С.Одонтуяа: Нэг хүнийг найман сая төгрөгөөр яаж эмчилсэн талаар хэн тайлбарлах юм
Коронавирусийн халдварт цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалтыг нийтэд ил болгох Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд шинжээч томилохгүйгээр Ерөнхий хяналтын сонсголыг цааш нь зохион байгуулах боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлэв. Харин МАН-ын бүлгийн гишүүд товлосон хугацаандаа зохион байгуулах ёстой гэж маргаан өрнүүлэв.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий хяналтын сонсголыг цааш нь явуулах боломжгүй болсон тайлбар хийснийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Бид шинжээчгүй сонсгол хийхгүй. Хүн гүтгэх гэж суухгүй. Ард түмний мэдэх эрхийг хангана. Шадар сайд С.Амарсайхан байхгүй, хоёр сайд нь өнөөдөр Засгийн газрын хуралдаантай гээд гараад явах гэж байна. Ийм үед хэн мэдэж хариулах юм. Мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтгүйгээр улс төрчид бүх зүйлд хутгалдахыг болиулна. Цар тахлын үеэр ямар ч шалгалтгүйгээр төрийн албанд томилдог, тендер зарлахгүйгээр бараа бүтээгдэхүүн шууд худалдан авах байдал ихэссэн. Зах зээлийн үнээс хэт өндөр бараа авсан ноцтой зөрчил байна. Нэг хүнийг найман сая төгрөгөөр яаж эмчилсэн талаар хэн тайлбарлах юм” гэв.