“Сэлбэ сэргэлт төсөл”-ийг хэрэгжүүлэхийн тулд туршлага солилцов
“Сэлбэ сэргэлт төсөл”-ийг хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан БНСУ-ын Сөүл хотын “Чонгечон голын сэргээн засварлах төсөл”-ийг хэрэгжүүлсэн туршлагаас Сөүлийн Үндэсний Их сургуулийн профессор Ли Ин Гын хүрэлцэн ирж танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас түгжрэл бууруулах бодлогын хүрээнд “Сэлбэ сэргэлт төсөл” хэрэгжүүлэхээр болсон. Гадны ижил төстэй төслийн хэрэгжилтээс суралцах нь алдаа гаргахгүй байх, дэвшилтэд талыг нь төслийн ажилд шингээхэд ихээхэн давуу тал болдог. Тиймээс Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар болон Хот төлөвлөлт, судалгааны институтийн холбогдох мэргэжилтнүүд дээрх арга туршлагтай танилцлаа.
Профессор Ли Ин Гын “Чонгечон голын сэргээн засварлах төсөл хэрэгжсэнээр агаар, усны чанар сайжирсан. Мөн үер усны аюулаас хот орчмын хүн ам, байгууламжийг хамгаалсан. Хотын дуу чимээ эрс багассан. Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдсэн” гэв.
“Сэлбэ сэргэлт төсөл”-ийн хүрээнд Дамбадаржаагийн цэцэрлэгт хүрээлэнгээс Сонсголонгийн гүүр хүртэл 21,6 км буюу хоёр талдаа нийт 43,2 км далан, авто замын сүлжээг байгуулах юм. Ингэснээр үерийн эрсдлийг бууруулна. Усан цөөрөм байгуулж голын урсацыг нэмэгдүүлэх, хотын эко системийг тэнцвэржүүлэх, далан дагуу авто машин, нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан тусгай замыг байгуулна. Ингэснээр авто замын түгжрэлийг бууруулах, гол дагуух инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлснээр гэр хорооллын хэсгийн барилгажилтыг эрчимжүүлж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гол дагуу явган хүний зам, унадаг дугуйн зам, орчны тохижилтыг нэгдсэн байдлаар шийдвэрлэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөл бүрдэх юм.