Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын нэрэмжит болголоо

Булган аймгийн ИТХ-ын XVI хуралдааны шийдвэрээр тус аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн театрын урлагийн нэрт зүтгэлтэн, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Намнангийн Наранбаатарын нэрэмжит болгож, тогтоолыг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат 2023 оны долдугаар сарын 23-нд гардуулсан.

Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар нь үндэсний болон сонгодог, орчин үеийн 50 гаруй жүжиг, 20 гаруй концерт, уран бүтээлийн тайлан тоглолтыг найруулж, 10 гаруй олон улсын наадамд оролцон, 20 гаруй жүжгийн гол ба туслах дүрүүдийг бүтээн, Монгол Улсын төрийн наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг дөрвөн удаа, тэгш ойн арга хэмжээг таван удаа найруулж, дэлгэцийн 10 гаруй бүтээлийг үзэгч түмний хүртээл болгосон.

Мөн Монголын тайз, дэлгэцийн мэргэжлийн боловсон хүчний нөөц бэлтгэх ажилд өөрийн хувь нэмрээ оруулж, СУИС-ийн Театрын урлагийн сургуульд мастер багш, зөвлөх профессороор ажиллаж 100 гаруй мэргэжлийн жүжигчнийг бэлтгэн төгсгөсөн юм. Түүнд 2013 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2021 онд Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн билээ.

Тус нэрэмжит театрын нээлтийн арга хэмжээ өнгөрсөн баасан гарагт буюу 2023 оны аравдугаар сарын 06-нд Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт боллоо. “Булганхангай нутгийн урлаг, соёлын түүхэн үргэлжлэлийг нэр хүндтэйгээр өргөж яваа Н.Наранбаатарын хөдөлмөр зүтгэлийг хүндэтгэн, залуу хойч үеийг урлагт дуртай, соёлтой, ухамсартай иргэн болгоход онцгой нөлөөлнө” хэмээн үзэж аймгийн театрыг түүний нэрэмжит болгосноо нутгийн удирдлагууд нээлтийн арга хэмжээний үеэр онцолж байлаа.

Арга хэмжээнд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, СУИС-ийн Хөгжлийн хорооны дарга Ж.Эрхэмтөгс, СУИС-ийн Театр урлагийн сургуулийн захирал Д.Даваасүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин Б.Нармандах, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар тэргүүтэй УДЭТ-ын уран бүтээлчид, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид зэрэг Монголын тайз, дэлгэцийн олон алдартан Булган аймагт хүрэлцэн очиж оролцсоноос гадна УДЭТ-ын уран бүтээлчид, Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын жүжигчид хамтран Оросын алдарт зохиолч В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжгийг үзэгчдэд хүргэлээ.

Энэ уран бүтээлийг тус театрын урын санд шинээр нэмж, цаашид тус театрын уран бүтээлчид тогтмол тоглох боломжийг олгосон юм. Түүнчлэн энэ үеэр ирэх 2024-2025 оны хичээлийн жилд СУИС-д жүжигчин, дуучин, бүжигчин, хөгжимчин, зураач зэрэг таван мэргэжлээр Булган аймгаас оюутан элсүүлэх болсныг мэдэгдсэн. Ингэснээр Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчний тулгамдсан асуудал шийдэгдэх юм.

Сонирхуулахад, ирэх онд Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт Монголын цэргийн нэрт жанжин, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, Олноо өргөгдсөн Монгол Улсын Ерөнхий сайд Ардын Хатанбаатар Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржавын тухай түүхэн жүжгийг “амилуулах”-аар болсныг нээлтийн арга хэмжээний үеэр сонордууллаа.

Тодруулбал, энэ түүхэн жүжгийн зохиолыг зохиолч Б.Цогнэмэх, хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбат бичих бол, тайзны зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, ерөнхий найруулагчаар ОХУ-ын Театрын урлагийн академи буюу ГИТИС-ийн төгсөгч, УДЭТ-ын найруулагч М.Батболд ажиллахаар болжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *