Эмийн зохистой хэрэглээний талаар бидний заавал мэдэх ёстой зүйлс
Антибиотик эм бэлдмэлийг бид дур мэдэн хэрэглэх, тунг хэтрүүлэх, дусал шингэнүүд болон олонхийн хэрэглэж байгаа эмийг хэрэглэх сонирхол их байдагтай холбоотой эмийн зохисгүй хэрэглээ үүсч, энэ нь манай улсын тулгамдсан асуудлын нэг болоод буй.
Монгол Улс антибиотикийн хэрэглээ хамгийн өндөр улсуудын тоонд орж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тайланд дурджээ. Дэлхий дахинаа жил бүр 700 мянга орчим хүн антибиотикт тэсвэржилттэй бичил биетнээр үүсгэгдсэн өвчний улмаас нас барж байна.
Төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэлийг антибиотик гэдэг. Энэ нь вирусээр үүсгэгдсэн жирийн ханиад томуу болон суулгалтыг эдгээдэггүй. Тиймээс антибиотикийг эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэх ёстой.
Антибиотикийн даслаас хэрхэн сэргийлэх вэ?
Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг. Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь дасалтай болох гол шалтгаан болдог. Хэрэв ямар нэг антибиотикт дасалтай болсон бол тэр антибиотик төдийгүй түүнтэй адил бүлгийн бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай. Хамгийн гол нь эмийг их хэмжээгээр хэрэглэсний улмаас эмийн хордлого, гаж нөлөө илэрдэг. Тиймээс бид бичил биетний тэсвэржилт үүсгэхээс сэргийлэх нь маш чухал юм.
Ингэхийн тулд антибиотикийг дур мэдэн хэрэглэхгүй байх, зөвхөн жор, эмчийн зааврын дагуу хэрэглэх, өвчний зовиур арилмагц хэрэглэхээ болих бус эмчийн заасан хугацааны турш, гүйцэд хэрэглэх, эмчийн зөвлөсөн тун, тогтмол цаг, хэр удаан уух хугацааны дагуу хэрэглэх нь чухал. Учир нь антибиотикийг буруу хэрэглэвэл өвчний шинж тэмдэг бүдгэрч, эмчлэхэд төвөгтэй болдог. Мөн хүний биеийн ашигтай нян устаж, мөөгөнцөр үүсэх нөхцлийг бүрдүүлэх эрсдэлтэй.
Эмийн гаж нөлөө гэж юу вэ?
Эмийг аль болох их хэмжээгээр хэрэглэвэл бие түргэн сайжирч эдгэрнэ гэж боддог нь бидний хамгийн том алдаа. Эмийг хэтэрхий их хэмжээгээр хэрэглэсний улмаас эмийн хордлого, гаж нөлөө илэрдэг.
Өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг оношлох, эмчлэх зорилгоор зохистой тунгаар хэрэглэхэд бие махбодид гарч болзошгүй болон гарч байгаа сөрөг илэрлийг “эмийн гаж нөлөө” гэдэг. Илрэх хордлогын шинж тэмдэг нь дотор муухайрч, бөөлжис цутгах, бөөлжих, ходоод өвдөх, толгой эргэх, чих шуугих, амьсгаадах зэрэг юм.
Эм болгонд харилцан адилгүй байдаг бөгөөд, уг эмийг хэрэглэх үед ямар гаж нөлөө илэрч болзошгүйг эмийн зааварт бичсэн байдаг. Эм хэрэглээд дараа нь таны арьс загатнах, аман дотор памбайж хавдах, эсвэл амьсгалахад төвөгтэй болох, бие хөөж памбайх шинжүүд илэрвэл эмнэлгийн тусламжийг маш яаралтай авах хэрэгтэй. Жороор олгодог эмүүдийг заавал эмчийн заавраар хэрэглэх шаардлагатай.
Эмийн зохистой хэрэглээг хэрхэн хэвшил болгох вэ?
Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдалд тохирсон эмийг зөв сонгон зохих тун хэмжээгээр, тодорхой хугацааны турш хэрэглэхийг хэлдэг. Энэ нь зөвхөн эрүүл мэндийн салбарын болон эм зүйчдийн асуудал биш. Иргэд, олон нийтийн мэдлэг ойлголттой шууд холбоотой.
Иргэд эмийг гэртээ буруу хадгалах, хүүхдэд ойр байлгах, эмчийн заавар зөвлөгөөгүйгээр дур мэдэн хэтрүүлэн хэрэглэх зэрэг алдаа гаргадаг. Ямар нэгэн тохиолдолд эмийг аль болох яаран хэрэглэхгүй байхыг хэвшүүлэх нь маш чухал.
Эмийг ямар хэмжээгээр, хэдэн цагийн зайтайгаар, хоол цайтайгаа хэрхэн уялдуулан, яаж хэрэглэх, хэрэв эмийн сөрөг нөлөө гарвал яах ёстой болон хэрхэн арга хэмжээ авах талаарх зөвлөгөөг эмнэлгийн мэргэжилтэн, эмч байнга тогтмол өгч байх ёстой.