Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын зорчигч тээврийг маргааш эхлүүлнэ
Цар тахлын улмаас хаагдаад байсан Замын-Үүд-Эрээн боомтоор энэ оны нэгдүгээр сараас зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлсэн юм. Ингэхдээ автобусаар Монголын талаас өдөрт 300 хүн гарах журамтай байв.
Харин наймдугаар сарын 25-наас Хятадын тал Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр болсныг мэдэгдсэн тухай ГХ-ны сайд Б.Батцэцэг мэдээлэв. Тодруулбал, Хятадын талаас Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын зорчигч тээврийг сэргээх бэлтгэл ажлыг бүрэн хангаснаа мэдэгджээ.
2023 оны наймдугаар сарын 25-ны баасан гарагт зорчигч тээврийг эхлүүлэх болон бусад асуудлыг хоёр талын орон нутгийн төр захиргааны байгууллага хооронд тохиролцох саналыг Хятадын тал хүргүүлсэн байна.Монголын талаас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хил нэвтрэлтийг үргэлжлүүлэн сайжруулах, боомтыг аюулгүй, жигд хэвийн ажиллуулах нөхцөлөөр хангахыг хүсжээ.
Ийнхүү гурван жил гаруйн дараа Монгол-Хятадын Замын-Үүд-Эрээний төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээ нээгдэх нөхцөл бүрдсэн байна.