ХҮНИЙ ЭЭЖ: Үг баригддаг байсан бол “Хайр”-ыг тэмтэрч үзэх сэн……..

Нүдээ алчуураар боогоод олон хүн холхидог гудамжинд таван минут түр зогсоод хажуугаар тань зөрөн өнгөрч буй хүмүүс ямар үйлдэл гаргаж, юу хийж байгааг төсөөлөх гээд үзээрэй. Эсвэл ажлынхаа цонхны зэргэлдээ зогсоод нүдээ аниад гадаа өрнөж буй үйл явдлыг төсөөлөөрэй. Ямар мэдрэмж төрж байна вэ. Тас хар харанхуйгаас өөр зүйл мэдэрсэн үү.

Хажууд тань зогсож буй хүн тань руу гар далайх эсвэл хайрын харцаар ширтэж байгаа эсэхийг ялгаж мэдэрч чадсан уу. Миний хувьд хариулт нь “Үгүй”. Унтаж амрах үедээ нүдээ анихад мэдрэгддэг тас харанхуйгаас өөр юуг ч мэдэрсэнгүй. Тас харанхуй, түнэр харанхуй, хэлбэр дүрс, өнгөгүй хав харанхуй. Харин харааны бэрхшээлтэй хүмүүс бидэнтэй яг ижил зүйлийг мэдэрдэг болов уу. Тэдний төсөөллөөр энэ амьдрал ямар байдаг бол. Тэнгэрийн өнгө ягаан, газар цагаан, уул улаан, үүл ногоон, машинууд солонгын өнгөтэй, тэдний зорчдог зам цэнхэр, хааяа замд нь тээглэж тэднийг гэмтээчих гээд байдаг чулуу хар өнгөтэй болов уу.

Эсвэл “Хүний ээж” уран сайхны киноны гол дүр болох Гэрэл охин шиг  тэдний дотоод ертөнцийн төсөөллөөр тэнгэр ногоон, газар ягаан, нар цэнхэр өнгөтэй байдаг юм болов уу. Эсвэл бусдын хэлж байгаа үгийг  барьж, тэмтэрч үзэхийг мөрөөддөг юм болов уу.

“Хүний ээж” уран сайхны киноны гол дүрийн охин Гэрэл “Үг үнэртдэг, баригддаг байсан бол тэмтэрч үзэх сэн” хэмээх үг хамгийн олон зүйлийг бодогдуулсан юм. Харааны бэрхшээлтэй эсэхээс үл хамааран үг хэмээх “шидтэн”-г барьж үзэх нь бараг л бүх хүний нууцхан хүсэл байх. Тэр дундаа хүн төрөлхтөн оршин тогтнож байгаагийн хамгийн чухал нэгэн хүчин зүйл, бидний амьдралын утга учир болох “хайр”, “хайртай” хэмээх үгийг барьж үзвэл яг ямар мэдрэмж төрөх бол. “Хайр” ямар хэлбэртэй, ямар өнгөтэй, ямар үнэртэй байх бол гэж та төсөөлж үзсэн үү. Яг ийм өвөрмөц мэдрэмжийг төрүүлж, ийм бодолд автуулсан нь “Хүний ээж” киноны онцлох нэгэн санаа байв.

Улиглалаас ангид буюу эгэл жирийн Монгол айлын аз жаргалын тухай өгүүлэх нь..

Сүүлийн үед шинээр гарч байгаа Монгол кинонуудад нэг нийтлэг өгүүлэмж, утга байдаг нь хүмүүсийг уйдааж, Монгол киноноос залхаагаад эхэлсэн нь гашуун үнэн. Тэр нь юу вэ гэхээр шинээр гарч буй Монгол кинонууд ихэнх нь хосуудын хайр, хууралт, гэр бүл салалтын тухай гэсэн сэдэв дээр төвлөрдөг. Ингэхдээ үйл явдал нь орон сууцанд эсвэл ажлын газрын нэг оффист л өрнөдөг.

Утаанаас эхлээд өчнөөн асуудалтай ч тэр бүхнийг үл ажран Улаанбаатар хэмээх хотын гэр хороололд сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдардаг өчнөөн гэр бүл бий. Яг л энэ санааг олж харж гаргаж ирсэн нь “Хүний ээж” уран сайхны киноны шигтгээ яахын аргагүй мөн байлаа. Орон сууцанд амьдарч, машинтай болж байж л аз жаргалыг мэдрэх мэт буруу ойлголт нийгэм үүссэн энэ үед эгэл амьдрал ямар сайхан байдаг, хотын захад хайраар дүүрэн гэр бүл ямар олон байдаг гэдгийг мэдрүүлж өгсөн кино зохиолыг бичсэн жүжигчин, МУСТА А.Ганчимэг, найруулагч, МУГЖ Д.Ганцэцэг нарт халуун баяр хүргэе.

Төрсөн өдрийг заавал хотын төвийн том зоогийн газар, ресторанд тэмдэглэх бус гэртээ хоол, цай идээ ундаагаа бэлтгэн, цаасан хайрцагны нэг хэсэг дээр “Төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээн бичиж, бялуугаа үлээгээд л мартагдашгүйгээр тэмдэглэж болдог гэдгийг харуулсан нь ч бүхэлдээ эгэл жирийн Монгол айлын аз жаргал, баяр баясал том зүйлд биш жижигхэн зүйлд оршдог гэдгийг бэлхнээ илтгэж байлаа. Ийм сайхан дүрийг гавьяат жүжигчин “Маск”-ын Ж.Мөнхсайхан илүүтэй тодотгож өгсөн юм. “Хүний ээж” уран сайхны киноны дүрийн сонголт маш сайн болсны баталгаа нь МУГЖ Ж.Мөнхсайхан болоод түүний гэргийгийн дүр байлаа.

Киноны эхлэл, төгсгөл, өрнөлийн үзэгдэл үзэгчдийн төсөөлснөөс огт өөр байсан нь яахын аргагүй сайн кино гэдгийг нь бэлхнээ илтгээд өгнө. Харааны бэрхшээлтэй иргэдэд ямар асуудал тулгардаг хийгээд тэдний ертөнц ямар байдаг, хорвоогийн өнцөг булан бүрт ямар сайн, ямар харгис хэрцгий, ямар энэрэнгүй зөөлөн, ямар хүйтэн хөндий сэтгэлтэй хүмүүс сүлэлдэн амьдарч байдгийг бие сэтгэлээрээ мэдрэхийг хүсвэл “Хүний ээж” уран сайхны киног заавал үзээрэй.  Мөн ээж хүнийг бидний төсөөллөөс огт өөрөөр “хар”-аар дүрсэлсэн тул уйлах сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай. Яагаад киногоо “Хүний ээж” хэмээн нэрлэснийг ч киногоо үзээд л ойлгоосой хэмээн хүсч байна.

Киноны ерөнхий найруулагч, МУГЖ Д.Ганцэцэг киноныхоо талаар “Хүн болгон сайн аав, ээж байхыг хичээдэг. Үүний хажуугаар хаа нэгэн газар муу ээж, аавтай орхигдсон хүүхдүүд байгаа гэдгийг бүгд мартчихдаг. Зөвхөн миний хүүхэд сайн сайхан байх биш энэ дэлхий ертөнцөд байгаа хүүхэд бүхэн сайн сайхан байж, дэлхий ертөнц болгон хайр дүүрэн байгаасай. Чи ганцаараа сайн ээж байгаад зогсохгүй бусдыг ч гэсэн сайн ээж байхад туслаарай” хэмээн ярив.

Хоёр Ганаагийн ээлжит тэсрэлт “Хүний ээж”

Д.Ганцэцэг, А.Ганчимэг хэмээх ижил төстэй нэртэй, үзэсгэлэнтэй, чадварлаг хоёр жүжигчин бүсгүйг Монголын үзэгчид андахгүй сайн мэднэ. Харин дөрвөн жилийн өмнөөс тэднийг үзэгчид дан ганц жүжигчин биш зохиолч, найруулагч хэмээх нүдээр харж, дараагийнх нь бүтээлийг шимтэн хүлээж байлаа.

Хоёр Ганаа нийлж “Аримун” хэмээх продакшн байгуулан анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киногоо 2019 онд үзэгчдийн хүртээл болгож байв. Тэдний анхны зохиол, анхны найруулга гэхэд маш чамтай уран бүтээл болж, тухайн жилийг олон нийт “Халуун зүрх”-ээр “амьсгалж” өнгөрүүлсэн байдаг. Нэгэн хэвийн хайр дурлал, гэмт хэрэг, аймшгийн киноноос залхсан үзэгчдэд “Халуун зүрх” огт өөр мэдрэмжийг бэлэглэж чадсаан. Хэн нэгний сэтгэлээ гаргаж хийсэн бүтээл гэдэг бусдын сэтгэлд ямар их хүрч, сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж чаддагийг “Хоёр Ганаа” тод томруун харуулж чадсан билээ.

Үүнээс хойш тэд ямар нэгэн шинэ уран бүтээл хийгээгүй. Үүнд нь үзэгчид сэтгэл дундуур байсан нь үнэн. Тэгвэл “Аримун” продкашн дараагийн ээлжит бүтээлээ  есдүгээр сарын 08-наас үзэгчдэд хүргэж эхэлсэн нь хамгийн сайхан мэдээ байв. Тэдний хоёр дахь киноны нэр нь “Хүний ээж”. Нэрнээсээ эхлээд постер нь хүртэл хэн хүний сонирхлыг өөрийн эрхгүй татаж байв. Зохиолыг нь мөн л МУСТА А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь МУГЖ Д.Ганцэцэг ажиллажээ. Дүрүүдэд хоёр “Ганаа”-гаас гадна, “Маск” продкашны жүжигчин Ж.Мөнхсайхан /МУГЖ/, “Gangbay” хамтлагийн дуучин Баянаа буюу С.Баянмөнх нар тоглосон нь үзэх хүслийг улам их өдөөж байв.

Анхны киногоороо эмэгтэй хүний  дотоод сэтгэлийн хүч, тэсвэр тэвчээрийг үзэгчдийн сэтгэлд “тамгалсан” тэдний дараагийн бүтээл яг юуг онцолсон нь олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй. Байдаг л нэг санаа, улиглалаас ангид байдаг “Аримун” продакшны хоёр дахь уран бүтээл энэ намрын хамгийн их хүлээлт үүсгэж буй, нээлтийг нь тэсэн ядан хүлээж байгаа кино яахын аргагүй мөн билээ. “Хүний ээж” кино 160 гаруй уран бүтээлчийн гурван жилийн хөдөлмөрөөр бүтжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *