Яармагийн 300 ортой эмнэлэгт 0-2 насны хүүхдүүдэд буруу тариа хийсэн үү?
Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 0-2 насны хүүхдүүдэд 22.00 цагийн тариаг сувилагч нар сольж тарьсан байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.
Өчигдөр 22.00 цагийн тариаг сувилагч нар сольж тарьснаас хойш зарим хүүхэд бөөлжих, таталт өгөх шинж тэмдэг илэрч шөнийн 00.00 цагаас эхлэн арга хэмжээ авч эхэлсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Одоогоор тус эмнэлэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Яамнаас ажлын хэсэг очиж ажиллаж байгаа, удахгүй мэдээлэл өгнө. Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авч байна, хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон. Тариа андуурсан гэдэг нь батлагдаагүй мэдээлэл. Сувилагч шөнө 00:00 цагийн тариагаа хийхдээ өмнө нь бүх тариурт соруулж бэлдсэн. Ингээд хүүхдүүдэд тарихад хариу үйлдэл үзүүлсэн байна” гэх тайлбар өгчээ.
Харин ЦЕГ-аас “Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний 09 цаг 11 минутад иргэнээс “Хан-Уул дүүргийн Яармагт байдаг Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд нялх хүүхдэд өөр тариа хийсэн байж магадгүй” гэх мэдээлэл ирсэн. Тус мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед зарим сайт энэ талаар мэдээлэл нийтэлж байх тул үнэн зөв, эх сурвалж бүхий албаны мэдээллийг үндэслэж байхыг зөвлөж байна” гэлээ.
Бид удахгүй газар дээрээс нь мэдээлнэ.