Гадаадад эмчлүүлсэн хүүхдийн эмчилгээний төлбөрийн буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлнэ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2023.11.07/ хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаан Засгийн газар 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгө нь хандив, тусламж, эргэн төлөгдөх нөхцөлгүй олгосон эх үүсвэр, архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь, тамхины онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөс бүрдэнэ гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 19.3 дахь хэсэгт Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажил зохион байгуулах арга хэмжээг  санхүүжүүлэхээр тусгагдсаныг онцолсон.

Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулахын зэрэгцээ  Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчнийг оношлох, эмчлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи шинээр нэвтрүүлэх,  нутагшуулах үйл ажиллагааг санхүүжүүлэх зохицуулалтыг тусгасан.

Хоёрдугаарт, зайлшгүй шаардлагаар буюу дотоодод оношилж, эмчилж чадахгүй байгаа өвчнөөр гадаад улс орнуудад эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд эмчилгээний зардлынх нь таван хувийг  буцаан олгодог. Төр өөрөө дотооддоо оношилж, эмчилж чадахгүй атлаа гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлж байгаа иргэдийнхээ эмчилгээний зардлын таван хувийг л буцаан олгож байгаа нь маш бага хэмжээ. Иймд үүнийг үе шаттайгаар нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Гуравдугаарт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын эрхийг хүндэтгэж оршуулгын тэтгэмж олгох боломж бүрдүүлэх энэхүү үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтууд тусгасныг С.Чинзориг сайд танилцуулгадаа тодотгосон юм.

Хуулийн төсөл батлагдсанаар Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх нийгмийн эрүүл мэндийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад орсон өвчний тоо, иргэдийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэхэд хувиасаа төлөх төлбөрийн хэмжээ буурч, иргэд эрүүл мэндээсээ үүдэлтэй ядууралд өртөх, санхүүгийн дарамт буурахад эерэгээр нөлөөлнө гэж төсөл санаачлагчид үзжээ.

Одоогоор Эрүүл мэндийг дэмжих санд улсын төсвөөс 2-3 тэрбум төгрөг төсөвлөдөг. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хүрээнд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг тав дахин нэмэгдүүлж, 10 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан гэдгийг Эрүүл мэндийн сайд танилцуулгадаа онцлов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Одонтуяа, Ж.Батжаргал нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсад эмчилдэггүй өвчин, эмгэгүүдийг дотооддоо эмчилэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах эсэх, гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдийн эмчилгээний зардлыг төрөөс буцаан олгох хувь хэмжээг хэрхэн нэмэгдүүлэхийг илүүтэй тодруулж байлаа.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар шинээр тусгай сан байгуулахгүй. Одоо байгаа  Эрүүл мэндийг дэмжих сангийн хамрах хүрээг нь өргөжүүлнэ гэдгийг С.Чинзориг сайд хариултдаа тодотгов. Мөн тэрбээр, “Орчин үеийн эрүүл мэндийн шинэ, дэвшилтэд технологи нэвтрүүлэхтэй холбоотой зардлыг эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө хариуцахад санхүүгийн хувьд боломжгүй. Иймд оношилгоо, шинжилгээний тоног төхөөрөмж худалдан авах, шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулахтай холбоотойгоор эмч, мэргэжилтнүүдээ багаар нь чадавхжуулах  зардлыг тус сангаас шийдэхээр тусгаад байна. Тэрхүү шинэ технологи Монголд нутагшлаа гэсэн мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт гаргасан нөхцөлд дараагийн шат буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтээ авна. Бид тэр боломжийг нь нээж өгөх юм.” хэмээн хариулсан. Түүнчлэн гадаадад зайлшгүй шаардлагаар эмчилгээнд хамрагдаад ирсэн иргэдэд олгож байгаа зардлынх нь хэмжээг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлье. Нэг хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувь, насанд хүрсэн хүний эмчилгээний зардлын 20 хувийг буцааж олгохоор төсөл боловсруулж урьдчилсан тооцоо, судалгааг хийж байгаа. Энэ хууль батлагдвал Эрүүл мэндийг дэмжих сангийн журмыг Засгийн газар батална гэдгийг салбарын сайд хариултдаа тодотгохын зэрэгцээ 2022 онд 400 орчим хүн 13 тэрбум төгрөгийн гадаадад эмчлүүлсэн зардлын нэхэмжлэл ирүүлсэн байдаг. Үүний 5 хувь буюу 600 орчим сая төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас нөхөн төлсөн гэж байлаа.

Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *