Хавдраас сэргийлж умайн хүзүүний эсийн шинжилгээндээ хамрагдаж хэвшье
Улсын хэмжээний эрүүл мэндийн тоон мэдээллийг харвал зонхилон тохиолдож байгаа хавдрын тавдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж байна. Эмэгтэй хүйсийн хувьд элэгний хорт хавдрын дараа хоёрдугаарт жагсаж байна.
Сүүлийн 10 жилийн дунджийг харвал жилд 400 орчим эмэгтэй энэ хавдраар оношлогдож, 150 орчим нь нас барж байна. Тухайлбал, 2020 онд 480, 2021 онд 312 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, 157 эмэгтэй нас баржээ. Гэтэл умайн хүзүүний хорт хавдар хожуу үедээ оношлогдсон ч мэс засал, туяа, химийн эмчилгээгээр эдгэрэх боломжоороо нэгдүгээрт ордог. Мэргэжлийн хэллэгээр тавилан сайтай халдварт багтана. Энэ халдвараар өвчилсөн тохиолдолд нас барахгүй байх бүрэн боломжтой.
Умайн хүзүүний хорт хавдар дөрвөн үе шаттай. Энэ нь дотроо 1А, 1B, 2A, 2B гэж дэд бүлэгт хуваагддаг. Хожуу үе буюу 2B үе шатаас хойш мэс заслын хагалгаа хийх боломж байдаггүй. Туяа болон химийн эмчилгээ хийдэг. 2B-ээс өмнөх үе шатанд оношоос хамаараад умайн хүзүүг тайрах, умайг бүхэлд нь авах гэсэн 5-6 мэс засал хийдэг байна.
Умайн хүзүү болон хөхний хорт хавдрын эмнэл зүйн удирдамж боловсруулж, эрт илрүүлэх хөтөлбөрийг 2012 оноос улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд 30-60 насны эмэгтэйчүүд гурван жил тутамд нэг удаа харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө эсийн шинжилгээ өгөхийг зөвлөдөг.
Умайн хүзүүний эсийн шинжилгээнд гурван жилд нэг удаа хамрагдаж хэвшсэнээр умайн хүзүүний хорт хавдраас сэргийлж чадна. Эсийн шинжилгээ нь эрт илрүүлгийн эхний үе шат юм. Гэтэл энэ хөтөлбөр хэрэгжээд 10 жил болж байхад эрт илрүүлэг дунджаар 40 хувь хүрэхгүй байна. Энэ нь хавдраар оношлогдсон 10 эмэгтэй тутмын дөрөв нь эрт илрүүлэгтээ хамрагдахгүй, хожуу оношлогдож байна гэсэн үг.
Энэ нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог аж. Хоёрдугаарт, эрт илрүүлэг, эсийн шинжилгээний хамрагдалт муу байгаа нь үүнд нөлөөлжээ.Энэ нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол багатай холбоотой.
Тухайлбал, эмэгтэйчүүдийн 70-80 хувь энэ талаар мэдсэн ч, өрхийн эмнэлэг нь дуудаад байхад шинжилгээгээ өгдөггүй, “завгүй, ажилтай” гэсэн шалтгаан тооцдог нь харамсалтай.
ДЭМБ-аас 2020-2030 онд умайн хүзүүний хорт хавдрыг бууруулах зорилт тавьсан. Үүнд гурван хөтөлбөр багтжээ. Нэгдүгээрт, нийт охидын 90 орчим хувийг вакцинд хамруулах. Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн 70 орчим хувийг эрт илрүүлэгт хамруулах. Гуравдугаарт, хавдраар оношлогдсон хүмүүсийн 90 орчим хувийг эмчилж чадвал умайн хүзүүний хорт хавдраар хүмүүс нас барахгүй, эрсдэл эрс буурах боломжтой гэж үзсэн байна.
Манай улсад эрт илрүүлэг 40 хувь байгааг 70 хувь болгохын тулд иргэдийн мэдлэг, мэдээллийг сайжруулах хэрэгтэй. Эмэгтэйчүүд зорилтот насандаа гурван жил тутамд нэг удаа эсийн шинжилгээндээ хамрагдаад хэвшчихвэл энэ хавдрын тоо буурна. Умайн хүзүүний хорт хавдрын анхдагч урьдчилан сэргийлэлтэд вакцинжуулалт, бэлгийн зөв боловсрол орно. Хоёрдугаарт, эрт илрүүлгийн хөтөлбөртөө хамрагдах, бэлгийн харилцаанд орсноос таван жилийн дараа эсийн шинжилгээ өгч хэвших хэрэгтэй. Жилдээ нэг удаа эмэгтэйчүүдийн үзлэгт орох нь чухал.
Бусад хавдраас ялгаатай нь умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан нь тодорхой байдаг. Тиймээс эрт илрүүлэг, вакциндаа хамрагдвал энэ хавдраар өвчлөхгүй, амиа алдахгүй байх бүрэн боломжтой.
АНУ, Япон, Канад гэсэн өндөр хөгжилтэй оронд 21 наснаас нь эмэгтэйчүүдээс эсийн шинжилгээ авдаг. Эдгээр оронд хамгийн эхэнд папиллома вирус байгаа эсэхийг үздэг. Вирус илрэхгүй бол таван жилийн дараа шинжилгээ өгөхийг зөвлөдөг.