Ерөнхийлөгч уран барималч А.Очирболдын “Ухамсар” бүтээлийг НҮБ-ын хамт олонд бэлэглэлээ
Нэгдсэн үндэстний байгууллагын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улс дахь НҮБ-ын байранд анх удаа зочилж, НҮБ-ын хамт олонтой уулзлаа.
Энэ үеэр НҮБ-ын хамт олны төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулав. “НҮБ бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг манай улсын хөгжил дэвшилд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй манай чухал түнш” хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, онцоллоо.
Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан шинэчлэлийн бодлогыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа бөгөөд НҮБ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.
Ерөнхийлөгч НҮБ-ын байранд ажиллах үеэрээ уран барималч А.Очирболдын “Ухамсар” бүтээлийг НҮБ-ын хамт олонд бэлэглэлээ. Тус баримлын эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт бэлэглэсэн бөгөөд Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байрны дэргэд сүндэрлэж буй.
Өдгөөгөөс 78 жилийн өмнө буюу 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын Дүрэм хүчин төгөлдөр болсон бөгөөд энэхүү өдрийг дэлхий даяар НҮБ-ын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.