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо хэрэгтэй. Тэр нь юу вэ гэвэл жилд нэг удаа сэргийлэх үзлэгт 40 бас түүнээс дээш насны хүмүүс, 50 ба түүнээс дээш насны хүмүүс, 55 ба түүнээс дээш насны хүмүүс гээд нас насандаа ямар ямар шинжилгээ хийлгэх вэ гэдэг чинь өөрөө нарийн тооцоогоор гарчихсан байдаг. Наслалт нэмэгдэх тусам хавдрын эрсдэл гардаг. Тэгэхээр тогтмол үзлэгтээ хамрагдаж байж тэрийг хамгийн бага үед нь илрүүлчих юм бол 100 хувь эдгэрнэ гэж байгаа. Хавдар бол сэргийлж болдог өвчин болчихсон. Тийм учраас нийгмийн эрүүл мэндийн энэ зөв зохион байгуулалтыг иргэд маань хүлээж аваад Нийслэлийн эрүүл мэндийн газраас хийж байгаа шинэ платформ, үзэл санааг хүлээн зөвшөөрөөд хамтарч ажиллаасай гэдгийг л нийслэлчүүдээсээ, Улаанбаатарчуудаасаа хүсэх байна.