REVIEW: ОПАЛ хатагтай Монголд “ирж” сайхан сэтгэлийн халдвар тараагаасай

Нөхөр, охин хоёроо автомашины ослоор алдаж энэ хорвоо дээр цор ганцаараа үлдсэн нэгэн бүсгүйг Опал Кронкий гэдэг. Гаднаас нь харахад эвдэрч сүйрсэн эртний балгас мэт, доторх хана таазаа “The New york times” сониноор “чимэглэсэн” хуучирсан байшинд өдгөө тэр муурын хамтаар амьдардаг.

Нас сүүдэр хэдийнэ хэвийсэн ч яг таг хэдэн настайгаа ч үл мэдэх түүний сэтгэл шинэхэн орсон цас мэт, дөнгөж төрсөн хүүхэд мэт хиргүй тунгалаг хэвээрээ. Хог түүж амиа зогооно. Үүндээ гутарч гуньсан удаа нэгээхэн ч үгүй. Гагц түүний хүсэл бусадтай найзалж, тэднийг хайрлах. Хайр түгээх гэж, хайрлуулах ямар сайхныг бусдад мэдрүүлэх гэж хувь тавилан Опалыг энэ дэлхий рүү илгээв үү гэлтэй.

Тиймээс ч түүнтэй уулзаж, үг сольж үзсэн хэн бүхэн  Опалд хайртай байхын аргагүй. Мөнгөний төлөөх шунал, буруу сонголт, үзэн ядалт, өшөө хорсол гэсэн нийгмийн муу муухай, ялзарсан бүхнийг хайр, хайраас ундрах хир буртаггүй цагаан сэтгэл л эмчилж, эдгээж чаддаг гэдгийн баталгаа болсон Опалд бүгд хайртай.

Өөрийн насыг ч үл мэдэх, навсгар хувцастай, хог түүж амьдардаг хөгшин эмэгтэйд яагаад бүгд хайртай байдгийн учир шалтгааныг өөрийн сэтгэл зүрхээр бүрнээ мэдрэхийг хүсвэл “Орфей” театрын бүтээл болох АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” буюу “Бүгд чамд хайртай” жүжгийг үзэхийг санал болгож байна.

Дэлхийн алдарт энэ жүжгийг “Фауст”, “Гэм зэм”, “Шөнө дундын бүжиг” зэргээрээ олны анхаарлыг татаж, ур чадвараа хэдийнэ олон нийтэд батлан харуулсан найруулагч Мягмарнарангийн Батболд найруулсан учир шинэлэг, гүн утга агуулгатай, нарийн чимхлүүр санааг өгүүлсэн, дүрийн сонголтоос эхлээд тайз засалт нь хүртэл маш онцгой мэдрэмжийг таньд төрүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Ийн энэ жүжгийг үзээд өөрт төрсөн сэтгэгдлийг товч сийрүүлэн хүргэе.

Опал буюу О.Энхтуулын ур чадварын тухайд…..

Өөрөө өчнөөн зовлон үзсэн ч бусдыг хайрлаж чаддаг, маш их зовлон, ганцаардлыг мэдэрч байгаа ч  түүнийгээ хүнд хэцүү байна гэж бодож, шантарч суудаггүй энэ эмэгтэй бол дээр дурдсан Опал Кронкий.Үг сольж ч үзээгүй хүний нүдэнд тэр энгийн л нэг хог түүдэг “чавганц”. Магадгүй ямар ч арчаагүй нэгэн хөгшин эмэгтэй л дээ.

Харин үг сольж, гэрээр нь зочилж, тэр дундаа хамт амьдарч үзсэн хүний хувьд Опал бол энэ дэлхий ертөнц дээрх хамгийн сайхан сэтгэлтэй эмэгтэй. Ямар ч хатуу сэтгэл Опалын дэргэд “зөөлөрч”, ямар ч хулгайч, луйварчин Опалын дэргэд засарч, хүн чанараа хэдийнэ гээсэн хүн Опалаас сайхан сэтгэлийн “халдвар” авч амьдралаа цоо шинээр эхэлдэг гээд бодоод үздээ.

