Х.Булгантуяа: Хүүхдийн чиглэлийн нарийн мэргэжилтэн авна гэж хуульчилсан ч ажиллах хүн олдохгүй байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төсөлд хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, Нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, нийгмийн ажилтан, Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны чиг үүргийг хуульд шинээр нэмэхээр тусгажээ.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хүүхдийн чиглэлийн нарийн мэргэжилтэн авна гэж хуульчилсан ч ажиллах хүн олдохгүй байгаа. Нийт сургуулийн 20 хувь нь одоо хүртэл сэтгэлзүйч байхгүй. Уг нь бол орон тоог нь гаргасан,төсөв мөнгө нь бэлэн.Нийгмийн ажилтантай болъё гэхэд ирэх жилийн бүх төгсөгчдийг аваад ч энэ тоо гүйцэхгүй. 15 их сургууль нийгмийн ажилтан бэлдэж байна. Жилд 300 орчим хүн төгсөж гарч байгаа. Боловсролын салбарт бага, дунд, ахлах анги хариуцсан нийгмийн ажилтан гэж байх ёстой” гэсэн юм.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.