Х.Нямбаатар: Нийслэлийн бүх Засаг дарга нарыг шалгуулах хэрэгтэй
Нийслэлийн нийтийн тээвэртэй холбоотой цаг үеийн асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийтийн тээврийн салбарт нэг ноцтой асуудал байгаа. Жил бүр 300 орчим тэрбум төгрөгийн татаасыг нийт автобусны компаниудад хувааж өгдөг. Нийтийн тээврийн салбарт үйлчилгээ үзүүлж буй ААН-үүдэд олон асуудал байгаа. Тухайлбал “Эрдэм Транс” ХХК Солонгосоос DAEWOO, HYUNDAI автобуснуудыг оруулж ирэхдээ оныг засдаг. Өөрөөр хэлбэл энэ онд 10 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн буюу 2013 оны автобуснууд жагсаалтаас гарах хуультай. Гэтэл 2013 онд үйлдвэрлэсэн автобусыг 2016, 2015 оных юм шиг засаж оруулж ирдэг асуудал байгаа. С.Амарсайхан Засаг даргын үед шар автобус, Д.Сумъяабазар Засаг даргын үед улаан, ногоон автобус авсан. Үе үеийн Засаг дарга нарт нийтийн тээврийн салбарын хүмүүс мэдээлэл өгөхдөө шууд гэрээгээр авдаг гэсэн уламжлалт жишиг тогтсон байна. Тиймээс нийслэлийн бүх Засаг дарга нарыг шалгуулах хэрэгтэй. Улсын төсвийг үрэн таран хийсэн албан ажилтнуудаас хохирлыг нэхэмжлэх ёстой” гэв.