177.5 тэрбумаар агаарын бохирдлыг бууруулах төслийн уралдааныг зарлалаа
НИТХ-ын ХҮН намын төлөөлөгчид 177.5 тэрбум төгрөг зарцуулж, агаарын бохирдлыг бууруулах төслийн талаар мэдээлэл хийв.
Тус намын дэргэдэх “Бодлого судалгааны хүрээлэн”-ээс Агаарын бохирдлыг бууруулах төслийн уралдаан зарлаж байгаа аж. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 177.5 тэрбум төгрөгөөр 2023 онд хэрэгжүүлэх боломжтой бодлогын төсөл, арга хэмжээг шалгаруулж, шийдвэр гаргах түвшинд хүргэх юм байна. Шалгарсан төсөл арга хэмжээг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-д ХҮН намын бүлгээс өргөн барина.
Энэ талаар НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга “Энэхүү төслийн тухайд эрдэмтэн судлаачдынхаа саналыг нь сонсох хэрэгтэй. Бидний зүгээс агаарын бохирдлыг бууруулах төсөл шалгаруулах уралдаан зарлаж байгаа. 177.5 тэрбум төгрөгөөр хагас коксожсон нүүрс Хятадаас худалдаж авахын оронд өөр юу хийж болох талаар саналаа ирүүлэх уралдаан юм. Шинээр судалгаа хийхгүй. Харин одоо бэлэн байгаа судалгаануудыг нэгтгэж үзнэ. Яагаад гэвэл энэ хүсэлтүүд эрдэмтэн судлаачдаас их ирж байгаа. Хөндлөнгийн хараат бус хүмүүс төслийг шалгаруулна. Шалгарсан төслийг НИТХ-ын ХҮН намын бүлэг НИТХ-д албан ёсоор өргөн барина” гэв.
Нэгдүгээр байрт дөрвөн сая, хоёрдугаар байрт хоёр сая, гуравдугаар байрт нэг сая төгрөг олгох юм байна.