Ахмадуудаа “эзэнтэй”, халамжлах байгууллагатай болгох сон…

Өнөөдөр ахмад настнууд тэтгэвэр бага, хоол хүнс эм тарианы мөнгө хүрэлцэхгүй, насжилтаас үүдэлтэй өвчин эмгэгээс сэргийлэх арга хэмжээнд хамрагдаж чадахгүй, бие даан амьдрах эрх нь хязгаарлагдмал, ядуу зүдүү амьдарч, ихэнх ахмадууд эрүүлээр урт наслах эрх нь зөрчигдөн, гэрийн мухар сахиж, ганцаардан өдрийг өнгөрөөх, эсвэл хүүхдийнхээ хүүхдийг харж, ядарч зүдэрч сууна.

 Хатуухан хэлэхэд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хуучин сайдын гаргасан тодорхойлолтоор “улны хүмүүс”, байгууллага болчхоод байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй байх аа.  Даваа гарагт буюу аравдугаар сарын 2-нд Монголын ахмадын холбоо их хурал чуулганаа хийх гэж байгаа гэж энэ тэнд суртал ухуулга хийсээр байна. Энэ хурлаас өмнө ХНХ-ын сайд болон их хурлын төлөөлөгч нарт анхааруулга болгож, хэдэн зүйлийг хэлье.

Нэгдүгээрт, Ахмадын байгууллагын ажил шат шатандаа олигтой нийтэд хүрч, үйлчилж чадахгүй байгаа шалтгаан нь хориод жилийн өмнө батлагдсан Төрийн бус байгууллагын тухай хуулинд /9.2-т “Төрийн бус байгууллага нь төрөөс хараат бус байна” гэж зааснаас болж төр захиргааны байгууллагын бүх шатанд дарга нар ахмадын байгууллагатай хамтарч ажиллах, дэмжлэг туслалцаа үзүүлэхээс энэ хуулийн заалтаар “зайгаа барьдаг” болсон.

Гэтэл ахмадын байгууллага нь төрийн бус байгууллага мөн үү, биш үү гэдэг асуудал гарч ирээд байна. ТББ нь төрөөс санхүүгийн дэмжлэг авдаггүй, гишүүдийн татвар, хандив, тусламж, үйл ажиллагааны орлогоосоо ажлаа явуулдаг, төрөөс удирдлагагүй, өөрийн дүрэм журамтай, бие дааж ажиллах чадвартай, эрх үүрэг онцлог байдлаараа ахмадын байгууллагаас огт өөр байгууллага мөн.

Харин ахмадын байгууллага нь төрөөс санхүүжилт авдаг, төрийн ба орон нутгийн өмч дээр суурилсан, төрийн бүх шатны байгууллагын дэргэд байдаг /тэр байгууллагаас тэтгэвэрт гарсан хүмүүсийг харьяалдаг/, бие дааж ажиллах чадваргүй, учир нь ахмад настнууд байдаг тул төрийн харьяанд байж, төрийн халамж хамгаалалтанд байх ёстой байгууллага!

Гэтэл дээрх хуулийн заалтыг ашиглан, ахмадын байгууллагыг аймаг дүүргийн засаг дарга нар эзэнгүйдүүлж орхисноос болж, эзэнгүй ахмадууд эзэнгүй байгууллага болоод 20 шахам жил боллоо. “Ахмад настны тухай хууль” гараад 7-8 жил боллоо. Энэ хуулинд бүх шатны засаг дарга нарын хийж гүйцэтгэх ажил, төрийн яамдын гүйцэтгэх ажил үүргийг тодорхой заасан байдаг боловч, төрийн бус байгууллага нь төрөөс хараат бус байна гэдэг заалтыг үндэслэн, огт хэрэгжээгүй. Энэ нь ахмадын байгууллагыг ТББ гэж үздэгтэй холбоотой.

Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчилж, холбоо, сангийн хууль болгон хэрэгжүүлэх гэтэл их хурал дээр очоод гацсан. Учир нь их хурлын гишүүдийн олонх нь төрийн бус байгууллагын ерөнхийлөгч байдаг учир тэдний эрх ашиг хөндөгдсөн бололтой. Нөгөө талаар, ахмад настны тухай хуулинд ахмадын бүх шатны байгууллагын эрх үүрэг, удирдлага, зохион байгуулалт, хариуцлага, хяналт шалгалтын тогтолцоог хийж өгөөгүйгээс болж, эрх мэдэлгүй, үүрэг хариуцлагагүй хий хоосон байгууллага болсон. Иймээс төсвийн мөнгөөр цалинжсан хэсэг бүлэг дарга нар огт ажил хийдэггүй, огт хариуцлага хүлээдэггүй, ээлжит хурал сонгуулиа ч хийдэггүй, дархлагдсан олон зуун дарга нар ахмад настны эрх ашгийг хохироосоор байна.

2.Ахмадын байгууллагын чадавхийн талаар Монгол улсад 21 аймаг 330 гаруй сум, 9 дүүрэг, 210 гаруй хороо, дээр нь бүх яам агентлаг, тусгай газрууд, хүчний байгууллагын харьяа анги салбарууд бүгд ахмадын хороотой, бүгд даргатай. Дээр нь Монголын ахмадын холбоо, Нийслэлийн ахмадын хороо бас л дарга болон олон албадтай. Ингээд нэгтгээд үзвэл, мянга шахам ахмадын байгууллагын дарга нар орон нутгийн төсвөөс аймаг дүүргээс цалинждаг. Эдгээр дарга нарын цалин 700-800 мянган төгрөг орчим гэсэн судалгаа байдаг. Сум хороодын ахмадын зөвлөлийн дарга нар 400-500 мянган төгрөгийн цалинтай гэсэн судалгаа байдаг. Эдгээр нь бүгд төсвөөс олгогддог.

Үүнээс гадна, Монголын ахмадын холбоо нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санхүүждэг, Нийслэлийн ахмадын хороо нь Улаанбаатар хотоос санхүүжилт авдаг. Эдгээр  хоёр байгууллага бас л 10 гаруй орон тоотой. Дээрхи 1000 гаруй дарга, цэргийн цалин үйл ажиллагааны зардалд, улсаас жил бүр багцаалахад 3-4 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн үг.

Энэ их мөнгөний зарцуулалтанд хяналт шалгалт хийдэггүй, төсвийн үр дүнг тооцох эзэн байхгүй, урсгалаараа явж ирсэн. Нэг ёсондоо татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүй салхинд хийсч байна гэсэн хэрэг. Дээрхи мянга гаруй дарга нар яаж сонгогдож яаж ажилладаг вэ гэвэл, дүрмэндээ “Ахмад настны нийтийн хурлаас сонгоно” гэсэн заалттай. Нэг хороонд 800-1200 гаруй ахмад амьдардаг. Дөрвөн жилд нэг удаа хурлаа хийж даргаа сонгох дүрэмтэй. Ахмадууд нь хуралдаа ирж оролцдоггүй, сайндаа л 20-30 ахмад ирж хэн нэгийгээ “Чи дарга бол” гэж шахаж шаардаж сонгосон болдог.

Сонгогдсон 1000 гаруй дарга нарын 60-70 хувь нь 70-80 насны өндөр настай, хараа сонсгол муу, хазгар доголон хүмүүс байдаг. Эдгээр дарга нар ажиллах санаа байвч, мэдлэг чадвар эрүүл мэндийн хувьд асуудалтай, хүн удирдах байтугай өөрийгөө яая гэсэн хүмүүс байдаг. Ахмадуудаа цуглуулж чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, өрөө тасалгаа, танхим, урлаг спортын заал байхгүй.

Засаг дарга нарын туслалцаа дэмжлэг, хамтран ажиллах үйл ажиллагаа бүр ч байхгүй, иймд долоо хоногт 1-2 удаа хороон дээрээ ирж, дарга нарын хаалгыг татаж, нүүрээ харуулаад буцна. Ихэнхдээ ирэхгүй, гэртээ сууж сул цалин бас дээр нь тэтгэвэр авдаг хүмүүс. Энэ нь гэхдээ энэ хүмүүсийн буруу биш. Ийм хүмүүсээс үр дүн нэхэх, хариуцлага тооцох боломжгүй.

Учир нь дээрээс нь удирддаг чиглүүлдэг, дэмждэг удирдлага дарга гэж байхгүй, өөрийнхөө зөнгөөр байдаг гэсэн үг. Харин нас залуу мэдлэг чадвартай, идэвхтэй ажилладаг дарга нар бас бий. Энэ нь нийт дарга нарын 20-30 хувь хэтрэхгүй.

Уул нь шат шатандаа нийслэл, аймаг, дүүргийн ахмадын хорооны дарга нар удирдаад чиглүүлээд, үүрэг зөвлөмж өгөөд, ажлыг нь дүгнээд явбал ахмадын дарга нарын ажил боломжийн байх ёстой боловч, Нийслэлийн ахмадын хороо, Монголын ахмадын холбооны дарга нар “Бид адилхан төрийн бус байгууллага шүү дээ, нэг нэгийгээ удирдах, үүрэг өгөх, хянаж шалгах, хариуцлага тооцох эрхгүй” гээд хар амиа аргацаагаад хариуцлагаас зугтаад сууж байхад, ахмадын байгууллагын ажил сайжрахгүй, ахмад настнуудын эрх зөрчигдсөөр байх болно.

МАХ нь жилийн эцэст аймаг, нийслэлийн ахмадын хороодоос баахан “тоо” цуглуулж, нэгтгээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд өгч ажил хийсэн, гэрээ биелэгдсэн гээд санхүүжилт аваад, төсвийн мөнгөөр гараа угааж, гэдсээ хооллож суудаг болсон байгууллага, өөр хийсэн ажил байхгүй.

Хааяа нэг тэтгэвэр нэмээч ээ гэж дээд газарт мэдэгдэл хийдэг, саяхан тэтгэвэр нэмлээ гэсэн ч баахан гомдол бухимдал, хэл ам болоод байгаа. Нийслэлийн ахмадын хороо ч мөн адил. Жилд нэг удаа Хотын тэргүүний өрх гэгчийг шалгаруулж, зэс домбо тараахаас өөр ямар ч ажилгүй байдаг. Гэтэл энэ үед орон нутгийн сонгуулын дараа шинээр гарч ирсэн дүүрэг, хорооны засаг дарга нар /олонх нь/ Ахмадын хорооны даргаа хууль дүрэм зөрчин, “булааж авч” өөрийн “халаасны” хүнээ тавьдаг.

За одоо ахмадуудаа анхаарч, халамжилж туслаж дэмжих нь ээ гэтэл дараагийн сонгуульд өөрийнхөө албан тушаалыг авч үлдэх “хэрэгсэл” болгон ахмадуудад мөнгө тараах, шагнах, магтах зэргээр ажиллаж, саналыг нь худалдан аваад таг чиг болдог. Асуудал тавихаар нөгөө ТББ нь төрөөс хараат бус ажиллах хуультай шүү дээ гээд ам хаадаг. За нэг иймэрхүү дүр төрхтэй явж ирлээ дээ Монголын ахмадын байгууллага.

Монголын ахмадын холбоо, Нийслэлийн ахмадын хорооны дарга нар ийм бусармаг явдлын эсрэг тэмцэх, ахмадын хороо, ахмад настны эрхийг хамгаалах талаар чихгүй дүлий мэт үл тоон өнгөрөөж ирсэн. Ахмад настны эрх ашгийг хамгаалах энэрлийн, эрүүл мэндийн, сэтгэл зүйн зэрэг нийгмийн төрөл бүрийн үйлчилгээ дутагдаж, ахмад настны нийгэмд эзлэх байр суурь алхам алхмаар алдарсаар, “хэн ч биш” болох зам руу уруудсаар байна.

Эмч нар ахмадууд ганцаардах нь сэтгэл санааны өөрчлөлтөнд орж зөнөглөх, тэнэгрэл өвчинд хүргэдэг аюултай байдгийг байнга сануулдаг ч, дээрх эрсдлээс хамгаалахад ахмадуудыг нийгэмшүүлэх, хамт олны дотор нь оруулж, чөлөөт цагийг нь зүй зохистой өнгөрүүлэх, амралт сувилалд хамруулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрүүл мэндийн сургалт явуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлууд орхигдсоор явж ирлээ.

Ахмад настны тухай хуулинд ахмад настанд байнга үзүүлж байх есөн төрлийн үйлчилгээг зааж өгсөн боловч, ихэнх нь хэрэгжихгүй байна. Ахмад настны чөлөөт цагаа зөв зохистой өнөгрүүлэх ордон, өргөө, танхим, ногоон байгууламж, өдөр өнжүүлэх байр зэрэг гол чухал зүйлүүд огт байхгүй. Ганц нэг байвч, хүрэлцээ хангамж муутай байдаг.

Санал бодол

Ахмад настны талаархи бүх үйл ажиллагаа төрөөс бүрэн хамааралтай байгаа өнөөгийн нөхцөлд төр ахмадын байгууллагыг өөрийн харьяанд авч, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажлын үр дүнг тооцдог, хяналтын болон хариуцлагын тогтолцоотой болгох зайлшгүй шаардлагатай байна. Ингэхийн тулд, ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, Үүнд:

Ахмадын байгууллагын эрх үүрэг, удирдлага зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоог хийж,  хуульчилж өгөх нь зүйтэй. Мөн Төрийн бус байгууллагын тухай хуулийг яаралтай батлаж, энэ хуулиар ахмадын байгууллагыг төрийн бус байгууллага гэдэг заалтыг хасах шаардлагатай байна.

Мөн ахмадын байгууллагын шат шатны байгууллагын дарга нарын хариуцлага чадварыг сайжруулахын тулд сонгон шалгаруулалт явуулах, бодлогоор сонгох, томилох нь зүйтэй байх аа. Ахмадын дарга нарыг нас залуувтар, мэдлэг чадвартай, идэвх санаачлагатай, хариуцлага хүлээх чадвартай хүнийг сонгон шалгаруулж, томилох нь зүйтэй гэж бодож байна. Ер нь тэтгэврийн бус хүнийг сонгож томилж ажиллуулж яагаад болохгүй гэж?

Нэгэнт төрөөс санхүүгийн дэмжлэг бүрэн авч байгаа тул, түүнээсээ цалинжаад явж болно. Тэглээ гээд төрийн албан хаагч болохгүй шүү дээ. Ахмадын байгууллагад санхүүжилт өгч байгаа төр захиргааны байгууллагууд нь ахмадын байгууллагатаа удирдлага чиглэл өгч, хамтран ажиллаж, ажлын үр дүн, өгсөн төсвийн үр дүнг тооцдог болгомоор байна. Тулгамдаж байгаа бүх асуудлаа энэ их хурлаараа хэлэлцэж шийдвэрлэн ахмад настны эрх ашгийг хамгаалж, хангаж чадах хүмүүсийг ажиллуулмаар байна.

С.ТОГООХҮҮ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *