“Хайрын виз”-ээ даруулж амжаагүй ганц биечүүддээ зориулав
Цаг завгүй бужигнасан хөл хөдөлгөөн дунд бүдчин явахдаа бид зарим зүйлийг огт анзаардаггүй. Зөвхөн ажил, тэгээд цалин, дараагийн төсөл, дараагийн цалин, байрны урьдчилгаа, сургалтын төлбөр, улирлын шалгалт гэсээр байгаад эргэн тойрондоо байгаа сайхан зүйлсийг анзаарахаа огт больчихдог юм шиг санагддаг.
Харин бороотой өдөр шүхэр ч үгүй норон алхахдаа, ажлынхнаасаа эрт ирээд аяга халуун кофе уунгаа цонхоор ширтэн зогсохдоо бид амьдралын мөн чанарыг ойлгодог мэт. Түгжрэл дунд гацчихаад бухимдаж суудаг атлаа хотоос зайдуухан гараад холын замд явахдаа бид машины эсвэл автобусны цонхоор уулсыг, үүлсийг, гол мөрөнг удаан гэгч нь тайвнаар ширтдэг.
Тэгээд эх орны минь байгаль ямар үзэсгэлэнтэйгээс эхлээд өнгөрсний сайхан дурсамж, амьдрал, хайрын тухай бодолд автах нь хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг мэт. Хот хоорондын автобусны хоёр хүний суудал дээр ганцаарахнаа хөлөө жийн суугаад цонхоор сүрлэг өндөр уулс ширтэн явахдаа бид хайрын тухай, амьдралын тухай, дурласан хүнийхээ тухай боддог.
Яг ийм мөчүүдэд өөрөөсөө асуудаг атлаа хариултыг нь олж чадаагүй тэр зүйл бол “Ингэхэд амьдрал гэж яг юу юм бэ.Бид яг яах гэж энэ хорвоод төрсөн юм бол” хэмээх бодол юм. Тэгвэл найруулагч Мягмарнарангийн Батболдын ээлжит нэгэн бүтээл болох “Хайрын виз” жүжгийг үзсэнийхээ дараа дээрх хоёр асуултынхаа хариултыг хоёуланг нь олсон.
Нэгдүгээрт, “Амьдрал гэдэг аадар борооноос зугтах биш аадар бороонд бүжиглэж сурах юм” гэж тус жүжгийн Цэнгэлийн өнгөрсний тухай дурсамжаа ярихдаа хэлж буй үг одоо ч сэтгэлээс гарахгүй л явна. Нээрээ л амьдрал гэдэг хатуу, хэцүү, уйтгар гунигт бүхнээс зугтаж амар амгалан, аз жаргалыг хайх бус энэ бүхэнтэй тэмцэж өөрсдөө бид баяр жаргал, инээд хөөрийг бүтээхийг л хэлдэг мэт.
Тэгвэл бид юуны төлөө ингэтлээ тэмцдэг юм бэ гэж үү. Хайрын төлөө, хайртай хүнээ үнсэж, тэвэрч, хайрлах ямар сайхныг мэдрэхийн төлөө, хайрлуулах ямар их гал халуун, догдлолоор дүүрэн байдгийг мэдэрч, дурласан хүнээ харахдаа ичингүйрэн улайж, зүрхний цохилт түргэсэн, бие салганаж, хөл чичирдэг тэр мэдрэмжийг бие болоод сэтгэл зүрхээрээ мэдрэх гэж бид энэ хорвоод ирдэг юм байна. “Хайрын виз” жүжгийн найруулагч, жүжигчид яг л ийм мэдрэмжийг үзэгчдэд төрүүлж байв.
Буруу ойлголцлоос, хэн нэгний мөнгөний төлөөх шуналаас болж дурлалт хосууд салж, шаналж байгаа хэсэг бүр дээр танхимын хаа сайгүй уйлах, мэгших чимээ сонсогдоно.Тэд яагаад уйлав гэдэг нь хэн хүнд илт. Учир нь тэд бол хайрлах, хайрлуулахын сайхныг болоод хайртай хүнээсээ хагацахын хэцүүг мэдэрдэг л үзэгчид.
Жаргалын дүрд тоглож байгаа чадварлаг жүжигчин Т.Сэргэлэн, Сүндэрийн дүрд тоглож байгаа жүжигчин П.Мягмарсүрэн нар үнэхээр л “алтан партнёр” гэдгээ батлан харуулж, үзэгчдийг уйлуулж, хайр дурлалын тухай дурсамжийг нь сэдрээж, анхны харцаар сайхан хайртай учирч болдог гэх итгэлийг “Хайрын виз”- ээ даруулж амжаагүй ганц биечүүдэд өгч чадсаан.
Анх энэ жүжгийн гол дүрд тоглосноос хойшхи өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Т.Сэргэлэн, П.Мягмарсүрэн нар жүжигчний ур чадварын хувьд асар их өсөн дэвшиж, дурласан хүний дүрийг хэрхэн яаж гаргах вэ гэдэг тал дээр үнэхээрийн их чамбай, сэтгэл гарган ажилласан гэдэг нь 2019 онд тус жүжгийг үзсэн хүмүүст тодорхой байлаа. Найруулагч М.Батболд ч жүжигчидтэйгээ маш сайн ажилласан нь илт.
Найруулгын тухайд үнэхээр шинэчилж чаджээ. Хосуудын жаргалтайгаар болзож байгаа хэсгүүд дээр өнгө өнгийн бөмбөлөг цацрах нь үнэхээрийн их догдолмоор…Хосуудын хайр дурлал ямар их хүчтэй, чин сэтгэлийнх гэдгийг тэр хэдэн өнгийн бөмбөлөг, түүнтэй хоршин эгшиглэх ая “яриад өгч” байна.
Дүрүүд цаашаа хараад ярих үед дэлгэцэн дээр нүүрний хувирлууд нь шууд гарч байгаа нь хэний ч санаанаас гармааргүй гайхалтай шийдэл байлаа. Буруу харж ярьж байгаа хүний сэтгэлийн хөдөлгөөнийг үзэгчид ил, тод харж байгаа нь жүжгийг үнэхээрийн “амьд”, илүү ойр болгож өгч байв.
Жаргал сүйн бөгжөө олсоор дамжуулдаг энэ хэсэгт театрын байнгын үзэгчид хамгийн их дуртай болов уу. Сүйн бөгжийг залуу нь бүсгүйнхээ өмнө сөгдөж суугаад л өгдөг гэх хэвшмэл ойлголтыг эвдсэнээрээ, нээрээ хуримын бөгжөө ингэж авч үзэх юм сан гэсэн хүслийг төрүүлснээрээ энэ хэсэгт хамгийн их сэтгэл догдлуулмаар……”Хайрын виз”-ийг үзсэн эмэгтэйчүүд Сүндэрийн оронд байсан бол хэмээн битүүхэн атаархаж ч суудаг бизэээ.
Театрын жүжиг гэхээр жүжигчид нь зөвхөн тайзан дээрээ тоглолт эхлэхээс дуусах хүртэл байдаг гэх “хууль”-ийг найруулагч М.Батболд “Шөнө дундын бүжиг”-ээс эхлээд хэд хэдэн жүжгээрээ “зөрчсөн”. Жүжигчид үзэгчидтэйгээ “найзалж”, үзэгчид жүжгийн нэг хэсэг болж, жүжигчдийг ойроос харж байгаа нь хамгийн сайхан мэдрэмж яахын аргагүй мөн. Үзэгчид зөвхөн жүжиг үзэх биш жүжигтээ “тоглох” боломжийг олгоно гэдэг үнэхээрийн зөв шийдэл гэдгийг М.Батболд найруулагчийн жүжгийг алгасахгүй шимтэн үздэг үзэгчид батлах бизээ.
Муу муухай зүйлээр дүүрсэн энэ нийгэмд сайхан сэтгэл хамгаас чухал гэдгийг “Опал” жүжгээрээ “дархалсан” М.Батболд найруулагч “Хайрын виз” жүжигт энэ санаагаа дахин шигтгэжээ.
Энэ бичвэрээ “Хайрын виз”-ээ даруулж амжаагүй ганц биечүүддээ зориулав. Яг одоо хувцасаа өмсөж гараад Хүүхэлдэйн театрыг зорьж “Хайрын виз”-ээ даруулаарай. Сэтгэл зүрх чинь булгилан догдолсоор, нүд чинь гэрэлтсээр гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Хайрыг хүлээгээд суудаггүй бас хайдаггүй хамтдаа бүтээдэг юм шүү. Дурлалт залуу эсвэл бүсгүйдээ зүрх сэтгэлд чинь зорчих визийг нь өгч, гал халуун хайрыг бүтээхийг хүсэн ерөөе.