Ч.Хүрэлбаатар: Дөрвөн нэр төрлийн 900 орчим бүтээгдэхүүнийг ОХУ руу татваргүй гаргах боломжийг судална
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 25 дугаар хуралдаан өчигдөр Улаанбаатар хотод болж өнгөрлөө.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Хуралдаанаар эдийн засаг, худалдаа, нийгэм, соёл гээд хоёр орны хамтын ажиллагааны бүхий л салбарын талаар ярилцаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголоос гарах экспортын бараа бүтээгдэхүүний татварыг буулгах чиглэлээр ойрын хугацаанд хамтарч ажиллахаар тохирсон. Дөрвөн нэр төрлийн 894 бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд татваргүй гаргах боломжийг судалж, үр дүнг ойрын хугацаанд танилцуулахаар боллоо” гэв.
Эгийн голын усан цахилгаан станцын байгаль орчны үнэлгээнүүдийг эцэслэн тохиролцох чиглэлд хамтарсан ажлын хэсэг гаргаж, үйл ажиллагааг шуурхайлах талаар нэлээд ярилцсан гэдгийг сайд Ч.Хүрэлбаатар хэлэв.