Тиймээс ч Опал бол Монгол Улсад зайлшгүй байх ёстой  хүн. Мянга мянган “Опал” Монголд ирж сайхан сэтгэлийн халдвараа тараагаасай. Мянга мянган “Опал” ил гарч ирж сайхан сэтгэлийн энергиэ хар бараан энэ нийгэмд түгээгээсэй. Зуу зуун “Опал” төрийн албанд ажиллаж эд хөрөнгөний төлөө биш эх орныхоо хөгжлийн төлөө ажиллаасай. Дахин хэдэн зуун “Опал” шинээр мэндэлж энэ нийгмийг өөрчлөөсэй.

Яг ийм бодол төртөл жүжиглэж, үзэгчдийг уйлуулж, инээлгэж чадсан жүжигчин бол О.Энхтуул. Энэ гол дүрд О.Энхтуулаас өөр хүн байсан бол ийм мэдрэмж, сэтгэгдлийг төрүүлж чадах байсан болов уу гэж эргэлзмээр….Яаж ийм хиргүй тунгалаг зөөлөн, дулаахан сэтгэлтэй байж чаддаг байнаа гэж зарим үзэгдэл дээр өмнөөс нь уур хүрмээр. Яагаад хэнд ч өс санахгүй, хэнд ч гомдохгүй амьдарч чаддаг юм бэ гэж атаархмаар….

Дүрийнхээ тухай жүжигчин О.Энхтуул “Дэлхийн аль ч улс оронд хүн хүнээ хайрлах сэтгэл дутагдаж, ганцаардалд автаж байна. Амьдралын нандин харилцааг өгүүлсэн учраас энэ жүжигт маш их дурласан.Зохиолоо уншиж эхлэхээс дуусах хүртэл “Опал бол би юм байна” гэж бодож, эргэлзээгүйгээр энэ уран бүтээл рүү орсон” хэмээн ярьсан байдаг.

Найруулагч М.Батболд цаг үеэ мэдэрч, нийгэмд дутагдаж байгаа энэрэнгүй сэтгэлийг зохиолоороо дамжуулан түгээхээр зорьсоны, түүний ямар торгон мэдрэмжтэй найруулагч гэдгийг баталгаа нь “Опал” жүжиг яах аргагүй мөн. Түүний ямар ч жүжгийг үзсэн цаад үндсэн утга санаа хайр, энэрэнгүй дулаахан сэтгэл дээр төвлөрөх нь бий. Тиймээс ч түүний зохиолд үзэгчид хайртай байдаг. Дүрийн сонголтын тухайд ч М.Батболд тун гярхай найруулагч билээ.

“Опал” жүжгийн үйл явдал яаж өрнөдөг вэ?

Хайр, сайхан сэтгэлд юуг ч өөрчилж чаддаг ямар их хүч чадал оршдогийг “Бүгд чамд хайртай” драмаас хамгийн тодоор ойлгосон. Тэгвэл үүнийг хэн хэрхэн ойлгуулдаг юм бэ гэж та гайхаж магадгүй. Тиймээс үйл явдлыг товч өгүүлье.

 Үнэтэй брэндийн үнэртэй усны саванд хуурамч ус хийж зардаг гурван залилагч хог түүдэг, хулгана үүрлэсэн, тоос шороонд дарагдсан хуучирсан байрны хонгилд амьдардаг Опал эмгэн дээр  үнэртэй  усны шил худалдаж авахаар ирнэ. Залилагчид эмгэн нас барвал их хэмжээний амь даатгалын мөнгө авахыг мэдээд эмгэнтэй хамт амьдарч, амийг нь хөнөөх талаар бодож эхэлдэг.

Гэвч түүний сайхан сэтгэлийн халдвар дээрх гурван залилагчид халдаж, тэд бидний огт танихгүй сайхан сэтгэлтнүүд болон хувирснаар зохиол төгсөнө. Мөнгөний төлөө  хүний амь хөнөөхөөр төлөвлөж байсан хатуу сэтгэлтэй залилагчдийг яг, юу, яаж хэрхэн өөрчилснийг мэдэхийг хүсвэл “Broadway” театрын алдарт бүтээл “Опал” буюу  “Бүгд чамд хайртай” сэтгэхүйн комеди драмыг үзэхийг санал болгож байна. Тус жүжиг есдүгээр сарын 07-ныг дуустал МҮЭСТО-нд тоглогдоно.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *