Оюутнууд автобусны хөнгөлөлттэй картаа өнөөдрөөс эхлэн цахимаар захиална

Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр сард 44 удаа хөнгөлттэй зорчино.

2023-2024 оны хичээлийн жилийн автобусны хөнгөлөлтийн эрхтэй картын захиалгыг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн цахимаар хүлээн авна.

E-Mongolia платформоор зөвхөн их, дээд сургуулийн дэд бакалаврын /дипломын/ болон бакалаврын өдрийн ангид шинээр элсэн суралцагчид анх удаа тус картыг авах гэж байгаа тохиолдолд цахимаар захиалах боломжтой. Энэхүү шаардлага хангасан оюутнууд E-Mongolia гар утасны аппликэйшн болон www.e-mongolia.mn порталаар нэвтэрч “Оюутны автобусны карт захиалах” үйлчилгээг сонгон картаа захиалах юм.

Автобусны хөнгөлөлттэй картыг өмнө нь авч байсан оюутан дахин захиалахдаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандах шаардлагатай. Харин оюутны мэдээлэл бүртгэгдээгүй тохиолдолд сургуулийнхаа сургалтын албанд хандан мэдээллээ шалгуулна.

Мөн хөнгөлөлттэй карттай оюутнууд Umoney карт борлуулах, цэнэглэх гэрээт цэгүүд болон их, дээд сургуулиудад ажиллах явуулын цэг дээр очиж картаа идэвхжүүлэх юм.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” 111 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд дээрх ажлууд хийгдэж байна.

Нийслэлийн хэмжээнд суралцаж буй оюутан, суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, суралцах орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үүднээс “Улаанбаатар Смарт Карт” ХХК жилийн турш хөнгөлөлт, урамшуулалт хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.

E-Mongolia платформоор оюутны автобусны карт захиалах заавартай энд дарж танилцана уу!

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments