Ж.ГАНБАТ: Үндэсний хэмжээний цор ганц цэцэрлэгт хүрээлэнгээ хүн бүр хайрлаасай

Нийслэлчүүд бидний уух усыг цэвэр байлгаж, амьсгалах агаарыг цэвэршүүлэх ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ыг мэдэхгүй хүн цөөн биз. Гэвч энэ байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд хичнээн хүний хүч хөдөлмөр зориулагддаг гэдгийг хүн бүр мэдэхгүй.
Иргэдийн болоод байгууллагынхаа аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн Харуул хамгаалалтын албаны дарга Ж.Ганбаттай цөөн хором хөөрөлдсөнөө уншигч таньтай хуваалцъя.
Тэрээр хамт олны маань хүч хөдөлмөрийг юу ч үнэгүйдүүлж чадахгүй гэдгийг хэлж байлаа.
-Өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
– Өдрийн мэнд хүргэе. Намайг Жингүүгийн Ганбат гэдэг. Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 67-р дунд сургуулийг төгссөн. 2003 онд “Монголын Үндэсний дээд сургууль”-ийг Бизнесийн удирдлага, нягтлан бодогч мэргэжлээр дүүргээд Дулааны 3-р цахилгаан станцад нягтлан бодогчоор найман жил ажилласан. Мөн өөр компаниудад ч энэ мэргэжлээрээ ажиллаж байгаад, 2019-2020 онд Америкт мэргэжил дээшлүүчихээд ирсэн. Ирээд удалгүй “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д Харуул хамгаалалтын албаны даргаар ажилд орж, энэ байгууллагынхаа нэг эд эс болсон доо.
-Нягтлан бодогч, эдийн засагч хүн харуул хамгаалалтын албаны даргаар ажилладаг гэхээр сонин л юм. Мэргэжлээрээ ажиллахаас их ялгаатай байх даа?
– Санаандгүй тохиолдлоор энд ажиллах санал ирсэн. Энэ ажлыг хийхээр ирэхдээ нэг их муу байсан ажлыг сайжруулна гэж бодсон гэх нь юу юм. Харин байнга хүүхэд багачууд хөгжилдөн, хөгшин залуугүй ирж зугаалдаг зөв энергитэй, Монголдоо ганцхан байх энэ буянтай сайхан байгууллагад бас ажиллаж үзье гэж бодсоноо нуухгүй. Энэ маань ч буруудаагүй.
– Ажил үүргийнхээ онцлогоос хуваалцаач?
-Манай харуул хамгаалалтын алба 25 хүнтэй. Үндсэн үүрэг бол мэдээж “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн болон байгууллагынхаа аюулгүй байдлыг хангах. Харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээс гадна бусад засвар үйлчилгээний ажилд ч заримдаа шаардлагатай бол дайчлагдан ажилладаг. Гэхдээ ингэлээ гээд хэн маань ч ялархаж цааргалдаггүй. Харин ч байгууллага хамт олондоо хэрэгтэй зүйлийг хийж байгаадаа баярладаг. Саяхан гэхэд л урсгал засвар үйлчилгээтэй холбоотой аж ахуйн олон ажил ар араасаа гарч ирсэн. Цаашид ч аж ахуйн ажлууд гарч ирэхэд манай харуулууд сэтгэлээсээ засч янзлаад л явна.
-Иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд хэрхэн анхаарч ажилладаг вэ? Тухайлбал, хүн олноор холхидог энэ газарт хяналтын камер байдаг эсэх?
– Иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд нийт 72 камер ажиллуулж хянадаг. Ялангуяа хамгийн сүүлд 360 градус эргэдэг, хянах чадвар сайтай найман камерыг шинээр авч, тойрсон хорооллуудыг харах зорилгоор нэлээн өндөр дээр суурилуулсан. Ихэвчлэн хүүхэд багачууд ирдэг болохоор ямар нэг осол аваарт өртөхөөс сэргийлж байх нь чухал. Мөн хүрээлэнгийнхээ урд талаар анхааруулга бүхий хамгаалалтын хашаа хийж татсан.
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлж буй хүмүүсийн хамгийн нийтлэг гаргадаг зөрчил, бас та бүхний ажлыг хүндрүүлдэг зүйл юу вэ?
