“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг сонголоо
Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан /2023.10.04/ 11 цаг 09 минутад, гишүүдийн 85.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасны дагуу “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, Б.Бейсен нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Хянан шалгах түр хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн нэрийг дэвшүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан уг Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна гэж байлаа. Мөн гишүүдээс эмийн үнэ, чанарын асуудалд хувьсгал хийх цаг болсныг тодотгоод Ж.Чинбүрэн гишүүнээс Түр хорооны даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчил бий, эсэх эмийн үнийг буулгаж зорилтод зах зээлд хүргэх, эмийн чанар, хүртээмж, үнэ тойрсон тулгамдсан асуудлыг цэгцлэхэд тууштай ажиллаж чадах эсэхийг нь тодруулж байлаа.