“Баавгай болохсон” киноны найруулагч П.Золжаргал “Шилдэг найруулагч” боллоо

Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлт өчигдөр /2023.10.16/ нээлтээ хийлээ.

Энэ жилийн кино наадам аравдугаар сарын 16-22-нд Улаанбаатар хотноо болно. Наадмын нээлтийн киногоор Венецийн “Алтан арслан” шагнал хүртсэн найруулагч П.Лхагвадуламын бүтээл “Сэр сэр салхи” уран сайхны кино сонгогдсон юм.

“Монгол кино уралдаан”-д урьд нь дөрвөн төрөлд шилдгийг шалгаруулдаг байсныг өргөтгөж, нийт 11 төрөлд шагнал хүртээснээрээ онцлог болов. Энэ үдэш Улаанбаатар наадмын шилдгүүд тодорч, “Баавгай болохсон” уран сайхны киноны найруулагч П.Золжаргал “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртжээ.

Харин “Шилдэг жүжигчин” шагналыг “Хүний ээж” уран сайхны киногоор жүжигчин А.Ганчимэг хүртсэн бол “Шилдэг эрэгтэй дүр” болон “Шилдэг зураач”-ийн шагналыг найруулагч Б.Ганболдын “Намаг” дэлгэцийн бүтээл хүртсэн байна.

Дэлхийн А зэрэглэлийн хамгийн том кино наадам болох Францын Каннын кино наадамд  монгол найруулагч бүсгүйн кино албан ёсоор сонгогдсон. Түүхийн хуудас эргүүлсэн энэ уран бүтээл бол П.Золжаргалын “Баавгай болохсон” уран сайхны кино. Залуу найруулагч П.Золжаргалын бүтээл 2024 оны нэгдүгээр сарын 12-ноос Монголын кино театруудын дэлгэцнээ гарч, үзэгчдийн хүртээл болох юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *