“Алтай” хотхон, “Хөсөг трэйд”-ийн баруун уулзварыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгосныг түр хойшлууллаа
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтод арга хэмжээний хүрээнд хэд хэдэн уулзвар, замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилсөн. Ингэхдээ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай МТС буюу Механик тээврийн сургуулийн уулзварын хойд талаас буцаж эргэх эргэлтийн маршрутыг өөрчилж Алтай хотхоноос гарч байгаа машинууд зөвхөн зүүн тийшээ эргээд гүүрэн доогуур нарны хороолол руу ордог нэг чигийн урсгалтай болж, нарны гүүрний урд уулзвар буцаж эргэх хориотой болгож туршсан юм. Хоёрдугаарт, “Хөсөг трейд”-ийн баруун уулзварын хөдөлгөөнийг өөрчилж мөн нэг чигийн хөдөлгөөн зохицуулалтыг хийсэн.
Харин дээрх зохицуулалтын хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адъяасүрэн нар хэвлэлийнхэнд мэлээлэл өглөө. Энэ үеэр авто замын хөдөлгөөн зохицуулалт, цаашид авах арга хэмжээтэй холбоотой цөөн асуултад хариулт авлаа.
Ч.БАТЗОРИГ: Нэг чигийн өөрчлөлт эсэргүүцэлтэй тулсан ч ажлаа сайжруулах, алдаагаа олж харах, иргэдэдээ мэдээлэл өгөх боломжийг олголоо
-Иргэд нэг л өдөр зам хаачихлаа. Ямар ч тооцоо судалгаагүй ажил хийлээ хэмээн шүүмжилж байна. Үнэхээр судалгаагүй өөрчлөлт байв уу?
-Өнгөрсөн лхагва гараг буюу гуравдугаар сарын 28-наас эхлээд хоёр байршил, гурван уулзвар байгууламж дээр авто замын хөдөлгөөний чиглэлийн өөрчлөлтийг хийсэн. Үүнтэй холбогдуулаад, хэд хэдэн зорчих хэсгийн судалгаануудыг гаргасан. Судалгаанд суурилсан зарим өөрчлөлтийг бид цаашид авч хэрэгжүүлнэ. Ингэж хэрэгжүүлж байгаа өөрчлөлттэй холбоотой зарим нэг хүндрэлтэй асуудал гарлаа. Замын дагуу оршин суудаг хотхон, хороооллын иргэдийн эсэргүүцэлтэй тулсан нь бидэнд ажлаа сайжруулах, алдаагаа олж харах, иргэдэдээ мэдээлэл өгөх боломжийг олголоо. Гэхдээ хөдөлгөөн зохицуулалтын инженерүүдийн тооцоо судалгааг үндэслэж хийж байгаа ажил гэдгийг онцолъё. Нийтийн эрх ашгийг хангах, нийслэл Улаанбаатар хотын авто замын аюулгүй байдалтай холбоотой, олон мянган зорчигч, иргэдийн тав тухтай холбоотой энэ мэт ажлыг хэзээ ч нүдээ аньж байгаад, гэнэтхэн шийдээд хийдэггүй. Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, төсөл хэрэгжүүлэх нэгжийн баг бүрэлдэхүүн ажил хэрэгжүүлэх өнгөрсөн гурван өдрийн хугацаанд иргэдтэй уулзах, хөдөлгөөн зохицуулалтыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллалаа. Энэхүү гурван өдрийн зорчилт, нэвтрэх чадвар, бусад уулзвар, хөдөлгөөн зохицуулалтад нөлөөлж байгаа үр дүн, өөрчлөлтийн мэдээллийг бид ирэх 7 хоногт өгнө.
-Нэг чигийн өөрчлөлтийг нэвтрүүлээд түгжрэлээ сааруулж байгаа хот улсын жишээ олон юм билээ. Иргэд эсэргүүцлээ гээд зогсоох уу. Цаашид хаана, аль хэсгийн зам, уулзвар дээр ямар ажил хэрэгжүүлэх вэ?
-Цаашдаа бид иймэрхүү замын хөдөлгөөний удирдлагын өөрчлөлтийг шат дараатай авч хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэх ажлын хүрээнд та бүхний хамгийн сайн мэдэх Зайсангийн уулзаварыг нэг чигийн хөдөлгөөнд оруулсан. Үүнийг бид хэд хэдэн удаагийн туршилт, судалгааны үндсэн дээр хэрэгжүүлээд албан ёсны шийдвэрийг нь гаргуулсан. Дараагийн өөрчлөлт, хэрэгжүүлж эхэлсэн ажил нь дээрх гурван уулзвар, чиглэлд хөдөлгөөн зохион байгуулалтыг хийсэн. Дахиад бид Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр зарим нэг уулзвар, чиглэлийг өөрчлөхөөр төлөвлөж байна. Цаашдаа хөдөлгөөн зохицуулалтыг үр дүнтэй, тооцоо судалгаанд үндэслэн үр дүн эерэг байвал үргэлжлүүлсээр л байна. Бид энэ ажлыг цуцлаагүй, эргэн хэрэгжүүлнэ.
-Тооцоо судалгаа хийсэн гэж хэллээ. Тухайлбал, яг аль аль хэсэгт ямар өөрчлөлт хийвэл хөдөлгөөний эрчим нэмэгдэхээр байна вэ?
-Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийг дамнасан энэхүү хэсэгт авто замын түгжрэлийг бууруулах зам замын байгууламжийн өргөтгөл шинэчлэлийн хүрээнд хийж байгаа төлөвлөлт бий. Бид энэ ажлыг хийж чадвал Үйлдвэрчний гудамж буюу Эрчим хүчний яамны хойд хэсгээр явдаг Алтай хотхоны урд замын эрчим сайжирна. Энхүү замын нэг талын урсгал дээр хоногт 8000 орчим, эсрэг урсгалд 8500 орчим автомашины зорчилтыг бууруулах тооцоолол гарсан. Нөгөө талдаа Алтай хотхон зүүн болон урд чиглэлээрээ гардаг хоёр гарцтай. Энэ хэсэгт бидний авч хэрэгжүүлсэн нэг чигийн хөдөлгөөн хүндрэл учруулсан. Бидний үндсэн судалгаагаар Чингисийн өргөн чөлөө, Энгельсийн гудамж буюу нарны гүүрнээс урагшаа явах чиглэлтэй гудамж, Чингисийн өргөн чөлөө, Гурвалжингийн гүүрний түгжрэлийг оргил ачааллын үед бууруулахаар энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Ойролцоогоор Алтай хотхонд 3500 орчим машин, 7000 гаруй оршин суугч амьдарч байна. Эдгээр оршин суугчдын орц гарц дээр хүндрэл гарч байгаа хэсэгт зарим арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Жишээлбэл, баруун талдаа цаашаа Гурвалжингийн гүүртэй холбох зурвасыг барьж байна. Урагшаа чиглэлтэй Говь үйлдвэр, Эрэлийн төмөр замыг дамнасан Чингисийн өргөн чөлөөтэй холбох замыг барьж байна. Зүүн чиглэлд Нарны гүүрийн доод хэсгийн уулзварыг хийхээр төлөвлөсөн. Алтай хотхоны ард хэсгээр дайраад хуучнаар мод боловсруулах комбинатын араар явдаг замыг ашиглалтад өгсөн. Энэ зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтын ажил дуусах хүртэл хөдөлгөөний өөрчлөлт, нэг чигийн өөрчлөлтүүдийг хийсээр л байх болно. Энэ арга хэмжээ цаашлаад үр дүнгээ өгвөл бид Хотын удирдлагуудаар шийдвэр гаргуулна.
С.АДЪЯАСҮРЭН: Тухайн бүсүүдэд машин зорчилтын тоо өмнөх үеэсээ 56.7 хувиар өссөн
Дээрх өөрчлөлтийг хийсний дараа тухайн бүсийн замуудад зорчих хөдөлгөөний урсгал ямар үр дүн харуулж байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адъяасүрэнгээс тодрууллаа.
-Гурван өдөр үргэлжилсэн нэг чигийн урсгалтай замуудад хөдөлгөөний эрчим ямар байв?
-Бид хэл амтай гурван өдрийг өнгөрүүлж байна. Улаанбаатар хотын голлох замуудад ачаалал үүсгэж байгаа уулзваруудад хөдөлгөөн чиглэлийг өөрчлөх үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Бид түгжрэл яах билээ гээд зүгээр хараад суусангүй. Хөдөлгөөн зохицуулалтын инженерүүдийнхээ тооцоолсон тооцооллыг бататгах зорилгоор судалгаа туршилт хийж байна. Дэлхийн бусад хотуудад хэдийн нэвтрүүлээд үр дүн гарч хэрэгжүүлээд хэвшсэн хөдөлгөөн зохион байгуулалтын аргачлалаар дээр нэг чигийн урсгалын тооцооллыг хийсэн. Энэ долоо хоногийн эхний 2 өдөр буюу хуучин урсгал хөдөлгөөний үеийг лхагва гарагаас эхлүүлсэн чиглэлийн өөрчлөлт хийсэн үеийн ялгааг яг нэг цагт авсан зураглалаар баримтжуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Гэсэр сүмийн уулзарын 2023 оны 03 дугаар сарын 28-ны 17:30-ны өдрийн байдлаарх хөдөлгөөний эрчмийг Лхагва гарагийн яг ижил цагийн хөдөлгөөнтэй харьцуулж харууллаа. Мөн Цагаан хаалга, Энхтайваны өргөн чөлөө, МТС, Нарны гүүрний уулзваруудыг яг ижил цагийн мэдээлэлтэй нь харьцуулж үзүүллээ. Тухайн бүсүүдийн авто замын хөдөлгөөн харьцангуй сийрэг байхаас гадна, машин зорчилтын тоо 56.7 хувиар өссөн гэх урьдчилсан тооцоо гарлаа. Хөдөлгөөний эрчмийг бид 29.9 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байсан одоогоор 2 өдрийн дотор 31 хувиар нэмэгджээ. Үүнээс үзвэл дээрх нэг чигийн хөдөлгөөн төсөөлж байснаас өндөр үр дүнг харуулах нь байна. Даанч тус зам дагуух хотхон хорооллын иргэдийн бухимдал, эсэргүүцэлтэй туллаа.
-Дээрх хотхон хорооллын иргэдэд авто замын өөрчлөлттэй холбоотой гарах эерэг үр дүнгийн мэдээллийг өгөх, ярилцаж ойлголцох байдлаар ажиллав уу?
-Нарны хорооллын иргэдтэй ярилцсан. Хичээл амарсан үеийн, хичээл сургууль орсон үеийн аль аль нь жигдэрсэн үеийн гээд 21 хоногийн хугацаанд энэхүү туршилт үргэлжлэхээр байсан ч өнөөдөр 22:00 цагаар эцэслэн нэг чигийн хөдөлгөөнийг түр зогсоож байна. Гэхдээ бид цаашдаа 3 өдрийн мэдээлэлдээ үндэслээд шаардлагатай арга хэмжээг авна. Тухайлбал, холбогдох замын өргөтгөл, тэмдэг тэмдэглэгээ хийх, иргэд оршин суугчдын аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр дахин үргэлжлүүлнэ.