Хөрш орны төмөр замууд Монгол Улсын төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон Монгол-Хятад, Монгол-Оросын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварын улмаас гурван жил дараалан цахимаар зохион байгуулагдсаны эцэст энэ жил ОХУ-ын Эрхүү хотноо биечлэн уулзаж хуралдлаа.
Зөвлөгөөнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х. Хэрлэн, “Оросын төмөр замууд” НХН-ийн харьяа Дорнод Сибирийн төмөр замын дарга В.В.Владимиров, “Хятадын төмөр замын төв корпорац”-ийн Хөх хотын төмөр замын ТУЗ-ын дарга Жуан Хө тэргүүтэй гурван улсын төлөөлөгчид оролцож, хөрш орнуудын хилийн боомтын төмөр замын галт тэрэг солилцоотой холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.
Талууд цар тахлын дараачаас Эрээн–Замын-Үүд, Сүхбаатар–Наушки, Эрээнцав – Соловъёвскийн төмөр замын хилийн гарцаар тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ эрс өсөн нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв.
Зөвлөгөөнөөр галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, галт тэрэгний жин болон уртыг нэмэгдүүлэх, галт тэрэг солилцооны техникийн асуудлуудаар тодорхой тохиролцоонд хүрэв.
Хятадын талтай Замын-Үүд–Эрээн боомтын төмөр замын хилийн гарцаар өргөн царигаар хоногт 15 ба түүнээс дээш хос галт тэрэг, мөн нарийн царигаар 8 ба түүнээс дээш хос галт тэрэг солилцож байхаар тохирсон нь цаашдаа УБТЗ-ын тээврийн хэмжээ улам нэмэгдэх боломжийг олгосон чухал алхам боллоо.
Мөн Замын-Үүд–Эрээн өртөө хоорондын цахилгаан мэдээ, ярианы сувгийн төхөөрөмжүүдийг шинэчлэх, аюултай ачааны баглаа боодлын чанарыг сайжруулах, Замын-Үүдийн нарийн царигийн өртөөний хүчин чадлыг өргөтгөх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлуудыг хэлэлцэж тодорхой тохиролцоонд хүрэв.
Оросын талтай Сүхбаатар-Наушки хилийн өртөө хоорондын 2024 оны галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг 1 хос зорчигчийн галт тэрэг, 10 хос ачааны галт тэрэг /үүний 5 хос нь чингэлгийн галт тэрэг/ байхаар тохиров.
Мөн Монгол–Оросын хилийн боомтууд дээр хийгддэг гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын ажиллагааг хялбарчлах үүднээс ачаа тээврийн дагалдах бичиг баримтыг цахимаар солилцох, Сүхбаатар–Наушки хооронд технологийн холбооны дамжуулах төхөөрөмжийг хоёрдогч шилэн кабелиар нөөц үүсгэх техникийн шийдлийг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэж тохиролцлоо. Үүнээс гадна Монгол Улсад бүртгэлтэй вагоныг “Оросын төмөр замууд” НХН-ийн сүлжээгээр тээвэрт аялуулах асуудлаар ажлын уулзалт зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Монголын тал уламжлав.