Дэлхийд зартай оффшорчин С.Баярцогтоор “халхавчилж” МАНАН-г бэхжүүлэхээр зорьж байна гэв үү?
Аль нэг улсад очоод “Манайд С.Баярцогт гэдэг улс төрч байсан” гэж ярьвал “Аан нөгөө оффшорчин хүн үү. Хэдэн жилийн ял авсан бэ” гэж асууж бидний нүүрийг улалзуулна. Хатуу хуультай орны иргэн “С.Баярцогт цаазлуулсан уу” ч гэж биднийг цочоож болзошгүй.
Учир нь Монголоос өөр “цэвэр” шүүхтэй улс оронд С.Баярцогт наанадаж “шоронгийн хадаас” болж цаанадаж цаазаар авах ял сонсох хэмжээний их “нүгэл”-тэй гэдгийг Монголын ард түмэн төдийгүй дэлхий мэднэ. Түүний оффшор, мөнгө угаалт болоод эрх мэдлээ урвуулан ашигласан бусад гэмт хэргийн талаар бид өмнөх нийтлэлдээ дурдсан.
Тэгвэл энэ удаа С.Баярцогтыг яагаад Ардчилсан намын хүн гэж харах нь гэнэн бодол вэ гэдэгт тухайд цөөн баримт дэлгэе. Учир нь С.Баярцогт Ардчилсан намаар “халхавчлан” дахин улс төрд орж ирэх гэж байгаа гэсэн мэдээлэл ил болоод Монгол төдийгүй дэлхий дахинаа цочирдоод буй. Учир нь түүнд улс төрд ахин орж ирэх ямар ч нэр нүүр байхгүй. Шударга шүүхтэй улсад бол тэр торны цаана л байх ёстой хүн л дээ.
“Дэлхийд зартай оффшорчин С.Баярцогтоор халхавчилж МАНАН-г бэхжүүлэхээр зорьж байна гэв үү” хэмээн нийтлэлээ гарчигласан нь ихээхэн учиртай. Учир нь С.Баярцогт бидний өнгөцхөн харж байгаа шиг Ардчилсан намын хүн биш. Түүнийг одоогийн ерөнхийлөгчөөс эхлээд МАН-ын “томчууд”-тай эртнээс тун дотно харилцаатай байсныг нотлох баримт олон бий.
Тухайлбал, С.Баярцогт УИХ-ын гишүүн, БШУ-ын сайд Л.Энх-Амгалантай хөршүүд байсны сацуу нэг гэрийн үйлчлэгчтэй байжээ. Мөн УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатартай хамтран эзэмшдэг ТББ ч байдаг аж.
Үүнээс гадна С.Баярцогтын Оюутолгойн буюу “Айвенхоу майнз”-ын хувьцаатай холбоотой хэрэг дэлгэгдэх үед УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Швейцарын Прокурорын газарт хамт шалгагдаж байв. Энэ асуудлаас нь болж, АН-ынхан 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдөр С.Баярцогтыг намаасаа хөөсөн байдаг.
Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэхдээ “…Швейцарийн дээд шүүх С.Баярцогтыг Сангийн сайдаар ажиллаж байхдаа “Рио Тинто” компаниас Швейцарь дахь дээрх дансаар дамжуулан 10.1 сая ам.доллар шилжүүлэн авсан гэж үзсэн.“Рио тинто” компанийн “Оюу толгой” төсөлтэй холбоотой гомдлыг хэлэлцээд Сангийн сайд асан С.Баярцогтын харилцаж байсан Швейцарийн банкин дахь дансны үлдэгдэл болох 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан байна. Тиймээс Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчсөн С.Баярцогтыг АН-аас хөөн зайлуулж, хийсэн хэргээ хүлээхийг шаардаж байгаа” гэж мэдээлж байв.
Ийн өчнөөн олон гэмт хэрэг үйлдсэн С.Баярцогт Ардчилсан нам хэмээх “баг”-ны ард нуугдан дахин улс төрд орж ирж МАН-ын “ах дүүс”-тэйгээ хамт Монголыг дахин самрах вий гэхээс олон нийт хирдхийж байна. Хэрвээ С.Баярцогт улс төрд орж ирвэл Монгол “МАНАН” хэмээх ганцхан намтай болж бидний ирээдүйд гялтайх ганц ч гэрэл харагдахгүй болох нь хэн бүхэнд ойлгомжтой. Түүнийг улс төрд оруулж ирвэл Монголын төр ялзарсан гэдгээ олон улсад бүр ил тод батлан харуулж, дэлхийн тавцангаас “арчигдахвий” гэдэг нь хамгийн том айдас байна….