– Хулгайн гэмт хэрэг их гарах гээд байдаг. Хүмүүс амарч зугаалаад, хүүхэдтэйгээ сатаарчихсан байхдаа халаасны тэр дундаа утасны хулгайд маш ихээр өртдөг. Мөн залуус олноороо ирж архидах тохиолдол их бий. Нэг ээлжинд наймхан харуул гарч байгаа болохоор энэ том талбайг бүрэн хянаж чаддаггүй. Энэ тохиолдолд ирж архидсан хүмүүс бүх хогоо ил задгай хаяна, хоорондоо зодолдоно, орчныхоо мод сөөгийг хугалах гэхчлэн зөрчил их гаргана. Мөн янз бүрийн шашны холбогдолтой зан үйл үйлдэх гэж мод хугалж, шатаах тохиолдол ч байна. Иймд 5-10-р сар хүртэл гэрээт харуул хамгаалалтын албатай хамтран ажилладаг. Ид ачааллын үед иргэдийн аюулгүй байдлыг хадгалахын тулд эргүүл хамгаалалтын ажилд маань тусалдаг. 24 цагт хүрээлэн маань хаахад түрүүн ярьсанчлан энд тэнд согтуу хүмүүс үлдчих вий, элдэв гэмт хэрэг гарчих вий гэдгээс сэргийлж талбайгаар самналт хийж, шалгадаг.
– Бага насны хүүхдүүд их ирж тоглодогтой холбоотойгоор эцэг эхчүүдийн хариуцлагаас үүдсэн хүүхэд төөрөх зөрчил их гардаг гэж сонссон?
– Яг үнэн. Энэ асуудал маш чухал. Олуулаа бужигнаад тоглож байгаа үед хүүхэд л болсон хойно нэг тоглоомноос нөгөө тоглоом руу дамжиж яваад эцэг эхээсээ төөрчихдөг. Харин үүнийг нь эцэг эхчүүд хоорондоо ярьж байгаад юмуу эсвэл утсаа оролдож байгаад л гэнэт анзаарч, “манай хүүхэд хүүхэд алга болчихлоо” гээд зундаа бол 4-5 хүн заавал орж ирдэг. Тэгэхээр томчууд хариуцлагагүй байгаа биз. Бас нэг зүйлийг хэлэхэд мөн л өөрсдийн санамсар болгоомжгүйгээс сууж байсан сандал дээрээ цүнх, эд зүйлсээ мартаад явах нь их. Энэ бүхнийг нь камераар шүүж, аль болох олж өгөхөд тусалдаг. Өнгөрсөн жил бол ковидоос үүдэлтэйгээр дандаа масктай хүмүүс үйлчлүүлсэн болохоор царай нь танигдахгүй их хэцүү байсан. Ер нь л анхаарал болгоомж маш чухал.
– Хариулж байгаа малаа танай хашаа руу оруулаад хаячихдаг малчид ч байдаг гэсэн?
-Тийм. Ялангуяа өвлийн улиралд олон тооны адуу орж ирдэг. Адуу орж ирэхээр чинь нөгөө л бидний тарьсан мод сөөгийг идчих гээд зовооно. Хөөгөөд гаргачихаар буцаагаад орж ирээд байдаг тул эзнийг нь эрж хайж, утасдана. Шөнөжингөө л хариулгагүй адуутай ноцолддог доо. Орж ирсэн малын баас ч дийлддэггүй. Эргээд эзэн нь ирэхээрээ өөрсдийгөө зөвтгөнө. Ер нь албатай юм шиг аашилдаг хүмүүс их таардаг даа. 80 гаруй адуу бол сүүлийн нэг жил эзэнгүй юм шиг байнга орж ирлээ. Уг нь манай Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чинь нийслэлийн ундны усыг цэвэр байлгах зорилгоор байгуулагдсан юм шүү дээ. Харин хүмүүс энийг мэддэггүй юмуу ойлгодоггүйгээсээ болоод зүгээр л өөрсдийг нь зугаацуулж байх ёстой газар мэтээр аялгадаг. Журмандаа ч “мал бэлчээхийг хориглоно” гээд заасан байдаг. Тэгэхээр бид загнуулах биш харин ч хариуцлага тооцох ёстой юм. Баянзүрх дүүргийн цагдаагийн хамт олонтой энэ тал дээр хамтарч ажиллаж байгаа.
-Яах аргагүй иргэдийн ухамсараас маш их зүйл шалтгаалдаг. Бас нэг зүйлийг заавал тодруулж асуумаар санагдлаа. Танайхаар нохойтой иргэд их үйлчлүүлдэг. Урин дулааны улиралд тэдгээр иргэд нохойгоо ил залгай бие засуулж байгаа нь бусдын тав тухыг алдагдуулаад зогсохгүй эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байгааг шүүмжилсээр байна?
-Үнэндээ тэжээвэр нохойтой хүмүүсийн ухамсар янз бүр байна. Дийлэнх нь нохойгоо төв талбайд ч юмуу үйлдвэрлэлийн талбайн хаа нэгтээ бие засуулчихаад явчихдаг. Харуулуудыг нохойн ялгадсаа авч уутанд хийж хаях талаар шаардлага тавихад өөдөөс нь хэл амаар доромжилдог. Зарим нь утсаараа зураг бичлэг хийн түүнийгээ сошиалд оруулан биднийг буруу өнцгөөс харуулах нь ч бий. Зарим нь нохойгоо албаар төөрүүлээд хаячихна, тэр нь өглөөгүүр гүйж байгаа хүмүүсийг айлгаж цочооно. Их хэцүү. Гэсэн ч нохойтой хүмүүст зориулсан зохих ёсны шаардлагыг тасралтгүй тавьж байгаа.
– Ажлаа хийж, шаардлага тавьсны төлөө загнуулаад байх хэцүү л байх?
-Гэхдээ л бид аль болох хүмүүстэй эелдэг харилцаж, байгууллагынхаа нэрийг муугаар гаргахгүйн төлөө хичээдэг. Манайд шорлог зардаг түрээслэгчид бас их төвөгтэй. Бидэнтэй бол байнга хэл ам, хэрүүл зарга хийдэг. Үйл ажиллагааг нь сайжруулах үүднээс шаардлага тавихад эвгүй авир байнга гаргана. Бүүр харуулуудыг маань барьж авч зодсон ч жишээ байна. Гэхдээ яахав тэрийг зохих ёсны байгууллагад нь хандаж шийдүүлсэн л дээ. Түүнчлэн бусад түрээслэгчдийн хувьд ч гэрээнд заасанчлан хаах цагтаа хааж өгөхгүй, хог хаягдлаа зааврын дагуу хаяхгүй байх гэхчилэн дур зоргоороо аашилдаг үйлдлүүд мэр сэр гардаг. Эцсийн бүлэгт түрээслэгчдийн элдэв буруу үйлдлийг манайхаар үйлчлүүлэгч иргэд түрээслэгчид гэж мэдэхгүй “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийнхэн гэж л ойлгож, ярьдаг. Гэхдээ одоо энэ бүхнийг манай удирдлагууд эхнээс нь цэгцлэх гээд үзэж л байна. Мэдээж бидэнд энэ мэт жижиг асуудал тулгардаг ч үргэлж баяр баясгалантайгаар ирдэг хүүхдүүд, хөтлөлцөн алхах залуу хос, аз жаргалтай гэр бүлийнхний инээдээр дүүрэн байдаг болохоор бид хийж байгаа ажилдаа дуртай.
– Өөр ямар зүйлийг иргэддээ хандаж хэлмээр байна. Олон л зүйлийг захимаар байгаа байх?
– “Иргэд минь ухамсартай байгаасай” гэж хэлмээр байна. Хүүхэд багачууд биш насанд хүрчихсэн залуус цэцэг мод тасалж, бусдын хөдөлмөрийг сүйтгэсэн байгаад харамсдаг. Гэхдээ яахав, нэг үеэ бодвол гэхдээ хандлага өөрчлөгдөж байгаа. Бас нэг зүйлийг онцлоод хэлэхэд, ариун цэврийн газар буюу жорлонгийн хүртээмжийн талаар иргэд их гомдол тавьж ханддаг. Гэтэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн маань цэвэр усны эхийг хамгаалдаг гэдэг утгаараа цэвэр бохир усанд холбохыг хориглодог. Гэсэн ч бид аль болох хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд зөөврийн ариун цэврийн байгууламж ашиглах зэргээр зохицуулдаг. Цаашдаа илүү оновчтой шийдэл хайж байгаа. Тиймээс иргэд маань энэ тал дээр биднийг ойлгож, уян хатан хандаач гэдгийг хүсмээр байна. Монголдоо ганцхан Үндэсний хэмжээний энэ сайхан цэцэрлэгт хүрээлэнгээ хайрлаарай. Энэ чинь та бидний татварын мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Дор бүрнээ ухамсартай хандвал сайн байна. Эцэст нь хийж бүтээх их хүслээр оргилсон, үргэлж гараас нь бүтээл оргилж байдаг хамт олноороо бахархдаг гэдгээ хэлье. Хичнээн их ажилтай байсан ч инээж хөхрөлдөн нэг нэгэндээ дэм болсоор нэг мэдэхэд их ажлынхаа ард гарцгаасан байдаг. Тиймээс би хамт олноо зуны улиралд дэлгэрсэн цэцэгтэй зүйрлэмээр санагддаг.
-Баярлалаа таньд, улам их амжилт хүсье.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *