1990 оноос өмнөх БНМАУ-ын хөгжлийн талаарх ерөнхий сайд асан Р.Амаржаргалын дүгнэлт юу өгүүлэв?
1990 оноос өмнөх БНМАУ-ын нийгэм, улс төр, эдийн засгийн дүр төрх ямархуу байсныг тухайн үеийн МАХН (өнөөгийн МАН) түүний гишүүд хэрхэн дүгнэж байсныг 1984-1990 оны МАХН-ын Бүгд Хурлын материалд тулгуурлан ерөнхий сайд асан Р.Амаржаргал дүгнэлт бичжээ.
90 оны өмнөх БНМАУ-ын нийгэм улс төр, эдийн засгийн дүр төрх ямархуу байсныг тухайн үеийн МАХН (өнөөгийн МАН), түүний гишүүд нь хэрхэн дүгнэж байсныг 1984-1990 оны МАХН-ын Бүгд Хурлын материалд тулгуурлан хүргүүлье.
Эл материалтай танилцахын өмнө зарим нэгэн зүйлийг сануулах хэрэгтэй.
- Эргэн сануулахад МАХН-ын Их болон Бүгд хурлын материал нь нэг л стандарт бүтэцтэй тул тайлан унших хялбар: илтгэлийн эхэн хэсэгт тайлант хугацаанд “МАХН-ын мэргэн удирдлага, ард түмний шургуй хөдөлмөр зүтгэлийн дүнд” асар их амжилт олж байгааг хэлнэ. Өөрсдийг өө магтан дуулах, өргөмжлөх, МАХН-ын “удирдан чиглүүлэх роль, мэргэн бодлогод” хэн ч эргэлзэхгүй байхаар үзэл суртал, ухуулгын агуулгыг 1000 хувь чихдэг байсан юм. Дараа хэсэг нь ололт амжилтын уг сурвалж МАХН зөв мэргэн бодлого гээд гэхдээ социалист байгуулалтын явцад зарим нэгэн дутагдал байгааг шүүмжилдэг учиртай. Эцэст нь, уриа лоозонгууд. Алдаа дутагдлыг ярихдаа тун их зөөллөж, мөлийлгөн товчхон дурдах бөгөөд доорх ишлэлүүд нь мөн ялгаагүй нэлээн зөөлрүүлэн болгоомжтой томьёолсон гэдгийг сануулах ёстой.
- Өнөөгийн өндөрлөгөөс үзэхэд 1990 оны өмнөх Монголын эдийн засаг ер нь яаж оршин тогтнож, яаж болж байсан юм вэ гэх асуудал өөрийн эрхгүй босож ирнэ. Улс ардын аж ахуйд төрөл бүрийн хэлбэрээр хөрөнгө оруулалт хийгээд л, хэчнээн амь тариа хийж байсан ч “нүдний цөцгий мэт нандигнан хайрлаж” байх ёстой социалист өмч нь эзэнгүйдэж, үр ашиг нь тасралтгүй буурч, хөдөлмөрийн үнэ цэн, ажлын сахилга хариуцлага нь бялдуучлал, ар өврийн хаалга, хахуульд шахагдсан, бүгдийг бүхнийг хамарсан хомсдол дефицит бүрэн ноёрхсон, эцсийн дүндээ ард иргэдийн дийлэнх нь хоосон хонохгүй бол “болж бүтэж байна аа” гэсэн сэтгэхүйтэй болсныг эдгээр бүгд хурлын материалаас үзэж болно.
- Эл материалыг уншиж байхад улс төр, нийгэм эдийн засгийн хувьд мухардалд орсон Монгол улсын дүр төрх, тулгамдсан асуудлыг шийдэх гэж хэчнээн чармайж байгаа нь тод байна. Ажил явахгүй байгаагийн учир шалтгаан нь хүмүүсийн ухамсаргүй байдал, дарга нарын ажлын хариуцлага, сахилга зохион байгуулалт, дутуу дулимаг үзэл суртлын ажил зэргээс шалтгаалаад байна гэж үзэж захиргаадалтын механизмыг “төгөлдөржүүлэх” гэж асар их чармайлт гаргаж байсан байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, хуарангийн социализмыг нураахаас өөр аргагүй гэдгийг монгол улсыг удирдан чиглүүлэх эрхээ Үндсэн Хуулиар дархалсан МАХН хүлээн зөвшөөрөхгүй зүтгэсээр нөхцөл байдлыг хүндрүүлсэн юм.
- Эдийн засгийн дотоод гадаад хэлхээ бүрмөсөн тасарч, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ гуравны нэгийг тусламж нэрээр өр тавин ЗХУ-аас зээлдэж авдаг өөрөөр хэлбэл “тэжээгчээ алдсан” Монголд үйлдвэр аж ахуйн газрууд шил шилээ харан дампуурч хэдэн зуун мянган хүнийг ажилгүй, гудамжинд гаргаж эхэлсэн 1989-1991 оны үйл явдлын учиг тайлбар нь энэ бүгд хурлын материалаас илт харагдана.
- Хэрвээ тухайн үедээ МАХН зөв сонголт, улс төрийн зөв шийдэл олсон бол нийгэм эдийн засгийн шилжилтийг үе шаттай, “шок эмчилгээнд” хүргэлгүй шийдэж болох байлаа. Улс төр, эдийн засгийн шилжилтийг хослуулан, нэгэн зэрэг, цаг хугацаанд шахагдан ямар нэгэн бэлтгэлгүй, туршлагагүй эхлүүлсэн нь 1990 оны өмнөх МАХН-ын бодлого, үйл ажиллагаагаар нөхцөлдсөн байжээ.
- 90 оноос өмнө амьдрал, эдийн засаг тун сайхан байсан, харин 90 оноос хойш буюу УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ нарын удаа дараа хэлж буй “өнгөрсөн 30 жилийн алдаа завхрал” гэгч нь харьцангуй ойлголт гэдгийг дээрх эх материалаас илт уншигдаж байна.
- Нөхцөл байдал ямар байсныг Р.Амаржаргал биш харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүдээс эхлээд бүгд хурлын гишүүд өөрсдөө хэрхэн дүгнэж байсныг ямар нэгэн засваргүй оруулав. Харин миний хувьд тэр үеийн дарга нарын хэлсэн үгийг хэдий төгс биш ч гэсэн сэдэвлэн анхан шатны ангилал хийх гэж оролдсон билээ. Цаашдаа эдийн засгийн түүх сонирходог судлаачид дээрх материалтай гүнзгий танилцан харьцуулсан судалгаа хийвэл тун сонирхолтой байх болов уу гэж мунхаглан сийрүүлсэн
Р.Амаржаргал
2023-11-25
МАХН-ын Бүгд хурлын материалаас 1984-1990
Иргэдийн аж байдал ба нийгмийн үнэлгээ
- Улсын хэмжээгээр нийт хүн амын 30 орчим хувь нь байшин сууцад үлдсэн 70-д хувь нь эсгий гэр буюу ердийн сууцад амьдарч байна. Эсгий гэрт амьдарч байгаа нийт өрхийн 58,5% нь хөдөөд голдуу малчид, үлдсэн хэсэг нь төв болон орон нутгийн хотуудад хамаарагдаж байна. /МАХН-ын Төв Хорооны 4 дүгээр бүгд хурал, 1987 он/
- Нэгдлийн гишүүн нэг өрхөд ноогдох нийт мөнгөн орлого 1970 онд ажилчин албан хаагчдын нэг өрхийн орлогын 55 орчим хувьтай тэнцэж байсан бол 1986 онд 70 орчим хувь болж ялгаа багасаж байна. /МАХН-ын Төв Хорооны 4 дүгээр бүгд хурал, 1987 он/
- Бид их ярьж байгаа боловч хөдөөгийн хөдөлмөрчдөд төрөл бүрийн ном дутагдаж, тогтмол хэвлэл цагтаа хүрдэггүй хэвээрээ байна. Кино ч тэр болгон цагтаа хүрэхгүй байна. /МАХН-ын Төв Хорооны 4 дүгээр бүгд хурал, 1987 он/
- Зарим өсөлт байгаа боловч эцсийн үр дүн болох ёстой /1986-1990/ ард түмний амьдралын түвшинд энэ хугацаанд мэдэгдэхүйц өөрчлөлт хараахан гараагүй байна. 8 дугаар 5 жилийн эхний 3 жилд үндэсний орлогын үйлдвэрлэл хэтийн төлөвлөгөөнөөс 250 орчим сая төгрөгөөр дутаж байгаа ганц жишээ хэлэхэд л уг асуудал ойлгомжтой. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Орон нутагт малчидтай уулзан ярилцаж байхад үзэх кино унших номоор газар сайгүй гачигдаж байдаг нийтлэг шинж дутагдал байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Ёс суртахууны хоцрогдлын шалтгаан нь 1 дүгээрт хуучны атгаг дадал заншлын зуучлал уламжлалтай ч холбоотой 2 дугаарт хамгийн гол нь өнөөгийн манай амьдралд бодитой оршиж байгаа ноцтой дутагдал, доголдол, хариуцлагагүй явдал тэдгээрээс үүдсэн зөрчил бэрхшээлтэй шууд холбоотой юм. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Гэвч өргөн хэрэглээний болон хүнсний бараа төрөл бүрийн үйлчилгээний хангамжийн байдал өнөөгийн шаардлагаас хоцорсон хэвээр байна. Орон сууцын хангамж хурц асуудал хэвээр байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Харин 1985 оноос хойш сүүлийн хэдэн жилд хүн амын мөнгөн орлого нь зарлагаасаа давах хандлага нэлээд нэмэгджээ. Өөрөөр хэлбэл иргэдийн гар дээр мөнгөн хуримтлал ихээхэн нэмэгдсэн байна. Урьдах 15 жилд тэдний жилийн мөнгөн зарлагаас давсан мөнгөн орлого дунджаар 13,5 сая төгрөг байсан бол 1986-аас 1988 онд дунджаар 44 сая төгрөг хүрч байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Сүүлийн жилүүдэд хөдөлмөрчдийн гар дээр байгаа мөнгөний үлдэгдэл ийнхүү түлхүү өссөн явдалд нөлөөлсөн 2 гол шалтгаан байна. 1 дүгээрт сүүлийн 3 жил согтууруулах ундааны үйлдвэрлэл, борлуулалт нэлээд буурсан, 2 дугаарт бараа, төлбөрт үйлчилгээ нэмэгдсэн боловч согтууруулах ундааны борлуулалтын орлогын зөрүүг нөхөх хэмжээгээр нэмэгдэж чадаагүй байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Ихэнх онуудад мөнгөн орлого нь зарлагаасаа давж байсан явдал хүн амын хэрэгцээт барааны хангалт, төлбөр үйлчилгээ бас л хүрэлцээгүй байсантай холбоотой. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Улс хоршооллын байгууллагаас ямар нэгэн тэтгэвэр тэтгэмж авдаггүй өндөр настан нэлээд байгаагийн зэрэгцээ бүтэн өнчин хүүхэд 8,6 мянга байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Хэрэглээний нийгмийн сангаас зарцуулж байгаа хөрөнгийн зарим хэсгийг ядуу зүдүү, өнчин өрөөсөн хүмүүсийн амьдрал ахуйг дээшлүүлэхэд зохих хэмжээгээр чиглүүлж, түүний нийгмийн үр өгөөжийг нь дээшлүүлэх чиглэлийг төлөвлөгөө эдийн эдийн засгийн байгууллагуудад өгөх нь зүйтэй гэж үзэж байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Өндөр насны тэтгэвэрт зориулан гаргадаг хөрөнгө нийт дүнгээрээ 1980 оныхоос бараг 2 дахин нэмэгдсэн боловч тэтгэвэр авагч нэг хүнд ноогдох хэмжээ нь төдий л өсөөгүй байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Манай хөдөөгийн хөдөлмөрчид оройныхоо гурилтай хоолыг өглөө идэж байна. Амьдралын түвшин ийм л хэмжээнд байгаа шүү. Ер нь муу л байгаа шүү дээ. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Гэхдээ бид ойрын 10, 15 жилийн дотор чухам юунд хүрэхийн тодорхой баримжааг олж авахгүй юм бол ард түмэн бүрхэг ерөнхий зорилтод дуртай биш байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Эмх замбараагүй байдал, эрүүл биш уур амьсгал, төвөгтэй түгшүүртэй хүчирлэх (напряжение) байдал бий болсноор олон түмнийг цочрол, цухалдлын туйлд хүргэж, нөхөж баршгүй гарз хохирол гай гамшигт хүргэж болзошгүйг анхаарахгүй байж болохгүй. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Одоо манайд амьд төрсөн мянган хүүхэд тутмаас дал, заримдаа наяад нь нэг хүртэлх насандаа эндэж, үүнтэй бас шууд холбоотойгоор хүн амын дундаж наслалт 65 жилээс өсөхгүй удаж байна. Энэ бол дэлхийн хөгжилтэй төдийгүй зэргэлдээх орнуудынхаасаа ч их хоцорсон үзүүлэлт юм. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Манай нийгэмд байгаа зөрчил ард түмний амьдралын түвшний ялгаанаас болж эхэлдэг гэж боддог. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Орон нутагт телевизийн үндэсний нэвтрүүлэг үзэх гэсэн санал хүсэлт асар их гарч байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Ахмад залуу үеийн хоорондын зай ойртон нягтрах биш холдох хөндийрөх тийшээ эргэж магадгүй боллоо. Үндэстэн ястны хооронд зөрчил мэдэгдэх болж, улс төрийн хамгийн дээд удирдлага дуурайгаад аймгархах нутгархах халдвар нэвчиж эхэллээ. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Манай намд олны сэтгэлгээ алс хэтээ харах чадвар дутлаа. Энд ялангуяа оюуны ардчилал, хүн амын ихэнх нь хэн болов, тэд юу хүсэж байна гэдгийг үнэлэх ухаан намд дутлаа. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Ерөөсөө манай нийгмийн амьдрал нь маш их алдаатай явжээ. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Өр зардалд өвдөг нь сөхөрсөн эдийн засгийг хэн бүрдүүлэв? Материал баялгийг бүтээгчид гэж магтаалын үгийг урасгаж чаддаг мөртөө тэр материал баялгийг бүтээгчид баялаг амьдрах тухай яагаад мартчихав? /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Хүнс өргөн хэрэглээний барааны хангамж муудсаар л байна. Шүдээ угаая гэхээр оогоор тасалчих юм, юмаа угаая гэхээр саван олдохгүй юм. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Ер нь алдаж онож аваад, завхруулж, албадуулж, бас итгүүлж үнэмшүүлж аваад ямар ч л гэсэн манай ард түмэн социализмд хайртай дуртай болсон. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Хөдөөд хүн тогтохгүй байгаагийн учир шалтгаан нь хот хөдөөгийн ялгаа багасах биш харин ч ихсэж байгаатай холбоотой. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Миний бодлоор хот хөдөөгийн байдал тун их ялгаатай болжээ. Хотын залуучууд европ маягийн амьдралаар, хөдөөгийн залуучууд монгол маягийн амьдралаар амьдарч байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Ахуйн ухамсраа тодорхойлно гэдэг хэн бүхний мэдэх томьёолол үнэн юм бол манай хүмүүсийн ухамсрын хоцрогдол нь мөн тийм хоцрогдсон ахуйнхаа бүтээгдэхүүн, үр дагавар нь мөн. Ахуйн хоцрогдол нь эдийн засгийн хоцрогдлоос төрж гарсан түүнээс өөр эцэг түүнд байхгүй. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Улсын хөгжлийн түвшин дорой нь үнэн. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Хүний чанар муудсан гэж хөгшчүүл ярьдаг болсон нь үнэн юм. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Ер нь жараад он бол Монголын эдийн засаг, улс төр, зан суртахууныг өөр зүг хөтөлсөн зааг үе болсныг нарийвчлан тунгаан судалж тодруулах хэрэгтэй байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Хөдөлмөр хамгаалал ажлын нормчлол гэж огт үгүй. Чадалтай нь ч, тааруухан нь ч, идэвхтэй нь ч, үлгэн салган явдаг нь ч ижил цалин авдаг … /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Ядуу амьжиргаатай, туйлдсан амьдралтай хүмүүс, харж хандах хүнгүй хүүхдүүд хүртэл энд тэнд байж л байна. Энэ бол шинэ хөгжлийн замд ороод далан жилийн нүүр үзэх гэж байгаа, ах дүүс социалист орнуудын сэтгэл харамгүй тусламжийг хүртсээр ирсэн, өргөн уудам нутагтай, асар их баялагтай цөөхөн монголчуудын дотор байгаа юм шүү дээ. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Гэртээ тулгаад тойроод тухтай сууя гэхээр цайгаар гачигдах юм. Монголчууд яагаад ийм байдалд хүрэх болов оо. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Сунжиртал, суудлаа цоортол сууж заримдаа хуралддаг байсан мөртөө олон түмэнд үзэгдэж харагдахуйц олигтой асуудал шийдвэрлэсэнгүй. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Зүйрлэж яривал зөв зам зүг чиг заах ёстой луужин маань гажигтай байжээ. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Тэр үед бид даанч ойрын хараатай нэг хүнд даанч их шүтлэгтэй байж дээ гэж би хувьдаа өнөөдөр харамсан ойлгож байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Гэтэл хөдөөд ахуй хотынхоос ч доор шүү дээ. Манай ирээдүй-хүүхдийн эрүүл мэндийн байдал их муу байх шиг байна. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын 80% шүдний өвчтэй, 1989 оны 10 дугаар сарын байдлаар нийслэлийн 84 сургуулиас 700 гаруй хүүхэд идэвхтэй хэлбэрийн сүрьеэтэй, 4 мянгаад хүүхэд халдвар авсан байдалтай гарсан байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Халдварт гепатитаар өвчлөгсдийн 70 гаруй хувь нь 15 хүртэлх насны хүүхэд багачууд өсвөр насныхан байгаа юм. Зохих сайн хоол ундгүй болохоор хүн ам түүний дотор хүүхэд залуучуудын маань эрүүл мэнд ч хэврэгшиж, бие махбод, оюун сэтгэлгээ сайн өсөж хөгжих боломж хомстоход хүрч байх шиг байна. Хот хөдөөгийн бараг бүх айл өглөө халуун хоолгүй заримдаа тавьж хоносон хоолоороо, үгүй бол талх, чихэр боовоор аргалж байх шиг байна. Сургуулийн хүүхэд үндсэндээ өдрийн халуун хоолгүй гэртээ хариад ч халуун хоолгүй байх нь нийтлэг чанартай. Харин бүх өрх айл оройн хоол идэж байх шиг байна. Малчид маань орой л халуун хоолтой золгож байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Монгол хүний эцэг өвгөдийн онч мэргэн бодол зөн билгээр өнөөдрийн хэлээр бол шинжлэх ухаанаар ойр холыг урьдчилан харж бэлтгэлтэй байх ухаалаг ажиллагаа хэрэгтэй боллоо. Цаашдаа байдал улам нарийсч зайлшгүй төвөгтэй болно. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Хэн ч гэсэн 600-700 төгрөгийн цалинтай ажил хийж байснаа 100-200 төгрөгийн цалин авах, тэтгэвэрт гарахдаа 70-80 төгрөг авдаг ажилд оч гэхэд дурлахгүй нь ойлгомжтой. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он, 47х/
Ажилгүйдэл:
- Одоогийн байдлаар говийн болон зүүн аймгуудад малчид хүрэлцэхгүй байгаа зарим бэрхшээл байна. Энэ байдлыг харгалзан ажиллах хүчний хүрэлцээ хангамж сайтай аймгуудаас зүүн болон говийн аймгуудад хүмүүсийг зохион байгуулалттайгаар элсүүлэх шилжүүлэн суурьшуулах арга хэмжээ авч байна. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Ажиллах хүч дутагдалтай, зарим аймгаас элсүүлж, сургууль, курсээр бэлтгэсэн ажилчид, малчид, барилгачид, мэргэжилтэн нарыг уул аймгийн мэдэлд бүрэн шилжүүлэн өгч байх нь зүйтэй. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Сүүлийн жилүүдэд хүн амын ажил эрхлэлтийг дээшлүүлэх талаар бүгд хурлууд дээр ч ярилцсан бас зарим арга хэмжээ авсан боловч уг асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсангүй. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Одоо хөдөлмөрийн насны 20 гаруй мянган хүн тодорхой ажил эрхлээгүй байгаа бөгөөд цаашид хөдөлмөрийн нөөцийн өсөлт шинээр бий болгож байгаа ажлын байрны өсөлтөөс түрүүлэх хандлагатай байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Энд ажлын байрны асуудал байна. Ажилгүй хүмүүс намд, төрд гомдож явна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
Эдийн засгийн салбаруудын байдал
Хөдөө Аж Ахуй
- Санхүү төлбөрийн чадвараар нь хүндэрсэн ХАА-н зарим нэгдлийн банканд төлөх зээлийн өрийн зарим хэсгийг чөлөөлж богино хугацаат зээлийн үндсэн өрийн зарим хэсгийн төлөх хугацааг хүү бодохгүйгээр сунгах, сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуйн эргэлтийн хөрөнгийн дутууг улсын төсвөөс нөхөн олгохоор шийдвэрлэж байна. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Банкны богино хугацаат зээлийн өр төлөхөөс энэ удаа чөлөөлөгдөж байгаа хөдөө ААН-ийн 80 шахам хувь нь үүнээс өмнөх жилүүдэд зээлийн өр төлөхөөс чөлөөлөгдөж байжээ. Ийм байдал эцэс төгсгөлгүй үргэлжилж болохгүй гэдэг нь тодорхой. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Одоо манай улс ардын аж ахуйн үйлдвэрлэлийн нийт үндсэн фондын 4-ний 1 нь ХАА-д ашиглагдаж байна. Өмнөх 5 жилтэй харьцуулахад энэ 5 жилд ХАА-д фонд зэвсэглэмж 38,9% эрчим хүч зэвсэглэмж 16,9%-аар өсөхөөр байна. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- ХАА-н мэргэжилтэй боловсон хүчний хангамж жил ирэх тусам сайжирч, уг салбарт салбарт дээд тусгай дунд боловсролтой 10 гаруй мянган мэргэжилтэн ажиллаж байна. Одоо манай материаллаг үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын 46% нь ХАА-д ажиллаж байна. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Манай салбарын яам, төлөвлөгөөний байгууллага, аймаг, орон нутгийн зарим удирдах нөхдийн хариуцлагагүй, хайхрамжгүй ажиллагаанаас ихэвчлэн шалтгаалж их хөрөнгөөр бий болсон зарим услалтын систем тэжээлийн болон мал бордох аж ахуйнууд алдагдалтайгаар барахгүй зарим нь бие дааж ажиллах чадваргүй болж ХАА-н нэгдэл сангийн аж ахуйг санхүүгийн талаар хүндрүүлэн давхар давхар хохирол учруулахад хүргэж байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Малын тэжээл үйлдвэрлэх, чихэр өвс тарималжуулах гэж ХАА хүнсний үйлдвэрийн яам, ШУА зэрэг байгууллагууд улсын төлөвлөгөөнд оруулан батлуулж олон арван саяын хөрөнгө зарж Байдраг төвийн голд туслах систем барьж эхэлснээс хойш нэлээд олон жил өнгөрсний дараа Баянхонгор аймгийн говийн хэд хэдэн нуур ширгэж зэгс хулс нь сүйдэж, хөрс эвдэрч, элс нүүж, уур амьсгал өөрчлөгдөж, бэлчээр муудах зэрэг ноцтой үзэгдэл гарахад хүргэсэн байна. Ийм жишээ олныг дурдаж болно шүү дээ. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Сүүлийн жилүүдэд ХААн үйлдвэрлэлд зарим нааштай ахиц байгаа боловч МАА-н зогсонги байдлаас гараагүй хөгжлийн хэвийн тогтвортой байдалд орох болоогүй байна. ХАА-д оруулсан хөрөнгийн үр ашиг хангалтгүй байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Цалин хөлс нь бага байгаагаас болж малчдын тоо сүүлийн хэдэн жилд 230 мянгаас 110 мянга болж буурсан. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
Мал Аж Ахуй
- Харамсалтай нь (Мал аж ахуй) салбарын ажлын үр дүн улс орны хөгжлийн өнөөгийн хэрэгцээ шаардлага сүрхий хоцорч явна. Хэрэв өнгөрсөн 4 жилд улсын хэмжээгээр төл болон том малын хорогдлыг 4-ний 1-ээр багасгасан бол, өөрөөр хэлбэл хорогдсон 4 толгой мал тутмаас нэгийг хамгаалж чадсан бол мал өсгөх төлөвлөгөө биелэх нь бүрэн бололцоо байжээ. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Мал аж ахуйн материаллаг бааз жилээс жилд өсөн бэхжиж, боловсон хүчний хангалт сайжирсаар байхад МАА-н байдал олигтой сайжрахгүй байгааг юугаар тайлбарлах вэ? /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Өвөрхангай, Дорнод, Завхан, Сүхбаатар аймаг 1984 онд мал өсгөх төлөвлөгөөгөө тасалж байгаа төдийгүй 1980 онд байсан малаа үлэмж хэмжээгээр хорогдуулсан байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Зөвхөн сүүлийн 4 жилийн дунджаар аваад үзэхэд улсын хэмжээгээр 100 эх тутмаас 76, түүний дотор бод малаас дөнгөж 57 төл бойжуулж байгаа нь тун хангалтгүй байна. Үүний дээр малын тарга хүч хангалтгүйгээс алдаж байгаа нөөц их бий. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Мал хээлтүүлгийн ажлыг зохион байгуулалт муутай явуулж байгаагаас сүүлийн 4 жил төллөсөн нийт бог малын 7,4% нь 5 дугаар сарын 1-нээс хойш, тугалласан бүх үнээний 19% нь 8 дугаар сарын 1-нээс хойш төлөвлөжээ. Баянхонгор, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймаг дээрх шалтгаанаар цөцгийн тосны төлөвлөгөөгөө сүүлийн жилүүдэд их хэмжээгээр тасалжээ. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Малыг өсгөхөд гол анхаарлыг мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үндэс болсон эх малын тоог жилээс жилд нэмэгдүүлж улмаар 12 саяд хүргэж цаашид түүнээс бууруулахгүй байхаар программд тусгаж байна. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Статистикийн төв газрын гаргасан судалгаанаас үзвэл МАА-н салбарт жил бүр дунджаар 150 сая төгрөгийн үндсэн хөрөнгө актлагдаж, данснаас хасагдаж байгаа нь шинээр нэмэгдэж байгаа үндсэн хөрөнгийн 24%-тай тэнцэж байна. Сүүлийн 6 жилд ашиглалтад өгсөн нийт худгийн 30%-тай тэнцэх 2,6 мянган худаг, ашиглалтад өгсөн хашааны 55%-тай тэнцэх 9,1 мянган хашаа актлагдсан байна. /МАХН-ын Төв Хорооны 4 дүгээр бүгд хурал, 1987 он/
- МАА-н мэргэжилтнийг … аж ахуйн аар саархан ажлаар хөөцөлдүүлж үндсэн ажлаас нь хөндийрүүлж байгааг ноцтой дутагдал гэж үзэх ёстой. /МАХН-ын Төв Хорооны 4 дүгээр бүгд хурал, 1987 он/
- Малчдын хөдөлмөрийн багаж хэрэгсэл, гэр ахуйн модон эдлэл зэрэг зарим хямд үнэтэй бүтээгдэхүүн ихээхэн багасаж байна. Гэтэл хэрэгцээ хэвээр байгаа төдийгүй харин өсөж байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Малаа өсгөж амьдралаа сайжруулах зорилт тавьдаг мөртөө малын тоо толгойг хязгаарлах тухай тогтоол шийдвэр гаргадаг нь зөрчилтэй юм. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Гэвч үүрийн гэгээнээс үдшийн харанхуй хүртэл борви бохисхийлгүй хүйтэнд хөрж халуунд халж явдаг малчдын маань цалин хөлс бага байгаа нь үнэн. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Малчин хүн 400 толгой мал маллах ёстой боловч малчин хүрэлцээгүй байвал 800-аас 900-гаар нь хариулдаг. Ажилчин хүн 8 цаг ажилладаг бол малчин хүн 16-аас 18 цаг ажилладаг зэргийг тайлбарлаад яах вэ. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Мянгуужингийн тэр үлгэрээс болж хүний итгэл их алдарч, идэвхийлэх хүчин зүйлс ихэд мохжээ. Ялангуяа малчны итгэл ихэд ганхсан. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Хүүхдийг муухан сурвал малчин болгоно гэж айлгадаг. Албан хаагчийг гэм зэмд орвол хөдөө гаргаж малчин болгож цээрлүүлдэг. Хамгийн бага цалинг малчинд өгдөг. Хамгийн эгэл бараа таваарыг малчинд илгээдэг байлаа. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Малын хорогдол
- Зөвхөн өмнөх жилүүдтэй харьцуулахад зарим ахиц гарсан болохоос биш нийт мал сүрэг түүний дотор ялангуяа төл бойжуулах хээлтэгч мал өсгөх зорилт төлөвлөсөн хэмжээнд хүрсэн хэрэг огт биш. /МАХН-ын Төв хорооны 2 дугаар бүгд хурал, 1986 он/
- Байгаль цаг агаарын хамгийн таатай нөхцөлд оршдог Булган аймагт том мал төлийн хорогдол энэ жил 100 мянгаас хэтэрч олон мянган мал хээл хаяж сувайрчээ. Тус аймгийн Хутаг сум оны эхэнд байсан малынхаа 12,6% буюу 10,5 мянган мал хорогдуулсны 87% нь өвчнөөр хорогдсон байна. Энэ сумд малын их эмч 3 малын бага эмч 9 байгаа. Нэг эмчид ноогдох малын тоогоор улсын дунджаас харьцангуй цөөн байгаа юм. Тэнд эмчилж эдгэрүүлж болохгүй өвчин гараагүй эм тарилга дутагдаагүй байна. Гагцхүү МАА-н үйлдвэрийг удирдах ажлыг урсгалд нь тавьж хариуцлага сахилга туйлын дорой байсан уршиг ийм байдалд хүргэжээ. /МАХН-ын Төв хорооны 2 дугаар бүгд хурал, 1986 он/
- Сүүлийн 16 жилийн 10-д нь малын тоо өсөж, үлдсэн 6 жилд нь хорогдсон байна. Малын зүй бус хорогдол, суваарилалт, хээл хаялт зэргээс мал үржлийн асар их нөөц алдагдаж байгаа нь ойлгомжтой. 1986 оны дүнгээр үзвэл зүй бусаар хорогдсон мал, мах үйлдвэрлэлд зарцуулсан малын бүх зарлагыг хасаад оны эцэст бэлэн тоологдсон бүх төрлийн мал 22,6 сая буюу 1970 оны түвшнээс хэтрэхгүй байна. /МАХН-ын Төв Хорооны 4 дүгээр бүгд хурал, 1987 он/
- Бид дээр дурдсан нэлээн олон хөгжлийн дүнгээс үзвэл МАА-н хөгжил өнөөдөр үндсэндээ зогсонги байдалд байна гэхээс өөр дүгнэлт хийж болохгүй байна. /МАХН-ын Төв Хорооны 4 дүгээр бүгд хурал, 1987 он/
- Амины мал
- Орон нутгийн нам, улсын байгууллага, хөдөлмөрчдийн хүсэлтийг харгалзан сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, малчид, сумын төвийн ажилчин, албан хаагчид, өндөр настны тэтгэвэрт гарсан зарим иргэдийн аминд байх малын тоог нэмэгдүүлэхээр Намын төв хороо, ЗГ шийдвэрлэв. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- 1986 оны байдлаас үзвэл манай улсын нийт малын 23,2% нь иргэдийн амины туслах аж ахуйд байна. Нэгдлийн гишүүдийн амины малын 36% нь бод мал байна. Улсын төвлөрсөн бэлтгэл нийлүүлсэн нийт малын 8%-ийг амины туслах аж ахуйгаас нийлүүлсэн мал эзэлж байна. /МАХН-ын Төв Хорооны 4 дүгээр бүгд хурал, 1987 он/
Газар тариалан:
- Ачаа тээвэрлэлтийг сайн зохицуулахгүй байгаагаас шалтгаалан ургац хураалтын үед бусад төрлийн ачаа тээвэрлэх хэрэгцээ давхардаж тээврийн хэрэгслийн хүрэлцээг хүндрүүлж байна. Иймээс салбар хоорондын улирлын чанартай зохицуулалтыг урьдчилан хийх жилийн турш жигд ажиллах шаардлагыг харгалзан төлөвлөгөө биелүүлэх бэлтгэлийг зохих шатуудад эртнээс авч хэлэлцэн арга хэмжээ авч байх нь чухал байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Ганц жишээ дурдахад ихээхэн хөрөнгө зарцуулж инженерийн хийцтэй услалтын системүүд барьж байгуулсан хэрнээ түүнийг ашиглахдаа хөрсний үржил шим, усалгааны горим, ургамлын биологийн болон ээлжлэн тариалах онцлогт тохирсон усалгаатай тариалан эрхлэх технологийг зохих ёсоор мөрддөггүйгээс болж усалгаагүй нөхцөлд тарьдгаас илүү ургац авч чадахгүй байх тохиолдол олонтоо гарч байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Газар тариалангийн салбарт ч агротехникийн шаардлага зөрчигддөгөөс гол нь шалтгаалж тогтвортой сайн ургац авч чадахгүй байгаагийн дээр, үр тарианы чанар ч хангалтгүй байна. Энэ бүхний цаана бид хэзээ ч эвлэрч болохгүй хариуцлагагүй, зохион байгуулалтгүй, амарлингуй байдал улсын эдийн засагт, ард түмний аж амьдралын өсөлтөнд их хохирол учруулж байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Сүүлийн 15 жилд 600 гаруй мянган га атар эзэмшсэн бол ирэх 15 жилд 400 гаруй мянган га атар эзэмшихээр тооцож байна. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Өвөрхангай аймгийн Хархорин, Дорнод аймгийн Халх гол сангийн аж ахуйн услалтын системийг ашиглаж эхэлснээс хойш нэг ч жил ургацын төлөвлөгөө биелүүлсэнгүй. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Өнгөрсөн жил эдгээр сангийн аж ахуйд услалтын системийн талбай га бүрээс хурааж авсан ургац нь усалгаагүй талбайнхаас ихээхэн доогуур байжээ. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Газар тариалан эрхлэхэд шинэ дэвшилт, агротехникийг зөв мөрдөхгүй, ургац хураах, тээвэрлэх, хадгалах явцад гарч байгаа хаягдал хорогдлыг тууштай багасгаж чадахгүй байгаагаас үлэмж нөөц алдаж байна. /МАХН-ын Төв хорооны 2 дугаар бүгд хурал, 1986 он/
- Жишээлбэл Магсаржав сангийн аж ахуй энэ жил төмс тариалсан 65 га талбайнхаа зэрлэгийг нь хадаж байж ургацаа хураахад хүрч байжээ. Ийм байдлаас болж тус аж ахуйн тарьсан үрээсээ хэд дахин бага төмс авсан байна. /МАХН-ын Төв хорооны 2 дугаар бүгд хурал, 1986 он/
Хүнсний хангамж
- Одоо тус орны нэг хүнд дунджаар жилд ноогддог махны хэрэглээ 88кг байгаа бөгөөд энэ нь хүнс тэжээлийн бусад бүтээгдэхүүний оновчтой харьцааг хангасан нөхцөлд физиологийн зохистой нормыг хангаж байгаа юм. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Түүгээр ч үл барам шингэн сүүг гашилгах асгаж үрэгдүүлдэг аж ахуй ч биш хариуцлагагүй явдал байсаар байна. Иймд шингэн сүүний /асуудлыг/ хатуу тооцоо хяналтад авч бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхлыг дээшлүүлэх арга хэмжээ авбал зохино. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Саалийн механикжсан фермд 100 хээлтэгчээс авч буй төл цөөн, үнээ тугалын хорогдол нэлээд байгаагаас хүч чадлын 20 гаруй хувийг ашиглахгүй байна. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- МАА, газар тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулах хүнсний аж үйлдвэр амжилттай хөгжиж байна. Тус салбарын үйлдвэрлэлийн үндсэн фонд сүүлийн 10 жилд 1,5 дахин өсжээ. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Жишээлбэл Магсаржав сангийн аж ахуй энэ жил төмс тариалсан 65 га талбайнхаа зэрлэгийг нь хадаж байж ургацаа хураахад хүрч байжээ. Ийм байдлаас болж тус аж ахуйн тарьсан үрээсээ хэд дахин бага төмс авсан байна. /МАХН-ын Төв хорооны 2 дугаар бүгд хурал, 1986 он/
- Сүүний үйлдвэрт ажлын зохион байгуулалтын дутагдлаас гол нь шалтгаалж ихээхэн хэмжээний сүүг гашилгаж байна. /МАХН-ын Төв хорооны 2 дугаар бүгд хурал, 1986 он/
- Мах үйлдвэрлэлийн нийт хэмжээ эрхбиш байнга өссөөр байгаа ч гэсэн хүн амын өсөлттэй холбоотойгоор нэг хүнд ноогдох хэмжээ буурч иржээ. /МАХН-ын Төв Хорооны 4 дүгээр бүгд хурал, 1987 он/
- Жишээлбэл манай хүн амын 4-ний 1 нь оршин суудаг Улаанбаатар хотод нэг хүнд мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн улсын дунджаас доогуур ноогдож байхад цөцгийн тос, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо, өндөг улсын дунджаас нэлээд дээгүүр ноогдож байна. /МАХН-ын Төв Хорооны 4 дүгээр бүгд хурал, 1987 он/
- ХАА-н үйлдвэрийн өсөлт удаашралтай байгаа нь ийнхүү хүн амын хүнсний хангамжид муугаар нөлөөлж байгаад бид зарчмын дүгнэлт хийх ёстой. /МАХН-ын Төв Хорооны 4 дүгээр бүгд хурал, 1987 он/
- ХАА аж үйлдвэрийн орон боллоо гэж 1958 онд хэлж байсан. Миний бодоход тэр дүгнэлт 30 жилийн дараах өнөөгийн БНМАУ-ын бодит байдалд арай ойр тохирох болов уу гэмээр санагдана. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/Тус орны үйлдвэржүүлэх ажлыг эрчимжүүлж Аж Үйлдвэр, ХАА-н орон болгоно гэж зорилт дэвшүүлсэн нь буруу биш гагцхүү 30 шахам жил өнгөрөөд байхад уг зорилт биелээгүй их цаг алджээ гэдэгт гол асуудал оршиж байгаа. Тэр тусмаа социализмын хөгжингүй эдийн засгийн заагт хүрэх заалт, жинхэнэ амьдрал 2 хол зөржээ. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Гэвч олонх аймаг хотын хүнсний үйлдвэрүүд хүч чадлаа дутуу ашиглаж хөдөлмөрчдийг хүнс тэжээлээр гачигдуулсаар байгаа дутагдлыг тэмдэглэх хэрэгтэй. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
Аж үйлдвэр
- Машин техникийн ашиглалт хангалтгүй, эвдэж хэмхлэх, үрэн таран хийх явдал багагүй байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Гэтэл 1971 онд үйлдвэрийн хоршооллыг татан буулгаж зарим үйлдвэрийг нь улсад шилжүүлсэн нэртэй боловч хөдөө орон нутагт сумдад байсан авсаархан жижиг үйлдвэрүүдийг хэрэг дээрээ устгасан байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Манай үйлдвэр завод ч материал дутагдсанаас зогсож болзошгүй. Ард түмэн маань хөрөнгө хэрэгцээний бараа хүнсээр тасрах нь хэвийн үзэгдэл ч болж мэдэх юм. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Гадаадад ч их өртэй юм байна, дотоодод ч өр их бий. Худалдаа хийж сурах нь улс орны амин чухал асуудал болж, материаллаг баялгийг үйлдвэрлэх, бүтээхээс ч дутуугүй ач холбогдолтой боллоо. Суурь хониороо ганц машин авдаг ийм механизм үйлчилж байвал цалин хөлс нэмэх нь бүү хэл, цаашид хөгжиж дэвшихэд бэрхтэй болно. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
Тээвэр
- Тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын үед төмс хүнсний ногооны үрэгдэл хорогдол их гарч байна. Мөн ийм шалтгаанаар сүү гашилгаж багагүй хохирол гарсаар байна. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Улс ардын аж ахуйд авто тээврийн хэрэгсэл хүрэлцээтэйгээр барахгүй зарим талаар илүүдэх хандлага үзэгддэг боллоо. Гэтэл 1 дүгээрт жил бүр төлөвлөгөө ёсоор гадаадаас авч нийлүүлэх автомашины тоо нэмэгдсээр байна. 2 дугаарт автомашины тоо нэмэгдэх хэмжээгээр тэдгээрийг хангах өндөр үнэтэй түлш, шатахуун, сэлбэгийн хэмжээ ихсэж байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Даац ихтэй түлш, шатахуун, сэлбэг их хэмжээгээр шаарддаг олон автомашин, тракторыг олдсон зөнгөөр нь авсаар байгаад бүхэл бүтэн авто аж ахуйтай болсон ХАА-н байгууллагууд эдийн засгийн талаар хожиж байна уу хохирч байна уу гэдгээ тус бүрдээ сайн тооцож үзэхэд дахин зөвлөх нь зүйтэй гэж бодож байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Гэхдээ өнөөдөр манай орны улсын ба орон нутгийн чанартай авто замын дөнгөж хоёрхон хувь нь хатуу хучилттай байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
Эрчим хүч
- Манай улс 1975 онд 3,2 сая тонн нүүрс олборлох хүч чадалтай байсан бол одоо 8,2 сая тонн нүүрс олборлох хүч чадалтай болоод байна. Дээрх уурхайн гаргах нүүрсний нөөцийн үндсэн дээр цахилгаан станцууд 1975 онд 266 мянган квт-ын суурилсан хүч чадалтай байсан бол одоо 890 мянган квт болж төвийн районы цахилгааны хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр үндсэнд нь хангадаг болсон. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
Боловсрол,
- Академийн хүрээлэнгүүдийн хийж байгаа /судалгаа/ аж үйлдвэрлэлээс хөндий, судалгааны сэдэв явцуу байгааг шууд хэлэх хэрэгтэй. Ер нь манай шинжлэх ухааны байгууллагууд тайлан гэх явдлыг гол болгодог хуучин аргаасаа ангижрах цаг болсон гэж үзэж байна. Түүгээр ч үл барам МАА-н хүрээлэн түлш эрчим хүчний үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээ зураг төслийн институтэд хийгээгүй ажлыг хийсэн болгож хуурч мэхэлсэн явдал ч гарчээ. /МАХН-ын Төв хорооны 2 дугаар бүгд хурал, 1986 он/
Өмчийн харилцаа
- Төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулахын зэрэгцээ хөдөлмөрийн хамт олон бүр шахуу үүрэг авч, түүнийг биелүүлэх, давуулан биелүүлэх явдлыг урамшуулахад чиглэсэн эдийн засгийн механизмыг боловсронгуй болгох, нийгмийн гишүүн бүр чадлынхаа хэрээр хөдөлмөрлөн бүтээж, бүтээснийхээ хэрээр хэрэглэх социалист зарчмыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх шаардлагатай байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Манай нийгмийн урагшлах хөдөлгөөнд саад болж байгаа хүнд суртал гаргах, хөдөлмөрөөс зайлсхийх, өмч хөрөнгө үрэгдүүлэх, хуурч мэхлэх, эрх тушаал, нэр төр хөөцөлдөх, бялдуучлах, ууж согтуурах, хууль ёс, нийгмийн хэв журам зөрчих зэрэг алив харш үзэгдлийн эсрэг намын үзэл суртал хүмүүжлийн ажлын хурц үзүүрийг чиглүүлэн энэ талаар зохих ажлыг дайчин давшингуй болговол зохино. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Аливаа асуудалд түүний дотор хөдөлмөрчдийн үйлчилгээ хангамжийн асуудалд хуваарилалтын социалист зарчмыг гажуудуулах, танил тал татах, шударга бус орлогоор амьдрагч зальт этгээдүүдэд идэж ашиглах, хулгайлах боломж олгох зэрэг зохисгүй үзэгдлийн эсрэг явуулах тэмцлийг бүх шугамаар хүчтэй болговол зохино. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- ХАА-н нэгдэлд социалист хуваарилалтын зарчмыг өөрөөр хэлбэл нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн хөлсийг тэдний гүйцэтгэсэн ажлын тоо, чанар, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээг харгалзан олгох зарчмыг тууштай хэрэгжүүлбэл зохино. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Улс хоршооллын өмч хөрөнгийг янз бүрийн хэлбэрээр үрэгдүүлдэг, социалист өмчид хүйтэн, цэвдэг сэтгэлээр ханддаг, нэр төр хөөцөлдөн хуурч мэхэлдэг аливаа илрэлтэй эвлэршгүй тэмцэл явуулахад жинхэнэ ёсоор, зөв тавигдсан бүртгэл, хяналт, аж ахуйн тооцоог гол хэрэгсэл болгож ашиглавал зохино. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Хэнтий аймгийн Биндэр суманд 2 жилийн өмнө барьж ашиглалтад өгсөн 2 сая гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй 400 үнээний энгийн фермийг одоог хүртэл ашиглаагүй байна. Эдгээр баримт бол улсын өмч зарим газарт эзэнгүйдэж ноцтой хохирол учирч байгаагийн тодорхой илрэл мөн. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Тоног төхөөрөмж эвдэж, тонох үнэт материал, сэлбэгийг үрэгдүүлснээс улс нийгэмд хохирол учруулж байгаа баримт цөөнгүй байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Өмчийн харьцаанд ялангуяа манай орны хувьд гарсан нэг ноцтой гажуудал бол улс орны эдийн засгийн хөгжлийн түвшин хөдөлмөрчдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах эдийн засгийн чадварыг харгалзахгүйгээр хоршооллын өмч дээр суурилсан аж ахуйг улсын болгосон явдал юм. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Хоршоодын болон хувийн хөдөлмөр эрхлэх нэрийн доор зарим зальт этгээдүүд улсын өмч хөрөнгийг хямд үнээр авах, дамлах, завших, хөдөлмөрчдийг хуурах, мэхлэх зэрэг бусад башир аргад шилжих бололцоог бүх талаар хоригловол зохионо. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Хөдөлмөрөөс зайлсхийж, хөдөлмөрийн бус орлого, хөнгөн хялбар аргаар амьдрах, социалист өмчийг бүрэлгэх, нийгмийн шударга ёсыг зөрчих, хүнд суртал гаргах, нэр төр, албан тушаал хөөцөлдөх, архидан согтуурах, танхайрах зэрэг харш үзэгдлүүдтэй эвлэшгүй тэмцэл хийх замаар нийгмийн амьдралд ёс суртахууны цэвэр ариун байдал, хүнлэг энэрэнгүй ёсыг тогтоох нь бүх нийтийн үйл хэрэг мөн. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Социалист өмч эзэнгүйдэж, хуваарилалтад тэгшитгэл бий болж, хөдөлмөрөөр хуваарилах социалист зарчим алдагдаж, социализмын шударга ёс зөрчигдөхөд хүрсэн байна. Амин хувийн сонирхлыг нийгмийн сонирхлоос дээр тавих /нөхцөлд/ социалист өмчийг үрэгдүүлэх, идэж шамшигдуулах, эрх тушаалаа хортойгоор урвуулан ашиглах зэрэг харш үзэгдлүүд гарах үүд хаалгыг нээхэд хүргэж байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Социалист аж төрөх ёсонд харш үзэгдэл мэдэгдэхүйц буурахгүй байна. Хулгай, дамын наймаа хийх, хээл хахууль авах, өгөх, нийгмийн өмч хөрөнгийг идэж хамшигдуулах үрэгдүүлэх албан тушаалыг хортойгоор ашиглах архидан согтуурах, гэр бүлийг сарниулж үр хүүхдийг өнчрүүлэх, осол эндэгдэл гаргаж, нийгэм болон иргэдэд ноцтой хохирол учруулах, бусад гэмт хэрэг үйлдэх явдал байсаар байхад намын байгууллагуудад тэдгээрийг үл тэсвэрлэх нөхцөл байдал тэр болгон бий болоогүй байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Үүний тулд хөдөлмөрийн биш орлогоор амьдарч байгаа этгээдүүдэд эвлэрэнгүй ханддаг амарлингуй байдлыг … шийдвэртэй өөрчлөх хэрэгтэй. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Юм л бол улсаас нэхэж байхаас өөр аргагүй байдалд ингэж бий болсон. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Одоо улсын хэмжээгээр тоногдсон, байршлыг буруу сонгосон, усгүй болсон шалтгаанаар 70 шахам сая төгрөгийн өртөгтэй 2 мянган худаг ашиглалтгүй байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Түрээсийн харилцаа бол өмчийн олон хэлбэрийг хөгжүүлэх чухал эхлэл юм. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Өмчийг эздээс нь салгаж захиргааны мэдэлд өгсний гайгаар захиргааны гэж хэлж болох ганцхан хэлбэрийн өмчтэй болсон. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
Эдийн засгийн үр ашиг
- Гэвч материалын зардлын өсөлт үндэсний орлогын өсөлтөөс түрүүлсэн хэвээрээ байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Манай 5 хошуу малын толгой тутмаас гарах ашиг шим мэдэгдэхүйц өсөөгүй харин дундаж жин буурах хандлагатай байгаа нь үржил селекцийн ажил үнэхээр хоцрогдож байгаагийн тод илрэл мөн. /МАХН-ын Төв Хорооны 4 дүгээр бүгд хурал, 1987 он/
- Нөгөө талаар манай үйлдвэр аж ахуйн газруудыг өөрийнх нь үйл ажиллагааны дутагдал болон аж ахуйч биш байдлын улмаас үйлдвэрлэлийн хүч чадлыг дутуу ашиглах, материал түүхий эдийг нормоос хэтрүүлж зарцуулах, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар бууруулах, гологдол гаргаж, үнэт түүхий эд материал, хөдөлмөрийг үр ашиггүй зарцуулах зэрэг ноцтой дутагдал үйлдвэрлэлийн эцсийн үр дүнг бууруулахад хүргэж байгааг тэмдэглэх хэрэгтэй. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Улс ардын аж ахуйн материал техникийн баазыг бэхжүүлэх гол арга хэмжээ болсон хөрөнгө оруулалт 1961-ээс 1975 оны хоорондын хоорондох гурван 5 жил тутамд 3,8-аас 7 миллиард төгрөг буюу харьцангуй бага өсөлттэй байсан бол түүнээс хойших гурван 5 жил тутамд 15-аас 25 миллиард төгрөгт хүрч эрс нэмэгдсэн байна. Сүүлийн 30 жилийн эхний 15 жилд буюу 1961-ээс 1975 онд үйлдвэрлэлийн үндсэн фонд жилд дунджаар 0,4 миллиард төгрөгөөр нэмэгдэж байсан бол сүүлийн 15 жилд /1976-аас 1990 он/ жилд дунджаар 2 миллиард төгрөг болж 5 дахин өсөхөөр байна. Дэлхийн зах зээлийн үнийн өсөлтийн нөлөөлөл байсныг бодолцсон ч гэсэн сүүлийн 15 жилд хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх 15 жилийнхээсээ хавьгүй өссөн байна. 1960 онтой харьцуулахад 1985 онд улс ардын аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн фонд 9,2 дахин, үндэсний орлогын үйлдвэрлэл 3,2 дахин, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 9,3 дахин, нийгмийн хөдөлмөрийн бүтээмж 2,8 дахин өссөн байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Нэгэнт улс ардын аж ахуйд оруулсан хөрөнгө хүч өсөж байгаа хэрээр түүний үр бүтээлтэй ашиглаж байна уу үгүй юү гэдэгт асуудлын гол учир байгаа юм. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Аливаад бэлэнчилдэг эцсийн үр дүнг анх төлөвлөсөн хэмжээнд нь хүргэх бэлтгэлийг хангалтгүй зохион байгуулдаг, хариуцлагагүй ажиллагаанаас болж их үнэ цэнээр байгуулсан боловч одоо хэр нь алдагдалтай ажиллаж, зарцуулсан хөрөнгөө нөхөх тухай асуудлыг ярихад ч хэцүү болсон аж ахуй цөөнгүй байгаа тухай өнөөдөр та бид тодорхой жишээ дурдаж ярилцлаа. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Манай үйлдвэр завод ч материал дутагдсанаас зогсож болзошгүй. Ард түмэн маань хөрөнгө хэрэгцээний бараа хүнсээр тасрах нь хэвийн үзэгдэл ч болж мэдэх юм. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, үндэсний орлогын үйлдвэрлэлийг дорвитой нэмэгдүүлж чадаагүйгээс ажилчид малчдын цалин хөлс олон жилийн туршид нэмэгдээгүй, материал баялгийг гардан бүтээгчдийн тоо олигтой өсөөгүй, харин тэжээлгэж тэтгүүлэгчдийн тоо хурдан өсөж, нийгмийн чанартай олон асуудлууд дэс дараатай шийдвэрлэгдэхгүй газар авснаас нийгэм маань өнөөдөр ийм хямралд орж эхэлж байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
Хөрөнгө оруулалтын үр ашиг
- Аль ч салбарт үйлдвэр үйлчилгээний бүхий л үйл ажиллагаа нь өөрийн онцлогт тохирсон нарийн технологитой байдаг бөгөөд түүнийг зөрчсөнөөс чанарын гологдол гарч үйлдвэрлэлийн үр ашиг буурч байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Хөрөнгө оруулалтын нийт хэмжээ өнгөрсөн 4 жилд хэтийн төлөвлөгөөгөөр тогтоосон хэмжээнээс ихээхэн нэмэгдсэн атал ашиглалтад оруулах барилга байгууламж, хүчин чадал дутуу биелж, дуусаагүй барилга байгууламжийн тоо хэмжээ жилээс жилд өсөж иржээ. Үүнээс болж хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлээгүй харин ч буурах хандлагатай байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Шарын голын жимс ногооны аж ахуй зэрэг ХАА-н зарим барилга хэзээ баригдаж дуусах нь мэдэгдэхгүй олон жил үргэлжилж байна. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Олон жилийн практикаас үзэхэд хөдөөгийн барилгын хэмжээ шаардлага өсөж байгаа боловч үр дүн хангалтгүй байна. Ялангуяа нэгдэл дундын ҮХАА-н нэгдлүүдийн барилгын байнгын бригад хэсгийн гүйцэтгэх барилга угсралтын ажлыг ажлын төлөвлөгөө ихээхэн тасалдаж байна. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Баригдсан хашаа худгийн чанар ашиглалт муугаас жил бүр олон хашаа худаг актлагдаж, малыг дулаан байр, усаар хангах асуудлыг шийдвэрлэгдээгүй үргэлжилсэн хэвээрээ байна. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 1986 онд машин тоног төхөөрөмжийг дунджаар дөнгөж 1,8 ээлжээр ажиллуулжээ. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Засварын зарим газарт суурь машиныг хоногт дөнгөж 3-аас 4 цаг ажиллуулж байдаг байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Одоо манай боловсруулж буй модон материалаас 40 орчим хувь нь өөдөс хаягдал болж байна. Арьс ширний үйлдвэрт 1986 оны дүнгээр үзэхэд тогтоосон нормоос илүү зарцуулсан өөдөс хаягдал болгосон шевро, олон мянган хос гутал хийх түүхий эдтэй тэнцэж байна. Эдгээр жишээнүүдээс үзэхэд материалын нөөц хэмнэх, хаягдалгүй ашиглах, ашиглах тэмцлийн ач холбогдол ойлгомжтой юм. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- 1986 оны эхэнд явуулсан үзлэг, шалгалтаар яам, тусгай газруудад гол төлөв импортоор авсан 150 гаруй сая төгрөгийн материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл илүүдэлтэй буюу ашиглахгүй байгаа явдал илэрчээ. Материал техникийн хангамжийн улсын хорооны харьяа баазуудад мөн тийм хэмжээний бараа материалын нөөц удаан хугацаагаар хадгалагдаж байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Хөрөнгө оруулалтын хэмжээ ихээхэн өсөх хэрээр үйлдвэрлэлийн үндсэн фонд их нэмэгдэж байгаа боловч нийгмийн үйлдвэрлэлийн үр ашиг тэр хэмжээгээр өсөхгүй байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Ашиглалт муутай байгаа барилга байгууламжийн тоонд инженерийн хийцтэй услалтын систем орж байна. Улсын хэмжээнд 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 141 услалтын системийн дийлэнх нь төслийн хүч чадлаа эзэмшиж чадаагүй байгаа бөгөөд зөвхөн 1987 оны байдлаар тэдгээрийн 60% нь 25 сая төгрөгийн алдагдал гаргасан байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Улс ардын аж ахуйд жилд дунджаар 5 миллиард гаруй төгрөгийн хөрөнгө оруулж байгаа нь 1980 оныхоос даруй 1,6 дахин өсжээ. Зөвхөн аж үйлдвэрийн салбарын нэг жилийн хөрөнгө оруулалт гэхэд 1973 онд улс ардын аж ахуйд эзэмшиж байсан нийт хөрөнгө оруулалттай тэнцэх болсон байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Амьдралын бодит байдлын аль ч талаас нь аваад үзэхэд хөрөнгө оруулалтын ашиглалтын үр дүн хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг тус бүгд хурлаас хийх бүрэн үндэстэй байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Ийнхүү оруулсан хөрөнгөө эзэмшиж чадахгүйд хүрч байгаагийн нэг баримт нь өнөөдөр жилийн хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь дуусаагүй үйлдвэрийн хэлбэрээр он дамждаг явдал юм. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Материаллаг үйлдвэрлэлийн салбарт 5 5 дахь жилд 1 төгрөгийн хөрөнгө оруулалтад 21 мөнгөний цэвэр бүтээгдэхүүний өсөлт ноогдож байсан бол 6-н 5 жилд 12 мөнгө, 7-н 5 жилд 13 мөнгө, энэ 5 жилийн эхний 3 жилд 9,8 мөнгө болжээ. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- ХАА-н салбарт оруулсан хөрөнгийн өгөөж бусад салбарынхаас ихээхэн доогуур байна. 5-р 5 жилд тус салбарт оруулсан 1 төгрөгийн хөрөнгө оруулалтад 7 мөнгөний цэвэр бүтээгдэхүүний өсөлт ногдож байсан бол 8-р 5 жилийн эхний 3 жилд 3 мөнгө болсон байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- 1989 оны төлөвлөгөөнөөс үзэхэд дуусаагүй барилгын хэмжээ манай улсын жилийн нийт хөрөнгө оруулалтын бараг 90%-тай тэнцэж байна. Эрчим хүч, уул уурхай, хөнгөн үйлдвэрийн салбарт дуусаагүй барилгын хэмжээ эдгээр салбарын жилийн хөрөнгө оруулалтын хэмжээнээс ч давж байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Онцын хэрэгцээ шаардлагагүй, оруулсан хөрөнгийг богино хугацаанд нөхөж чадахгүй, үр өгөөж муутай, байршлаа зөв олоогүй барилга байгууламжид хөрөнгө зарцуулдаг дутагдал арилахгүй байна. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө 7 сая төгрөгийн хөрөнгө оруулан Завхан аймгийн Хомын талд байгуулсан Эрдэм шинжилгээ туршилтын станц 6 сая гаруй төгрөгийн алдагдал гаргаж хэвийн ажиллах боломжгүй болж татан буугджээ. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Нийгмийн үйлдвэрлэлийн үр ашгийн гол үзүүлэлтүүд болох хөрөнгө оруулалтын үр ашиг, фонд өгөөж буурсаар байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Нөгөө талаар яам, салбар, орон нутаг, хамт олны эрх ашгийг улс нийгмийнхээс дээгүүрт тавьж, улсаас бага даалгавар авах, харин хөрөнгө оруулалт, цалин хөлсний фонд, материал санхүүгийн нөөц илүү авах улсад төлөх төлбөрийг бууруулах зэрэг биелүүлэхэд хялбар бага төлөвлөгөөтэй ажиллах гэсэн хоцрогдсон сэтгэлгээ байсаар байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Материаллаг үйлдвэрлэлийн салбаруудад хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байгаагийн бас нэг шалтгаан нь үндсэн фондын хүч чадлын ашиглалт төслөөр тогтоосон хэмжээнд хүрэхгүй байгаад оршино. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он/
Барилга
- Хөрөнгө хүчийг тарамдуулдаг, зураг төслийг хугацаанд нь чанар сайтай хийж хангадаггүй, барилгын гүйцэтгэгч байгууллагуудад үйлдвэрлэл хөдөлмөрийн зохион байгуулалт газар бүр жигд сайжраагүй, захиалагч байгууллагууд гэрээгээр хүлээсэн үүргээ, барилгын ажлын графикийн дагуу хатуу биелүүлдэггүй, тоног төхөөрөмжийг барилгын ажлын технологийн шаардлагын дагуу зохих хугацаанд нь нийлүүлдэггүй зэрэг олон шалтгаанаас болж их барилгын ажил удааширч, хөрөнгө түгжигдэж, барилгын өртөг өндөржиж, эцсийн дүнд улс ардын аж ахуйн хэмжээгээр хөрөнгө оруулалтын хэмжээ өсөж үр ашиг нь буурахад хүрдэг дутагдлыг 1986 онд болон цаашид дахин давтахгүй байх нь чухал. /МАХН-ын Төв Хорооны 11 дүгээр Бүгд хурал, 1985 он/
- Шарын голын жимс ногооны аж ахуйн барилга бараг гурван 5 жил дамжин үргэлжлээд дөнгөж одоо дуусах гэж байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Хөрөнгө оруулалтын хэмжээ тасралтгүй өсөж байгаа боловч бэлтгэл нь хангагдаагүй олон барилгад хөрөнгө хүч цацагдах, зураг төсөл саатах, материал хангамжид тэнцэл алдагдах, тоног төхөөрөмжид нийлүүлэх хугацаа хожимдох зэрэг шалтгаанаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах төлөвлөгөөт зорилт тасалдаж дуусаагүй барилгын хэмжээ 5 жил тутам нэмэгдсээр байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Үүний тодорхой жишээ нь 1988 оны байдлаар нийт барилга угсралтын ажлын 40 гаруй хувийг, ашиглалтад оруулсан орон сууцын тэн хагасыг Монголд ажиллаж байгаа Зөвлөлтийн барилгын байгууллагууд гүйцэтгэсэн явдал юм. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Дуусаагүй барилга өснө гэдэг бол асар их хөрөнгө нь ашиглалтгүй удаан хугацаа түгжигдэнэ гэсэн үг. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Үнэндээ барилга ашиглалтад оруулахгүйгээр барилга угсралтын ажлын үнийн дүнгийн үзүүлэлтээр амиа аргацаадаг, ашиг олдог барилгын байгууллага цөөнгүй байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Тэгвэл сүүлийн жилүүдэд ашиглалтад оруулах барилгын төлөвлөгөө нэг ч удаа биелсэнгүй. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Зөвхөн энэ 5 жилийн эхний 3 жилд Барилгын цэргийн ерөнхий газар, Дундговь аймаг, Улаанбаатар хотын Барилга трест, Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудын удирдах газар зэрэг 75 байгууллага ашиглалтад өгөх барилгын төлөвлөгөөг тасалдуулж нийтдээ 500 сая төгрөгийн үндсэн фондыг ашиглалтад оруулаагүй байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Улсын барилгын хороо Дархан хотын цементийн заводын өргөтгөлийн ажлыг түргэтгэх нэг л чиглэлийн асуудлаар сүүлийн 2 жилд 18 тушаал шийдвэр гаргаж, хорооноос хариуцлагатай ажилтан олон хүн очиж нийтдээ 150 гаруй хоног үр дүн багатай ажиллажээ. Иймэрхүү байдал хорооны ажилд зуршил болсон байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Аль ч аймаг хотоос илүү бололцоотой Эрдэнэт хотын барилгын байгууллага ажлаараа ч, хүч чадлын хэмжээгээрээ ч сүүл барьж явна. Тус хотын барилга угсралтын контор сүүлийн 10 жилийн тавд нь ашиглалтад оруулах барилга, үндсэн фондын төлөвлөгөөг тасалдуулж, ажлыг чанаргүй хийснээс хагас сая төгрөгийн гологдол гаргажээ. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Судалгаанаас үзэхэд аймаг, хотын барилгын үйлдвэрлэлийн баазуудын бетон төмөр бетон үйлдвэрлэх нийт цехийн хүч чадлын 18%, хаалга цонх хийх цехүүдийн хүч чадлын 50 гаруй хувийг ашиглахгүй байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Судалгаанаас үзэхэд улсын хэмжээгээр сүүлийн 10 жилд барилгын байгууллагууд жилд дунджаар 600 орчим барилгад чанарын гологдол гаргаж нийтдээ 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ. Барилгын материалын үйлдвэрүүд 1988 онд 830 гаруй мянган төгрөгийн дамжлага дундын гологдол гаргасан байна. Хамгийн сүүлчийн баримт гэхэд л Хөтлийн цемент шохойн комбинатын удирдлага, инженер, техникийн ажилтнуудын хариуцлагагүй ажиллагааны уршгаар энэ оны 4-өөс 5 дугаар сард олон мянган тонн чанар муутай цемент үйлдвэрлэж нийлүүлснээс барилгын байгууллагууд ихээхэн хэмжээний хохирол учирч олон сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх барилгын ажил гүйцэтгэх боломж алдагдуулав. Барилгын модон хийцийн чанар ч туйлын хангалтгүй байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
Үндсэн фонд
- Эдийн засгийн потенциалыг цаашид өргөтгөн бэхжүүлэхийн зэрэгцээ байгаа хүчин чадлын ашиглалтыг сайжруулах явдал тэргүүн ээлжийн зорилт болж байна. Үйлдвэрлэлийн хүрээнд ажилладаг нэг хүнд ноогдох үндсэн фонд 1965 оныхтой харьцуулахад 4,5 дахин нэмэгджээ. Гэтэл фондын өгөөж энэ хугацаанд нэмэгдээгүй харин буурсаар байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Улс ардын аж ахуйд материалын зардал буурахгүй харин өсөх хандлагатай байна. Иймд зөвхөн үндсэн фондын ашиглалтыг сайжруулахад анхаарал тавиад зогсохгүй эргэлтийн хөрөнгийг төлөвлөлт ашиглалтад тавих хяналтыг газар сайгүй сайжруулж үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай байна. /МАХН-ын Төв Хорооны 11 дүгээр Бүгд хурал, 1985 он/
- Улс ардын аж ахуйд үндсэн фондын өсөлтөөс бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлт хоцорч фонд өгөөмж буурсаар байна. Жилээс жилд шинэ үйлдвэр аж ахуйн газрууд нэмэгдсээр байгаа боловч тэр болгон төслийн хүч чадлыг хугацаанд нь бүрэн эзэмшиж чадахгүй байна. Үйлдвэрийн материаллаг зардал үндэсний орлогын үйлдвэрлэлээс түрүүлж өссөнөөс нийгмийн үйлдвэрлэлийн материал эзлэмж нэмэгдсээр байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Үндэсний орлогын хуримтлалын фондод зарцуулж ашиглах хөрөнгийг үндсэнд нь ЗХУ-аас зээл тусламж авах замаар нөхөж байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
Арвилан хэмнэлт
- 4 жилийн нийлбэр дүнгээр материаллаг нөөцийг хэмнэх хэтийн төлөвлөгөө ч хангалтгүй биелж байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Барилгын салбарт материал, түүхий эдийг нормоос хэтрүүлдэг аж ахуйн биш ажиллагаа бараг хэвийн үзэгдэл болсон гэж хэлж болно. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- 1986-аас 1988 онд манай улсын барилга, барилгын материалын үйлдвэрүүд нийтдээ 4 сая гаруй төгрөгийн материал, түүхий эд, уур, ус, эрчим хүч, нормоос хэтрүүлэн зарцуулжээ. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Модон материал хэмнэх асар их нөөц бололцоо байна. Зөвхөн барилгын салбарт л гэхэд жилд 50 гаруй мянган шоо метр зүсмэлийг шинээр эхлэх барилгын хашаа, агуулах, барилгачдын үйлчилгээний түр байр барихад хэрэглэж байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
Алдагдалтай ажиллах
- Статистикийн судалгаанаас үзвэл энэ 5 жилийн эхний 4 жилд үйлдвэрийг материал, түүхий эд, сэлбэгээр таслах зэргээс гарсан сул зогсолт түүнчлэн ажил тасалснаас гарсан ажлын цагийн нийт гарзадлыг нэг ажилчны дундаж бүтээлээр тооцож үзэхэд 300 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажил үйлчилгээ хийх боломж алдсан байна. /МАХН-ын Төв Хорооны 11 дүгээр Бүгд хурал, 1985 он/
- Сүүлийн 7 жилийн байдлаар авч үзвэл улс, хоршооллын нийт үйлдвэр, аж ахуйн газрын 6,4 – 13,7% нь алдагдалтай ажиллаж иржээ. Түүгээр ч барахгүй төлөвлөгөөт алдагдалтай үйлдвэр аж ахуйн газрын тоо төдийлөн буурахгүй байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./???
- Төвлөрсөн фондод хувь нэмэр оруулахын оронд алдагдалтай буюу бага ашигтай ажиллаж, хэрэг дээрээ улсаар тэжээлгэж байгаа үйлдвэр, аж ахуйн газар байсаар байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуйн эдийн засгийн үр ашиг тогтвортой дээшлэхгүй нэлээд аж ахуй алдагдалтай ажиллаж байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Зөвхөн 1986 онд гаргасан алдагдлыг санхүүжүүлэх, эргэлтийн хөрөнгийн дутууг нөхөхөд улсын төсвөөс 200 гаруй сая төгрөг зарцуулсан байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Улсаас хөрөнгө хүч зарцуулж барьж байгуулсан үйлчилгээ, соёлын, зарим барилгын байгууламж дүүрэн ачаалалтай ашиглагдахгүй байх явдал хот хөдөөд байсаар байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Зөвхөн 1988 онд 105 байгууллага төрөл бүрийн тооцооны үнийн зөрөөгөөр бүгд 330 гаруй сая төгрөгийн алдагдлыг улсаас нөхүүлсэн нь 1986 оныхоос 35,2%-аар өсжээ. Ер нь алдагдал арилгах асуудал зарим тохиолдолд хоосон яриа болж байгаа байгаад туйлын анхааралтай хандах шаардлагатай байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Малын тэжээлийн үйлдвэрүүд байгуулсан нь зөв зүйтэй арга хэмжээ мөн боловч хүч чадлыг нь эзэмших ажлыг хангалтгүй зохион байгуулж байгаагаас сүүлийн 10 жилд ашиглалтад орсон 13 тэжээлийн үйлдвэр, аж ахуй 1986-1988 онд 50 гаруй сая төгрөгийн алдагдал гаргажээ. Түүнчлэн том хотуудыг сүүгээр хангадаг саалийн механикжсан 36 ферм төслийн хүч чадлаа дутуу ашиглаж байгаагаас жилд дунджаар 12 сая литр сүү хөдөлмөрчдийн хэрэгцээнд нэмж нийлүүлэх боломж алдаж байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Дорнод, Дундговь, Өвөрхангай аймгийн тоосгоны заводыг ашиглалтад оруулснаас хойших хугацаанд тэдгээрт уур, усны шугам нэмж тавих тоног төхөөрөмжийг сольж өөрчлөх зэрэг үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангахад зориулан 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө хэмжээ зарсан боловч эдгээр үйлдвэрийн хүч чадлын 45-аас 60%-ийг эзэмшээгүйгээр барахгүй 20 гаруй сая төгрөгийн алдагдал гаргажээ. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Зөвхөн 1988 онд 59 байгууллага бүгд 480 шахам сая төгрөгийн алдагдлыг тооцооны үнийн зөрүүгийн хэлбэрээс улсаас нөхүүлсэн нь 1985 оныхоос 2,6 дахин өсжээ. Энэ мэтээр тооцооны үнэ гэгчээр амиа аргацаах байдал дүрсээ хувиргасан олон төрлийн алдагдал гарч байгааг арилгахад чиглэсэн бодитой үйлчлэх механизмыг олж тогтоох, цаашид аж ахуйн үйл ажиллагаанаас гарсан үргүй зардал алдагдлыг өөрсдөө хариуцдаг зарчимд тууштай шилжих нь зүйтэй гэж үзэж байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Өнгөрсөн 3 жилд олон арван байгууллага барилга угсралтын ажлын болон хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх төлөвлөгөө биелүүлээгүйгээс 270 шахам сая төгрөгийн ажил хийх боломж алджээ. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
Нөөц боломжийн тухай
- Аж үйлдвэрийн салбарын машин, тоног төхөөрөмжийн ажиллах ээлжийг нэмэгдүүлэх замаар суурилсан тоног төхөөрөмжөөс авах бүтээгдэхүүний хэмжээг ч ихээхэн нэмэгдүүлж, шинээр ажлын байрыг ч нэмж бий болгох боломж байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Аж үйлдвэрийн салбарт 1985 оны байдлаар бүх үйлдвэрийн газрын 3-ны 2 нь хүч чадлаа дутуу ашигласны дотор 5 үйлдвэр тутмын 1 нь хүч чадлынхаа 70-аадхан хувийг ашиглаж байжээ. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Өнгөрсөн оны байдлаар саалийн механикжсан фермүүдийн төслийн хүч чадлыг 30 орчим хувийг ашиглаж чадсангүй. Услалтын олонх системийн хүч чадал дутуу ашиглаж байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
Материалын зардал
- Аж үйлдвэрийн салбарт таваарын бүтээгдэхүүний нэг төгрөгт ногдох зардлыг хямдруулах даалгавар 4 жилийн 3-т нь, барилгын салбарт барилга угсралтын ажлын нэг төгрөгт ногдох зардлыг хямдруулах төлөвлөгөө 4 жил дараалан биелэгдсэнгүй. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Хэвийн хэмжээнээс хэтэрсэн хөрөнгө материалын нөөц зарцуулж байж төлөвлөгөөгөө биелүүлсэн нэр хүлээх нь аж ахуйч биш байдлын хамгийн хурц илрэл мөн. /МАХН-ын Төв Хорооны 11 дүгээр Бүгд хурал, 1985 он/
- Улс ардын аж ахуйн хэмжээгээр материалын зардлын өсөлт үйлдвэрлэлийн эцсийн үр дүнгээс түрүүлсэн хэвээр байна. Аж үйлдвэрийн салбарын материалын зардал бараг 30% өсөж байхад цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэл 16,5% өсөх тооцоотой байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
Хөдөлмөрийн бүтээмж
- Зарим салбар аж ахуйн байгууллагад хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт фонд зэвсэглэмжийн өсөлтөөс ихээхэн хоцорч байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Түүгээр ч барахгүй Усны аж ахуйн яам, Холбооны яам, Нийтийн аж ахуй, үйлчилгээний яамны харьяа барилгын байгууллагууд хөдөлмөрийн бүтээмжийг 1980 оны түвшнээс бууруулсан ноцтой дутагдлыг юугаар ч зөвтгөх аргагүй. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Хөдөлмөрийн бүтээмж цалин хөлсийн зохистой харьцааг алдагдуулах, цалин хөлс, шагнал урамшил, тэгшитгэл гарах аливаа буруу хандлагыг хэрхэвч гаргаж болохгүй. /МАХН-ын Төв Хорооны 11 дүгээр Бүгд хурал, 1985 он/
- Улс ардын аж ахуйн хэмжээгээр фонд зэвсэглэмжийн өсөлтөөс хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт хоцорч фонд өгөөмж буурсаар байна. Сүүлийн жилүүдэд үндэсний орлогын үйлдвэрлэл өсөлтийг хөдөлмөрийн бүтээмжийн дээшлэлтээр хангасан хувь өсөөгүйгээр барахгүй харин ч буурах хандлагатай байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Энэ бол материалын нөөцийн захиалга ашиглалтад тавих хяналт шаардлага сул байгаагийн харгай юм. Сүүлийн 5 жилд фонд зэвсэглэмж аж үйлдвэрт 57%, их барилгад бараг 2 дахин өссөн байхад хөдөлмөрийн бүтээмж эдгээр салбарт 20 орчим хувь хувь л өссөн байна. Энэ хугацаанд хөдөлмөрийн бүтээмж барилгын материалын үйлдвэрт дөнгөж 0,7% мод боловсруулах салбарт 4% арьс шир гутлын салбарт 6% өсжээ. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Үндэсний орлого үйлдвэрлэх төлөвлөгөө 2 жилийн дүнгээр 90 гаруй сая төгрөгөөр тасарч байна. Нийгмийн хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх материалын зардлыг бууруулах талаар дэвшүүлсэн зорилтууд биелэгдсэнгүй. /МАХН-ын Төв Хорооны 4 дүгээр бүгд хурал, 1987 он/
- Өнгөрсөн 3 жилд олон арван байгууллага барилга угсралтын ажлын болон хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх төлөвлөгөө биелүүлээгүйгээс 270 шахам сая төгрөгийн ажил хийх боломж алджээ. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Ард түмний хэрэгцээний өсөлт түүний хангалт 2-ын хооронд асар их зөрөөтэй хэвээрээ байна. Түүнчлэн эхний 4 жилийн урьдчилсан гүйцэтгэлээс үзвэл улс ардын аж ахуйн хэмжээгээр болон зарим тодорхой салбар, үйлдвэр, аж ахуйн газарт төлөвлөгөөний тасалдал их гарах төлөвтэй байна. Энэ 5 жилийн эхний 4 жилийн дүнгээр үндэсний орлого үйлдвэрлэх төлөвлөгөө 300 гаруй сая төгрөгөөр тасалдахаар байна. Улс ардын аж ахуйн олонх салбарт хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх 5 жилийн төлөвлөгөөт зорилт хангагдахааргүй байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Энэ оны эхний 2 сарын байдлаар авч үзэхэд улс ардын аж ахуйн хэмжээгээр хөдөлмөрийн бүтээмж нэлээд буурлаа. Хөдөлмөрийн бүтээмж аж үйлдвэр барилгын 180 гаруй үйлдвэр аж ахуйн газарт өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс буурлаа. Үүнээс болж 100 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж алдагдаж байна. Төсвийн орлогын төлөвлөгөө энэ оны эхний 2 сарын байдлаар 200 гаруй сая төгрөгөөр тасарч явна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Энэ оны эхний 2 сарын статистикийн мэдээгээр улс ардын аж ахуйн нийт салбар аймаг хотод ажлын дүн тааруухан гарсныг бид мэдэж байна. Хөдөлмөрийн бүтээмж, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний хэмжээ буурах, тасалдал гарах зэргээр урьд өмнө нь байгаагүй тааруухан үзүүлэлтүүд гарч байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
Сахилга хариуцлага: ажлын арга барил
- Ажлын арга хэлбэрийг байнга сайжруулах шаардлага амьдралаас урган гарч байна. /МАХН-ын төв хорооны ээлжит бус 8 дугаар бүгд хурал 1984 он/
- Харьцангуйгаар аваад үзсэн ч манай улс ардын аж ахуйд захиргааны аппаратын зардлын хэмжээ их байна. Иймд бид ирж байгаа шинэ 5 жилийн анхны жилээс захиргааны зардлыг нэмэгдүүлэхгүй харин бололцоотой бүх шугамаар хямдруулах нь зүйтэй. /МАХН-ын Төв Хорооны 11 дүгээр Бүгд хурал, 1985 он/
- Төрийн байгууллагуудад ч удирдлагын захиран тушаах арга барил газар авснаас ардчилал хязгаарлагдаж шат шатад захиргааны аппарат томорч, бичиг цаас нэмэгдэж, үргүй зардал өсөж, ажлыг эзэнгүйдүүлэх, хэлбэрдэх явдал дэлгэрчээ. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Яам улсын хороог татан буулгасан нэгтгэж цомхотгосон боловч тэнд байсан өндөр мэргэжилтэй хүмүүсээс үйлдвэр аж ахуйн газарт мэргэжлийн ажилд бараг шилжиж ирэлгүй ямар нэгэн албан өрөө олоод сууцгааж амждаг байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Нам, төр, аж ахуйн байгууллагын ажлын зааг ялгааг хэрэг дээрээ арилгахад хүрсэн байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Намын ажлын арга барил: голдуу захиргааны арга хэрэглэж шууд дайрах, компаничлах замаар түр зуурын ахиц гаргаад түүнийгээ шинэ арга барилаар ажилласан болж хэт сайрхаж, хүрсэн түр зуурын амжилтаа хэт магтан тайлагнах, эцэст нь санаа амарч тайвшрахад хүрдэг хуучин зуршлаас түргэн ангижрах хэрэгтэй байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Удирдлага эрх мэдэл, дээд шатдаа төвдөө хэт төвлөрсний улмаас дунд болон доод шатад бие дааж асуудал шийдэх чадваргүй дээд газрын ам хааж, амарлингуй хүлцэнгүй, идэвхгүй уур амьсгал дамжсаар ирсэн нь бас нууц биш. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Намын 15 дугаар Их хурлаас 19 дүгээр Их хурал хүртэл намын 4 их хурлаас Төв хорооны бүрэлдэхүүнд сонгогдсоны /хүмүүсийн/ 66% нь сонгуулийнхаа бүрэн эрхийн хугацаанд Бүгд хуралд үг хэлээгүй байсныг хэвийн үзэгдэл гэж болохгүй юм./МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Бид өөрчлөн байгуулалтыг хийхдээ бас хуулбарлах, дуурайх заншлаасаа салаагүй, бусад оронд ямар л хууль гарна, түүнийг шүүрч аваад, амьдралд хэрэгжихгүй цаас их бичиж, түүнийгээ гаргах гэж мунгинатлаа хуралдсаар өөрчлөн байгуулалтын эхний жилүүд өнгөрч цаг хугацааг ихээхэн алдлаа. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Захиран тушаах аргадаа мухраар шүтэх, дээд тушаалтанд бүх юм хүрч шийддэг арга маань арилсангүй. Дээд байгууллагын гар хардаг дээд тушаалтны ам дуугарахыг хүлээдэг гайтай хөөтэй арга хэлбэр намын байгууллагад нэвтэрсэн хэвээр байгааг шинээр үүссэн эсвэл, холбоодын үйл ажиллагаа бидэнд илчлээд өглөө. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Ясли, цэцэрлэг, сургуульд захиргаадах арга хэлбэр удаан жил ноёрхож хүүхдийг бага балчраас нь бусдыг дагалдан дуурайгч болгож, гүйцэтгэгч авьяасыг хэт их хөгжүүлж, тэднийг бүтээлчээр сэтгэн бодох, биеэ дааж өөрийгөө хүмүүжүүлэх, өмчид эзний ёсоор хандах хариуцлага үүргээс хөндийрсөн хүмүүс гэж үзэж болох юм. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Ер нь бүх байгууллагууд өөрчлөлт шинэчлэлт хийж аппаратын бүтэц зохион байгуулалт орон тоогоо цомхотгож шат дамжлагыг багасгана гэж 2 жил гаруй ярьж байгаа боловч тодорхой мэдэгдэхүйц юм гарахгүй байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Улс төр, нийгэм, эрдэм судлалын зэрэг аль ч хүрээнд шинэ соргог санаа үзэл баримтлал ямагт тодорхой хүн буюу цөөн хэсгийн үзэл бодол байдлаар төрж гардаг бөгөөд энэ нь олонхын санаа бодлыг голчилдог, захираадах арга барилд ноёрхсон нөхцөлд хүчээ авч биежиж чадалгүй дарагдах, тэр ч байтугай сөрөг үзэл бодолд тооцогдох нь цөөнгүй гарч байсан гашуун сургамж бидэнд бий. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- өөрчлөн байгуулалтын нэлээд асуудлаар бид чинь санаачлагчаасаа илүү орчуулагч болох нь зарим талаар харагдаж байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Шударга шүүмжлэлийг хааж, ил далд хэлбэрээр мөрдөн мөшгөх аливаа оролдлогын илрэлтэй намын байгууллагууд хэрхэвч эвлэрч болохгүй. Үүний хамт хувийн атаа жөтөөний үүднээс бусдыг гүтгэх худал мэдээлэх явдалтай хатуу тэмцэж байх нь зүйтэй. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Хамтын удирдлагын тухай аман дээрээ ярьсаар байсан боловч төвийн шийдвэр нэг хүний амыг хардаг зуршил өнөөг хүртэл үргэлжилсээр иржээ. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Өмнөх онуудад удирдлагын аппаратаас бага тушаалын буюу гүйцэтгэх ажилтан голдуу хасагдсан учраас удирдах ажилтны хувийн жин дорвитой буураагүй байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Саяхан Улаанбаатар хотын нэлээд үйлдвэр, аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд, өөрчлөн байгуулалтыг олон түмэн хэрхэн хүлээж байгаа талаар хийсэн түүвэр судалгаанаас үзэхэд хамрагдсан зонхилох хэсэг нь өөрчлөн байгуулалт эхэлсэн боловч үр дүн багатай ярихаас хэтрэхгүй байгаа гэх буюу өөрчлөн байгуулалт удаан байгаагийн шалтгааны хувьд гэвэл Намын Төв Хорооны аппаратын үйл ажиллагаанаас, бүх шатны намын байгууллагын ажиллагаанаас болж байна гэж хариулсан байна. Түүнчлэн хүнд суртал захиргаадал хэвээр байгаа намын боловсон хүчинд шинэ сэтгэлгээ дутаж байгаа нь өөрчлөн байгуулалтын явцыг удаашруулж байгаа нэг шалтгаан болж байна гэсэн үнэлгээ гарчээ. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Өөрчлөн байгуулалтын явцад манай нийгмийн амьдрал бүхэлдээ маш түргэн өөрчлөгдөж өчигдрийн бидний үнэн гэж үзэж байсан юм өнөөдөр огт өөр болж өдий төдий шинэ үзэгдэл гарч нийгмийн амьд практиктай халз тулж байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Ер нь бидний нэг том дутагдал бол захиргаадагдаад сурчихсан ямар нэгэн хурал зөвлөгөөн хийж тогтоол шийдвэр гаргаад тэр нь аяндаа хэрэгждэг мэт ойлгож, өөрийнхөө бодлогыг олон түмэндээ таниулан ойлгуулж олон түмнийхээ дотор орж ажиллаж бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө тэмцдэггүй явдал юм. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Бид өөрсдөө өөрийгөө хуурах аргад сайн суралцсан. Тэр арга хоёрхон хэвшилтэй юм. Магтах хориглох хоёрхон аргаар бид иргэдтэйгээ өөрсөдтэйгөө голчлон ажиллаж ирлээ. Магтахын улмаас бид дутагдлаа шүүмжлэхээ болиод дараа нь олж харахгүйд хүрч энэ бүхэн сайн сайхан болж бүтэж байгаа мэт сэтгэгдлийг хүн арддаа төрүүлж, дараа нь өөрсдөө ч түүндээ бат итгэсэн. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Тэрчлэн үхдэггүй хүн хоргоддоггүй мал гэж бас л үгүй юм. Бид тэгтэл хэрэг зөрчилгүй хамт олон болцгооё, хоцрогдолгүй хамт олон боллоо, ангиараа 100% сурлаа, нэг ч төлийн гарзгүй мэнд сүрэгтэн болъё гэх мэтээр сонсоход сонин боловч биелэх аргагүй хоосон мөрөөдлөөр хөөцөлдөж байлаа. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
Боловсон хүчний асуудал
- Манай барилгын байгууллагуудын удирдах зарим нөхдийн дотор ажлын дутагдлаа нүд дасаж барилгын ажил хүнд хэцүү учраас заавал дутагдал доголдол гарч байх ёстой мэтээр ойлгох явдал багагүй байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Зарим удирдах ажилтан мэргэжилтний санал зөвлөгөөнд хайхрамжгүй хандаж мэдэмхийрэх, мэргэжлийн асуудлыг ганцаараа дур мэдэн шийддэг атлаа МАА-д гарч байгаа дутагдал доголдлыг хамаг буруу зөвхөн мэргэжилтэн тохож халж солихыг урьтал болгодог явдал ужиг болсон байна. /МАХН-ын Төв Хорооны 4 дүгээр бүгд хурал, 1987 он/
- Хөдөлмөрийн бус орлогоор амьдрахыг эрмэлзэн, танхайрах, ажил таслах, улсын болон иргэдийн өмчийг хулгайлах, идэж ашиглах, төлөвлөгөөний гүйцэтгэлийг худал мэдүүлэх улсын хөрөнгөөр бие биедээ ая тал засах албан тушаалаа хортойгоор ашиглах зэрэг аливаа харш … үзэгдлийн эсрэг явуулах тэмцлийг улам хүчтэй болгох нь зүйтэй гэж үзэж байна. /МАХН-ын Төв Хорооны 11 дүгээр Бүгд хурал, 1985 он/
- Манай 30, 40 жилээр байгуулж ирсэн социализмын нэг том дутагдал бол үндсэндээ шүүмжлэхээс айх системийг бэхжүүлж ирсэнд оршино. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Аппаратад дээрээ ч доороо ч бие биеийн ард нуугдах, хариуцлагаас зайлсхийх, бие биедээ үүрэг бичиг цаас дамжуулах, зөөлөн чихтэй, хөнгөн хөлтэй, дуулгавартай, цөөнхөө өмнөө түлхчхээд ард нь догирхож цэцэрхэж мэдэмхийрч суудаг хүмүүс түгээмэл болжээ. Ийм хүмүүс ажил хариуцахгүйгээр юм хийсэн дүр гаргаж, дээд дарга нартаа хий идэвх үзүүлж, жижиг юмаар оноо авч, жинхэнэ ажил хийж гүйж яваа тэр ч учраас торж бүдэрч яваа заримыгаа ил далд битүү шүүмжилж, өөлж гоочилж, цаг нөхцөөж суудаг болсон нь өөрчлөн байгуулалтын хэрэгт ноцтой саад болж байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Одоо улс ардын аж ахуйд ажиллаж байгаа 1000 хүн тутмын 230 нь дээд, тусгай мэргэжлийн дунд боловсролтой болоод байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Бүх ажилчдын 80% нь техникийн мэргэжлийн сургуулиар мэргэжил эзэмшсэн хүмүүс байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- 1963 оны байдлаар манай улс ардын аж ахуйн нийт ажиллагсдын дотор дээд тусгай дунд боловсролтой хүмүүс дөнгөж 5% байсан бол одоо 22% болжээ. Мөн хугацаанд бүрэн бүрэн бол дунд боловсролтой хүмүүсийн хувийн жин 8-аас 55% хүртэл өсжээ. 1960-аас 1987 онд намын гишүүдийн дотор дээд тусгай дунд боловсролтой хүмүүс 19,6-аас 45,3% бүрэн бүрэн биш ерөнхий боловсролтой хүмүүс 16,3-аас 34,2% болж өссөн байна. Өнөөдөр намын нийт бүрэлдэхүүнд ямар нэгэн шатнын боловсрол эзэмшээгүй хүмүүс 2,8% байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Боловсон хүчнийг шилж сонгох талаар
- Боловсон хүчнийг шилж сонгоход баримталдаг намын зарчмын дагуу анхнаас нь улс төр ажил хэрэгч болон хувийн шинж чанараар нь буурьтай сайн судалж аваад, авсан хойноо тусалж тогтвор суурьшилтай ажиллуулах хэрэгтэй байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Намын Төв Хороо, аймаг, хот, районы намын хороод боловсон хүчний асуудлыг өөртөө хэт төвлөрүүлж байгааг өөрчилж тус тусын мэдлийн боловсон хүчнийг цөөрүүлэх нь зүйтэй. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Техник мэргэжлийн сургуулиар нэг ажилчин бэлтгэхэд 20 шахам мянган төгрөгийн зарлага гарч байгаа юм. Гэтэл сүүлийн 5 жил барилгын техник мэргэжлийн сургуулиар бэлтгэсэн мэргэжлийн 3 мянга шахам залуучууд барилгын үйлдвэрлэлд нэг ч жил ажиллаагүй цэргийн албанд татагдсан байна. Ингэж бэлтгэсэн мэргэжлийн ажилчин эзэмшсэн мэргэжлээр нь ажиллуулахгүй шууд цэрэгт татаж байгаа нь улсад хохиролтой байгаагийн дээр мэргэжлийн ажилчдыг үйлдвэрлэлд үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажиллахад муугаар нөлөөлж байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Боловсон хүчнийг шилж сонгодог хэмжүүр хэтэрхий явцуу болж орос хэл хэр мэддэг, аль аймаг сумын харьяатаар нь хэмжихэд хүрсэн, Намын боловсон хүчний бодлогод гарч байсан алдаа завхрал олны нүдэн дээр үзтэл илэрхий буруу томилолт, боловсон хүчнийг сонгож дэвшүүлэх ажилд нутаг ус танил тал харах байдал дээр дооргүй газар авч байсан нь олон нийтийн зүгээс нэлээд тохиолдолд аль нэг шатны удирдлагаас авхуулаад нам төрийн удирдлагад хүртэл итгэх итгэл сулрах бүр сүүлдээ тэднийг огцор гэж шаардахад хүргэлээ. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Өөрийн бий болгосон боловсон хүчиндээ дулдуйдаж Монголын гэсэн өнгө аястай бодлого явуулахын оронд бусдын гар харж бэлэнчлэх, загварчлан хуулбарлахыг урьдал болгосон. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Боловсон хүчнийг өмчлөх байдал ч гарсаар байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Боловсон хүчний тогтвор суурьшил
- Гэвч ихэнх тохиолдолд ашиглагсдын тогтвор суурьшил хангалтгүй байгааг шууд хэлэх хэрэгтэй. Ажиллагсдын тогтвор суурьшил хангалтгүй байгаагийн гол шалтгаан нь юуны урьд хөдөлмөр ахуйн нөхцөлтэй түүний дотор орон сууцын нөхцөлтэй ч холбоотой байна. /МАХН-ын Төв Хорооны 11 дүгээр Бүгд хурал, 1985 он/
Ажлын хариуцлага
- Сахилга, дэг журам, зохион байгуулалтын доголдлоос болж улс хоорондын улс хоршооллын өмч хөрөнгө үрэгдэх, ажлын цаг гарздах, төлөвлөгөө таслах, гологдол гаргах, социалист хууль ёсыг зөрчих хамт олны ажлын үзүүлэлт буурах эцсийн дүнд улс хохирол учрах явдал цөөнгүй тохиолдож байна. /МАХН-ын Төв Хорооны 11 дүгээр Бүгд хурал, 1985 он/
- Архи уугчидтай ч манай төрийн хууль тогтоомжийн дагуу явуулах тэмцлийг хүчтэй болгох хэрэгтэй. Хариуцлага сахилга сулаас болж нам улсын ажил хохироогчдыг зохих зэмлэлгүйгээр тэгэх тусмаа албан тушаал авч байсан цалин хангамжийг бууруулахгүйгээр нэг газраас нөгөөд дамжуулж байдаг зохисгүй буруу практик илэрсээр байгааг цаашид таслан зогсоовол зохино. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
Ажлын цаг ашиглалт
- Ажлын цагийн ашиглалтыг сайжруулах ялангуяа сул зогсолтыг багасгах замаар бүтээл дээшлүүлэх бололцоо их байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа үйлдвэрүүдэд ажлын цагийн шууд гарздал 1986 онд өмнөх оноос 4,2% өсжээ. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
Удирдах арга барил
- Намын байгууллага аж ахуйг удирдах ажлаас хөндий тасархай байх ёсгүй харин ч гүнзгий сайн мэдэж ажиллах ёстой. Гэхдээ энэ нь аж ахуйн ажлыг орлож зэрэгцэн гүйцэтгэнэ гэсэн үг огтхон ч биш. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Энэ асуудалд хэн нэгэн хүний албан тушаал, урьд байгуулсан гавьяа, ёсорхсон амлалт зэрэг аливаа хөнгөлөлт харгалзах шалтаг хэрхэвч байж болохгүй. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Ноцтой дутагдал бол бодит байдал ойлголт 2-ын хооронд, ам ажил 2-ын хооронд тэр болгон нэгдэл байж чадаагүй байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Намын төв хорооны болон бусад бүх шатны намын хорооны бүрэлдэхүүнийг сонгохдоо албан тушаалын байдал урьдал болгодыг хязгаарлавал зохино. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Ажил хийж байгаа дүр үзүүлээд хэрэг дээрээ өөрийн эрхлэн гүйцэтгэх ёстой ажлыг бусад руу түлхэж орхиод хариуцлагаас мултрахыг хичээдэг, Тийм маягаар амьдраад байх сонирхолтой хүмүүстэй намын байгууллага ч, хөдөлмөрийн хамт олон ч эвлэрч болохгүй. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Гаж буруу үйлдлээрээ нэр төрөө хугалж, хэрэг дээрээ удирдах, ажил хийх, ёс суртахууны эрхээ алдсан албан тушаалтныг хуучин эрхэлж байсан ажилд нь байлгах буюу мөн тэр хэмжээний ажилд шилжүүлж тавьдаг дутагдлыг эцэс болговол зохино. Дур зоргоороо авирлах, албан тушаал, эрх мэдлээ хувийн сонирхолд урвуулан ашиглах хууль ёсыг гажуудуулах нь удирдах хариуцлагатай ажилд байх ер нь намын гишүүн байх явдалтай үл нийцсэн ажлын арга барилын асуудлаар санал зөрсөн, өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлийг илэрхийлсэн боловсон хүчнийг хавчин хяхаж элдэв нэр хаяг зүүдэг нь ноцтой алдаа гарч байлаа. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Асуудлыг албан тушаалын нэр сүрээр бус, хамтын оюун ухаанаар шийдэх эрэл хайгуул хийж сурах нь чухал. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Шинжилгээ судалгааны ажилд догматизм, хуучныг угшилтал баримтлах, хялбарчлах, хуулбарлан дуурайх, нэр төр хөөцөлдөх, албан тушаал, алдар цолоор далайлгах, бүлэглэх зэрэг үзэл, хандлагыг шахан зайлуулж, хамтарч ажиллах, шүүн хэлэлцэх нөхцөл маргааны аргыг бүрэн хэрэглэж бүтээлч эрэл хайгуулыг сонгож авсан асуудлыг шийдвэрлэх үр дүнд нь практикт нэвтрүүлэх чиглэлээр шинэчлэл хийвэл зохино. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Албан тушаалд бишрэх үзэл газар авсны улмаас жирийн хөдөлмөрчдийн санал бодлыг сонсох, орон нутгийн санаачилгыг хөхүүлэн дэмжих явдал улам бүр саарч, хүнд суртал гаргах, бялдуучлах, эрх тушаал горилох зэрэг сөрөг үзэгдэл дэлгэрэхэд хүрч байна. Энэ нь эцэстээ хүмүүсийн ялангуяа боловсон хүчний дунд бие биедээ үл итгэх байдал бий болгоход ч нөлөөлжээ. 30 40-өөд оны үеийн залхаан цэвэрлүүлэх компанийн үед энэ нь бараг ердийн үзэгдэл болоход хүрч байв. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- 1988 оны эхний байдлаар Намын Төв Хорооны мэдлийн албан тушаалд 1534 хүн ажиллаж байна. Үүний дөнгөж 5,3% нь эмэгтэйчүүд байна. Насны байдлаар авч үзвэл 40 хүртэлх насных 21,1%, 41-ээс 50 хүртэлх насных 47,7%, 51-ээс 60 хүртэлх насных 25,3%, 60-аас дээш насных 5,9% байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Ийм нөхцөл байдлыг зарим эрх тушаал хөөцөлдөгч бялдууч этгээдүүд овжин ашиглахад хүрдэг явдал ч цөөнгүй гарч байсан нь нууц биш юм. Эсвэл ажил зохион байгуулах бие дааж асуудал шийдэх чадваргүй, мэргэжил боловсролоор сулхан, ерөнхийдөө төлөв томоотой гэгдэхээс илүү юмгүй тийм хүмүүс хариуцлагатай ажилд томилогдож хамт олон болон нам төрийн ажил үйлст хохирол учруулдаг явдал ч байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Гаж буруу үйлдлээрээ өөрөө өөрийнхөө нэр төрийг хугалж, хэрэг дээрээ удирдах ажилд үлдэх ёс суртахууны эрхээ алдсан албан тушаалтныг хуучин эрхэлж байсан ажилд нь үлдээх буюу мөн тэр хэмжээний ажилд шилжүүлэн тавихыг эцэс болгохыг хатуу журам болгох нь зүйтэй гэж үзэж байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Ажлын арга барилын асуудлаар санал зөрчсөн, өөрийн үзэл бодол итгэл үнэмшлийг илэрхийлсэн болоьсон хүчнийг хавчин хяхаж, элдэв нэр хаяг зүүдэг ноцтой асуудал гарч байлаа. Эдүгээ ийм явдлыг өчүүхэн ч илрэлийг намын байгууллага тэвчиж болохгүй гэж тэмдэглэсэн. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Намын бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлэх нь эн тэргүүний зорилт болж байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Улс ардын аж ахуйн удирдлагын зардал 1989 он 1985 оныхоос хасагдаагүй, зарим салбарт нэмэгдсэн байна. Зохион байгуулалтын өөрчлөлтөд хамрагдсан албан тушаалтны олонх нь зөвхөн хаяг суудал сольсноос хэтрээгүй байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Албан тушаал амины өмч мэт болж манай намын төв аппарат хүртэл ихээхэн хуучирч хүнд суртал газар авсан юм. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Нөгөөтээгүүр улс төрийн ашиг хонжоо алдар цол албан тушаалд гарахад энэ эгзэгтэй үеийг ашиглахыг эрмэлзэгчид идэвхэжсээр байгаа нь тодорхой байна. Өөрийгөө хэлмэгдсэн гэж үзэгсдийн тоо ч үнэн байдлаас хэд дахин олшроод байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Манай төвийн яам тусгай газарт ихэвчлэн Улаанбаатар хотын хүмүүс алба хаших болсноос амьдрал удирдлага 2-ын хооронд ихээхэн зай гарсан. Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирж ажил хөөцөлдөх, амьдрал мэдэхгүй хот суурин газрын хүмүүст ажил байдлаа ойлгуулах гэдэг гадаадад явж ажил хөөцөлдөхөөс ч дутуугүй бэрхшээлтэй болсон гэж хөдөөгийнхөн ярьцгаадаг юм. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Намын нэр хүндийг бууруулсан нэг түүхэн сургамж бол намын өмнө хүлээх хариуцлага, сахилга гишүүн бүрийн хувьд адил тэгш байх зарчим ноцтой гажсанд оршиж байна гэж хэлэх байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Үүний уршгаар намын удирдлага шүүмжлэлд үл өртөх хаалттай бүс бий болж, намын нэр барьж дураараа авирлах явдал зарим хүмүүсийн хувьд гарч байсныг баримт харуулж байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Ер нь манай намын үйл ажиллагаанд байдлыг дандаа гоёж чимдэг бүрхэгдүүлдэг, удирдаж байгаа хүн өөрийнхөө эрх ашигт захируулах явдал удаа дараа гарч ирсэн. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Батмөнх ийм хариуцлагтай үед өөрийнхөө идэвх санаачлагыг дайчлаад авхаалж самбаа гаргаад, улс төрийн саруул сайхан ухаан зараад, онч мэргэн бодолго боловсруулаад, эрс хатуу шийдвэртэй арга хэмжээ авч хатуу зориг тэмцэлтэй ажиллаж Улс төрийн товчоо, Намын төв хороогоо нэгтгэн нягтруулж ажилласан бол өнөөдөр манай нам ийм хүнд байдалд орохгүй байсан юм. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Нэг үгээр хэлбэл өнөөдөр намын нэр барьж нэр төр хөөцөлдөж хувийн эрх ашгийг эрхэмлэж нүгэл үйлдэж байсан тодорхой тооны удирдах хүмүүсийн бузар үйл ажиллагаанаас болж намын нэр хүнд, намын шударга хамт олон яавч хохирох ёсгүй тийм зааг үед бид тулж ирээд байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Миний бодлоор бол намын 19 дүгээр их хурал маань хүнд үг хэлэх зөвшөөрөл олгосон хурал болохоос биш өөрчлөн байгуулалтыг эхэлсэн хурал болж чадаагүй л дээ. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Нам гэдэг ойлголтын дор юуны урд анхан шатын байгууллагаа ойлгож байгаагүй, харин бүх л өндөр тушаалтан дээд байгууллагаа бодож анхан шатын байгууллагаа бэхжүүлэх асуудалд үнэхээр сул анхаарч иржээ. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Ийм үед манай намын энэ гишүүд намын ажилтнуудын дотор ч гэсэн хоосон сүржигнэх, хойш сууж хувиа бодох, хямд нэр хүнд хөөцөлдөх, хөшиж тээглүүлэх мэтийн элдэв хандлага үзэгдэж буй нь олон түмний өмнө илт байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Манай намын амьдрал үйл ажиллагаанд урьд өмнө болон одоо ч тохиолдож байгаа гажуудлын нэг шалтгаан бол бодлого шийдвэрээ олон түмний санаа бодолд тулгуурлахгүйгээр аппаратын хүчээр боловсруулж ирсэнтэй холбоотой. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Намаа ажил үйлсээрээ шударга хөдөлмөрөөрөө мандуулахын оронд хоосон гоё магтаалаар, хууран засдаг зангаар, уриа лоозонгоор хөөргөх магтах нийтийг хамарсан аян зохиож компани дэгдээсэн. Хамаг л гоё сайхан үгээ намд зориулж, намд муу муухай юм огт байхгүй, нам асар хүчтэй, нам хамгаас мэргэн гэж ярьдаг болсон. Тэгээд намын тухай бүхэл бүтэн магтаал ерөөлийн сан бий болгож улмаар нам дахь дээд тушаалын нэг хүнийг тахин шүтэх үзэгдлийг нийт намд нялзааж, үнэн хэрэг дээрээ нэг намын шүтлэг бий болгосон. Намд тийнхүү шүүмжлэл хаагдаж магтаал цэцэглэсэн. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Намын гишүүн гэдэг нь нэг ёсны тусгай хангамж болсон. Иймээс намд элсэхийг, албан тушаал, алдар нэрийн хорхойтон, сүйхээтэй зарим хүн онц их сонирхох болсон. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Нам маань төрийн хүнд албыг бас шүүрэн аваад аж ахуйн нярав шиг болсноос нэрээ ч, ажлаа ч доройтууллаа. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Гэхдээ нам түүхэн хөгжлийн явцдаа итгэл хүлээлгэн тавьсан цөөхөн тооны удирдах хүмүүсийн арчаагүй амиа бодсон зарим хүний дайсагнасан үйл ажиллагаанаас болж нам, үндсэн программ, мөрийн хөтөлбөрөөс хазайж, ард түмнээсээ хөндийрч, төрийн ардчиллыг зөрчиж намын нэр хүндийг хохироосон ноцтой алдаа гаргасан. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Намын Төв Хорооны удирдлага Улс төрийн Товчооны үйл явдлын өмнө биш сүүлд нь явж байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Ялангуяа манай намын Төв хорооны Улс төрийн товчоо нэгдмэл хүч болж ажиллаж чадаагүй. Өргөн их бололцоогоо алдаж эх орныхоо эдийн засаг, оюуны хүч боломжийг муу ашигласнаас өнөөдөр ийм байдалд хүргэлээ гэж үзэж байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
Хүнд суртал
- Манай нийт ажилтан, ялангуяа удирдах ажилтны даалгасан ажлын төлөө хариуцах хариуцлага, боловсон хүчинтэй ажиллах явдлыг зохих шатанд гаргах хэрэгтэй байна. /МАХН-ын төв хорооны ээлжит бус 8 дугаар бүгд хурал 1984 он/
- Хэт хуралдах, болсон үйл явдлыг тоочин тайлан бичиг цаасанд дарагдах, олсон амжилтаа товойлгон ярихыг урьдал болгож байсан хуучин зуршлаас шийдвэртэй ангижирч /баймаар байна/ /МАХН-ын Төв хорооны 2 дугаар бүгд хурал, 1986 он/
- Шинийг эрэлхийлэхийн оронд ёс болсон хуучин арга барилтайгаа зууралдаж, үр ашиг багатай хурал зөвлөгөөн, ерөнхий уриа лоозонгоор ажлаа хязгаарлаж, зохион байгуулах амьд ажлыг бичиг цаасаар сольж, хүнд суртлын хуучин аргаасаа ангижраагүй газарт амарлингуй, бахь байдал үргэлжилж эцсийн дүнд бүтээн байгуулах ажлын үр дүнг бууруулж байна. /МАХН-ын Төв хорооны 2 дугаар бүгд хурал, 1986 он/
- Хүнд суртал амь бөхтэй хэвээр байна. Зохион байгуулах амьд ажлыг эцэс төгсгөлгүй удаан хурал яриагаар солих хэрэг явдлын жинхэнэ байдлыг үнэнээр нь илчлэхээс эмээх, худал мэдээлэх, дээд газрын ам харж, хүлцэнгүй гар хумхиж суух, хоосон амлах явдал арилаагүй байна. /МАХН-ын Төв хорооны 2 дугаар бүгд хурал, 1986 он/
- Манай урагшлах хөдөлгөөнд ноцтой саад тотгор болсоор байгаа хуучныг баримтлах, хүнд суртал гаргах, цаг алдаж цаастай хэт зууралдах, хоосон албархах, хариуцлагаас зайлсхийж бусдын ам хардаг идэвхгүй байдал зэргийн илрэл бүхэнтэй газар сайгүй эвлэршгүй тэмцэл хийхгүйгээр манай бүтээн байгуулатын түүний дотор ХАА-н хоцрогдлыг арилгах амаргүй зорилтыг шийдвэрлэж чадахгүй гэдгийг цохон тэмдэглэж хэлэх нь зүйтэй гэж бодож байна. /МАХН-ын Төв Хорооны 4 дүгээр бүгд хурал, 1987 он/
- Энэ бол хүнд суртал, хариуцлагагүй, сахилгагүй явдал. Ажил хариуцсан нэртэй цалин хангамж эдэлж суугаад суугаа атлаа сахилга хариуцлагын үнэ цэнийг ойлгодоггүй зарим нэг албан тушаалтны буруугаар, барилга материалаар тасалдаж барилгачид ажилгүйдэх, технологи зөрчиж, чанаргүй бүтээгдэхүүн гаргаж, барилгад нийлүүлсний улмаас барилгын чанарт гологдол гарч, улмаар эргүүлж нураах улсын их хөрөнгө үрэгдэхэд хүрсэн тухай ноцтой баримт өнөөдөр ч цөөнгүй байна. Ийм байдал бусад салбар ч олон тохиолдож байна. Цалин хөлсний тарифын асуудлыг буруу шийдэж хүнийг хохироож байгааг ажилчин хүн мэдээлсээр байхад цаг тухайд нь мэдэрч арга хэмжээ авалгүй байсаар хамт олноо удаан хугацаагаар хохироосон байгууллага ч байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Үүн дээр бас төлөвлөгөөт барилга байгууламжийг шаардлагатай тоног төхөөрөмж, материалаар цаг тухайд нь саадгүй хангах үүрэгтэй. Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яам, түүний харьяа газруудын хүнд суртал хөшүүн хойрго ажиллагаа ихээхэн нөлөөлж байгааг нэмж хэлбэл зохино. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Манай барилгын байгууллагуудын удирдах зарим нөхдийн дотор ажлын дутагдлаа нүд засаж барилгын ажил хүнд хэцүү учраас заавал дутагдал доголдол гарч байх ёстой мэтээр ойлгох явдал багагүй байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Харин сталинизмын бүтээсэн түүний үргэлжлэл болох хүнд суртлын дарангуйлах механизмаас шийдвэртэй бүрэн ангижирна гэсэн санал юм шүү. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Тэгвэл үнэхээр Зөвлөлтийн төмөр замын бүтцийг шууд хуулбарлан дуурайсан олон шаттай хүнд суртлын том аппарат ажиллаж байгаа нь үнэн. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Ер нь социалист аль ч орны ард түмэн зогсонги байдал үүссэн захиран тушаах хүнд суртлын механизм тогтсоны гол буруутанг намын ноёрхол тогтсон явдал гэж үзэж байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Хуучин систем хуучин удирдлагын балагтай арга барилыг өвлөн аваад хоногшсон үхширмэл сэтгэлгээнээсээ салахыг оролдохгүй байгаад хамаг уршиг оршино. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Ю.Цэдэнбал, түүнийг аялдан дагалдаж байсан хүмүүсийн захиран тушаах хүнд суртлын арга завхруулгын харгайгаар манай намын ажилтнуудын нэр хүнд буурахад хүрч байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
Улс ардын аж ахуйн төлөвлөгөө
- a. Тасалдал
- Төлөвлөгөө ийнхүү тасалдаж байгаа нь нэгэнт бий болгосон материаллаг бааз, ажиллах хүчний нөөцийг бүрэн ашиглах, үйлдвэрлэлд шинжлэх ухаан, техникийн дэвшил, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, үйлдвэрлэл, хөдөлмөрийн зохион байгуулалт, удирдлагын арга барилыг боловсронгуй болгох асуудал өнөөгийн шаардлагаас хоцорч байгаатай холбоотой байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- b. Сахилга
- Дэг журам сахилгыг бэхжүүлэх нь түр зуурын компанит ажил биш урт хугацаанд хэрэгжүүлэх зарчмын чиг шугам мөн гэдгийг онцлон тэмдэглэвэл зохино. Үүнд ямар ч ухралт байх ёсгүй. /МАХН-ын төв хорооны ээлжит бус 8 дугаар бүгд хурал 1984 он/
- Гэвч уг унжирсан барилгын хувь заяаны талаар хэн ч ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрчээ. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Манай аймаг сумдын төвийн 90 гаруй хувь нь батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй боловч барилга байгууламжийг дуртай газраа байрлуулж хот байгуулалтын журмыг зөрчих явдал багагүй байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
Технологийн сахилга
- Аль ч салбарт үйлдвэр үйлчилгээний бүхий л үйл ажиллагаа нь өөрийн онцлогт тохирсон нарийн технологитой байдаг бөгөөд түүнийг зөрчсөнөөс чанарын гологдол гарч үйлдвэрлэлийн үр ашиг буурч байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Ганц жишээ дурдахад Улаанбаатарын керамик эдлэхүүний компани ашиглалтад ороод 5 жил болсон боловч технологийн горимыг одоог хүртэл хэвийн байдлаар эзэмшиж чадаагүйгээс гол нь шалтгаалж төслийн хүч чадлаасаа ихээхэн доогуур төлөвлөгөө авч бүтээгдэхүүнийхээ нэлээн хувийг жил бүр гологдол болгож байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Технологийн горим зөрчсөн, зохион байгуулалт, сахилга дэг журам суларсан газарт л бүтээгдэхүүний болон ажлын чанарын гологдол байнга гарч байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Гэтэл 5 жил дуусах дөхөж байхад зураг төсөл нь бэлэн болоогүй материал, тоног төхөөрөмж нийлүүлэлт нь бүрэн шийдвэрлэгдээгүй шалтгаанаар үйлдвэрлэлийн 13 бааз, материалын 7 үйлдвэр хугацаандаа ашиглалтад орж чадахгүй болж байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Манай нөхцөлд таарахгүй орлого оруулахаас зардал гаргах нь их зарим тоног төхөөрөмж, агрегат, цехэд захиалж ирүүлээд бүрэн ашиглаж чадахгүй байдалд хүрсэн баримт цөөнгүй байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
Гэрээний сахилга
- Аж ахуйн гэрээний үүрэг биелүүлээгүйн улмаас зөвхөн 1984 онд 1300 гаруй байгууллага 18 сая төгрөгийн торгууль өөр хоорондоо төлж үргүй зардал гаргасан байна. /МАХН-ын Төв Хорооны 11 дүгээр Бүгд хурал, 1985 он/
Төлөвлөгөөний сахилга
- Судалгаанаас үзэхэд зөвхөн Тээврийн яамны авто тээврийн байгууллагуудын 22-33% нь сүүлийн 4 жил дараалан парк ашиглалтын төлөвлөгөө биелүүлээгүй байна. Бусад салбарын авто авто бусад салбарын авто аж ахуйд парк ашиглалтын төлөвлөгөөний биелэлт үүнээс ч доогуур байна. Хангамжийн байгууллагыг оролцуулахгүйгээр тооцоход улс ардын аж ахуйн салбаруудад төрөл бүрийн шалтгаанаар жил бүр дунджаар 130 орчим сая төгрөгийн машин тоног төхөөрөмж ашиглагдахгүй байна. /МАХН-ын Төв Хорооны 11 дүгээр Бүгд хурал, 1985 он/
- Улсын төлөвлөгөөг дур мэдэн өөрчлөх худал мэдээлэл мэдээлэх салбар орон нутгийн эрх ашгийг улс нийгмийнхээс дээгүүр тавих явдалтай хаана ч, хэзээ ч эвлэрч болохгүй. /МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он/
- Өнгөрсөн 5 жилд 30 гаруй үйлдвэр цехийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулаагүйгээс 290 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг алдсан байна. Мандалговь, Өндөрхааны хүнсний комбинат, Улаанбаатарын гурилын үйлдвэрийг элеваторын нормативын дагуу 2 жилд барих ёстой байхад 5 жилийн хугацаа зарцуулж байжээ. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- ХАА түүний гол салбар МАА-д ийнхүү төлөвлөгөөний тасалдал гарч зогсонги байдал үргэлжилсээр байгааг Намын Төв Хорооны ээлжит бүгд хурлаар дахин авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. /МАХН-ын Төв Хорооны 4 дүгээр бүгд хурал, 1987 он/
- Багахан төлөвлөгөө батлуулж ахиухан хөрөнгө материал хуваарилуулж аваад төлөвлөгөөг элбэгжүүхэн зардлаар биелүүлэхийг эрмэлздэг хуучирсан хандлага удаан хугацаанд манай аж ахуйн удирдах хүмүүсийн сэтгэхүйг эзэмдэж ирсэн байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Үйлдвэр аж ахуйн газарт нэгэнт хүрсэн түвшнээс үндэслэж төлөвлөгөөт даалгавар тогтоох аар саар шалтгаар төлөвлөгөөний үзүүлэлтэд байн байн өөрчлөлт оруулах явдал ч доод байгууллагаас биеэ дааж аж ахуйн асуудлаа шийдвэрлэхэд саад болж байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Ямар ч үнээр хамаагүй төлөвлөгөө биелүүлэхийн төлөө гэсэн зорилтыг мөрдлөг болгож сурсан манай ажлын хуучин арга барилыг өөрчлөх тухай өнөөдөр бид ярилцаж байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Жишээлбэл цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөө тасалдаад байгаа атал хангалт үндсэндээ хэвийн байдалтай байгааг юугаар тайлбарлах вэ? Илүү нүүрс шатааж хэрэгцээнээс илүү эрчим хүч үйлдвэрлэж төлөвлөгөө биелүүлэх хэрэг байна уу? /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Нийтийн аж ахуйн барилгын удирдах ерөнхий газар Улаанбаатар хотын барилга трест, Цахилгаан сантехникийн угсралтын нэгдсэн трестийн үйлдвэрлэлийн баазыг барихаар сүүлийн хоёр 5 жил дараалан төлөвлөсөн боловч зураг төсөл нь одоог хүртэл бэлэн болоогүй байна. Хэрвээ аль нэг албан газар өөртөө контор барихаар шийдсэн бол яав ч ингэж олон жил өнгөртөл зүгээр суухгүй байх. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Жишээ нь энэ 5 жилийн төлөвлөгөө, үндсэн чиглэл боловсруулж батлах үед тусгах боломжгүй байсан асуудлууд гарч ирж байна. Тухайлбал Монгол Японы харилцааны шугамаар хар металлургийн үйлдвэр, эрэгтэй хүний костюм үйлдвэрлэх, өнгөт телевизээр угсрах шугам, Монгол Английн харилцааны шугамаар салхин агрегат үйлдвэрлэх цех байгуулах боломж бүрэлдэх энэ талаар 1990 онд ажил эхэлж болох төлөвтэй байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний Чанар
- Бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх явдал манай эдийн засгийн тулгамдсан асуудал мөн. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Гэтэл чанарын доголдлоос болж алдаж байгаа нөөц их байгааг бид илэн далангүй ярьж чанар сайжруулахад анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй. Оновчтой технологийг боловсруулах нэвтрүүлэх ажил хангалтгүй байгаагаас хэрэгцээний шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөлмөр, материалын нөөцийг үр ашиг багатай зарцуулахад хүргэдэг ноцтой дутагдал арилахгүй байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Технологийн горимыг ажилчин, малчин, инженер, техникийн ажилтан бүрт ойлгуулж, түүнийг хөдөлбөргүй мөрдүүлж заншуулахад ихээхэн анхаарал тавих хэрэгтэй байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Цаашдаа мэргэжилтэн бэлтгэх, ажлын чанарыг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулахад гол анхаарал хандуулах шаардлагатай байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Улаанбаатар хотын дэлгүүрүүдэд олон тонн чихэр чанараа алдсанаас болж хөдөлмөрчдийн хэрэгцээнд тохирохгүй болжээ. /МАХН-ын Төв хорооны 2 дугаар бүгд хурал, 1986 он/
- Зарим аймгийн хүнсний комбинат үйлдвэрлэж байгаа талх, нарийн боов, аж ахуйн саван зэрэг бүтээгдэхүүнийг чанарын талаас нь авч үзвэл хэрэгцээ хангахын тулд биш харин төлөвлөгөө биелүүлж агуулахад хадгалахын тулд хийж байна уу даа гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр байна. /МАХН-ын Төв хорооны 2 дугаар бүгд хурал, 1986 он/
- Зөвхөн оёдлын үйлдвэрийн нэгдэлд л гэхэд энэ оны эхний 3 улиралд гарсан бүтээгдэхүүний гологдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 гаруй хувиар нэмэгдлээ. Чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэж, үнэт түүхий эд, хөдөлмөрийн үргүй зардал гаргадаг явдлыг шийдвэртээ таслан зогсоох хэрэгтэй. /МАХН-ын Төв хорооны 2 дугаар бүгд хурал, 1986 он/
- Загвар хийц өнгө үзэмжийн хувьд худалдан авагчийн хэрэгцээ хангахгүйгээс гүйлгээгүй болж удаан хадгалагдсан үнэ хямдруулсан барааны хэмжээ дорвитой буурахгүй байна. /МАХН-ын Төв хорооны 2 дугаар бүгд хурал, 1986 он/
- Чанар муутай барааг үнэ хямдруулан борлуулсны зөрүүд улсаас жилд 40 шахам сая төгрөг зарцуулж байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Социалист нийгмийн шударга ёс болох авхаалж чадвараа дайчилж хийж бүтээснээрээ хөлс авах зарчмыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь чанар муугаас борлогдохгүй агуулахад хураагдаж байхад ч түүнийг үйлдвэрлэсэн хамт олон хувь хүн цалинг шагналтай авч байна. Түүнчлэн үр бүтээлийг нь харгалзахгүйгээр зөвхөн ажилд ирснийх нь төлөө цалин өгч байдаг явдал байгааг ч бас хэлэх хэрэгтэй. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Юуны урьд бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт доогуур хэвээр байна. Бүтээгдэхүүнийг шинэчлэх явдал удаашралтай байна. Шинжлэх ухаан техникийн ололт үйлдвэрлэлд удаан нэвтэрч байна. Хөдөлмөр материал, түлш, эрчим хүчний нөөцийг үр ашиг багатай ашигладаг хүнсний зүйлийг үрэгдүүлдэг хуучин өвчин эдгэрээгүй байна. Гэрээний сахилга зарим газар сайжраагүйгээр барахгүй харин ч муудах хандлага үзэгдэж байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Улсын худалдаа, хангамжийн байгууллагад хүрэлцээ муутай, ховор буюу хэвийн, хангалттай байгаа зарим барааг элдэв аргаар дүрс хэлбэрийг нь өөрчилж, дамлан худалдаж, зальт аргаар орлого олох аливаа илрэлтэй эрс шийдвэртэй тэмцэл хийх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
Аж ахуйн удирдлага
- Манай хөгжлийн хүрсэн төвшин шийдвэрлэж байгаа зорилт нь аж ахуйн байгуулалтыг удирдах арга барил бүрэлдэн тогтсон системийг цаашид боловсронгуй болгон сайжруулахыг зүй ёсоор шаардаж байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Жил улирал сарын эхэнд тайвшраад төгсгөл рүү нь довтолгож үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг алдагдуулдаг. Статистикийн мэдээ материалаас үзэхэд манай барилгын гүйцэтгэгч байгууллагууд сүүлийн 4 жилд бүх барилгын 4-ний 3-ыг жилийн эцсийн саруудад ашиглалтад өгсөн байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Гэтэл манай практикт аливаа асуудлаар олон тооны комисс, штаб, групп, байгууллагыг урьдал болгож, аж ахуйн ажлыг эрхэлсэн хүмүүсийн урдуур орж, хариуцлагыг сулруулж, санаачилга, бие даасан ажиллагааг бууруулан идэвхгүй байдалд хүргэдэг дутагдал арилаагүй байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Манай одоогийн төлөвлөлт, удирдлагын нэг ноцтой дутагдал бол үйлдвэр аж ахуйн байгууллагууд тооны хойноос хөөцөлдөж үнийн ерөнхий дүнгээр төлөвлөгөө биелүүлсэн нэр зүүх гэж оролдох сонирхлыг төрүүлэхэд хүрч байгаа явдал мөн. Өөрөөр хэлбэл их зардал гаргахыг өөгшүүлэх механизм үйлчилж байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Манай эдийн засгийн төв байгууллагын гаргасан судалгаанаас үзвэл одоо тус орны улс ардын аж ахуйн хэмжээгээр удирдах болон гүйцэтгэх албан тушаалын ажилтан /бага тушаал харуул хамгаалалтын ажилтнууд орохгүйгээр / 86 мянга байна. Өөрөөр хэлбэл улс ардын аж ахуйн салбарт нийт ажиллагчдын 14 орчим хувь буюу 7,2 хүн тутамд нэг удирдах гүйцэтгэх албан тушаалтан ноогдож байна. Үүнээс үзэхэд удирдлагын аппарат нүсэр орон тоо их байгаа нь тодорхой байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Ашиг орлого ихтэй үйлдвэр аж ахуйн газруудын жинхэнэ ажиллаж бүтээж олсон хөрөнгийг дахин хуваарилах замаар ажил муутай үйлдвэр аж ахуйн газрыг тэжээн тэтгэдэг тийм хандлага байгаа цагт асрамжлуулах явдал огт арилахгүй. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Аж ахуйн тооцоог хагас дутуу нэвтрүүлсэн газарт ажилласан ажиллаагүй 2-ын хооронд байж амьдарч сурсан хүмүүс л завших болно. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
Үзэл суртлын ажил: МАХН
- Ямар хэлбэрээр илэрлээ ч гэсэн үг ажил 2 зөрөх явдал эдийн засагт ч, ёс суртахуунд ч нөхөшгүй хохирол учруулдаг байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Үүнд одоо явуулж байгаа намын анхан шатын байгууллагын дайчин чадварын үзлэг мэдэгдэхүйц нөлөө үзүүлж тэдний ажлыг цаашид сайжруулахад ихээхэн түлхэц болж байна. /МАХН-ын төв хорооны ээлжит бус 8 дугаар бүгд хурал 1984 он/
- Намын 15 дугаар Их хурлаас 19 дүгээр Их хурал хүртэл намын 4 их хурлаас Төв хорооны бүрэлдэхүүнд сонгогдсоны /хүмүүсийн/ 66% нь сонгуулийнхаа бүрэн эрхийн хугацаанд Бүгд хуралд үг хэлээгүй байсныг хэвийн үзэгдэл гэж болохгүй юм./МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Хэн юуны тухай ярих нь гол биш. Танхим дүүрэн хүнтэй байлгаж ёстой л алба өнгөрөх байдалтай зохион байгуулсан суртал ухуулгын ажил нь хүмүүсийг залхаахад хүргэдэг байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Үзэл суртал хүмүүжлийн ажлыг явуулахдаа ололт амжилтыг дөвийлгөн магтаж зөрчил, бэрхшээлийг бүрхэгдүүлэх, сургамжилж номлох, хавтгайруулах, загварчлах, сургуульчлах зэрэг хэвшиж тогтсон хуучин арга барил догматик хандлагыг тууштай халж, хүмүүс харилцан ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцох, бодит байдалд шүүмжлэлтэй хандаж ажил хэрэгч маргаан зохиох асуудал дэвшүүлж шийдвэрлэх зэрэг бүтээлч идэвхтэй аргыг гол болговол зохино. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Ярьснаасаа хийж байгаа нь зөрж, ам ажил 2 нийлэхгүй байгаа газарт суртал ухуулгын ажил хэрэгч чанарын тухай ярих ямар ч үндэс байхгүй. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Нөгөөд нь ноцтой дутагдал бол үзэл суртал хүмүүжлийн ажлын практикт сургуульчлах үсэгчлэн цээжлүүлэх нэг маягийн загвар. Мэдээж үнэнийг амьдралаас тасархай дахин давтан номлох идэвхгүй, голдуу гэгээрүүлэх шинжтэй арга урт хугацаанд ноёрхож ирсэн явдал мөн. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Ололт амжилтыг дөвийлгөн магтдаг атлаа зөрчил бэрхшээл хариуцлагагүй явдлыг ил хэлдэггүй бүрхэгдүүлдэг, жинхэнэ байгаа байдлыг элдвээр бодож халхавчлах гол төлөв дээд байгууллага эрх мэдэл бүхий хүмүүсийн санаа цаг үеийн аяст тохируулах хандлага, нам, төр, аж ахуйн болон үзэл суртлын ажилд ужиг болсон гажуудлын нэг байв. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Ардчилал ил тод байдлыг ашиглан тооцоо хийх хандлага газар авч өөрийн хариуцлагагүйгээс тухайн үедээ ямар нэгэн хэмжээгээр арга хэмжээ авагдаж байсан зарим хүмүүс хамгийн түрүүнд сэргэж, бүх буруугаа нам, төрийн удирдлагад байсан хүмүүст удирдах ажилтнууд руу түлхэж, хурал цуглаан, хэвлэл мэдээллийн индрийг овжин ашиглаж дайрч давшлах явдал ихсэж ам хэлээрээ ажил хийдэг хүний тоо өслөө. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Үнэндээ манай монгол хүний чанар их муудсан юм байна гэдэг нь ардчилал хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд улам тод харагдаж байна. Энэ муу чанар нь юугаар илэрч байна вэ гэвэл хамт ажиллаж байхдаа ил гаргаж чаддаггүй байсан шүүмжлэлээ үхсэн хойно нь юм уу эсвэл эргэх тэнхэлгүй болсон хойно нь муулж байх юм. Бас нэг нэгнийгээ сайн яваасай гэж сэтгэлээсээ ерөөж, хүсч, бодож, ярьж байдаг байсан заншил устаж хэн өөрчлөгдөх бол, хэн буурах нь вэ, хэн шүүмжлэгдэх нь вэ гэдэг нь л хамгийн сонин болж бах нь ханах шиг болдог байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Намын удирдлага зохион байгуулалтын ажилд багагүй дутагдал удаан хугацаагаар хуримтлагдаж ирсэн нь намын нэр хүндэд муугаар нөлөөлж байлаа. Намын Их хурал Намын Төв хорооны бүгд хурал ой тэмдэглэж байгаа мэт баяр ёслолын байдалтай болдог. Асуудлыг ажил хэрэгч шүүмжлэл өөрийн шүүмжлэлтэй хэлэлцэхийн оронд хийсэн бүтээснээ ярих явдал голчилдог болж ирсэн юм. Их Бүгд хурал дээр хүний нэр зааж шүүмжлэх нь тун ховор болж, сайндаа л тийм аймаг намын хорооны дарга нь тэр, аймгийн дарга нь тэр, тийм яам сайд нь тэр гэх төдийгөөр өнгөрдөг байлаа. Нэгэнт хурлаас оруулж байгаа илтгэл нь тодорхой нэр хаяггүй, хурц дайчин, шүүмжлэлгүй, мохоо учир хурлын цаашдын уур амьсгал нам тайван байдал болж өнгөрдөг байсан юм. Бидний дотор ч Улс төрийн товчооны гишүүдийг нэр заагаад шүүмжилчих зүрхтэй хүн ховор болсон. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Үг хэлж байгаа бүх л намын гишүүд яагаад өнөөдөр гэнэт цочсон юм шиг намаа шүүмжлэх болов оо. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Ажилчин л гэвэл галч манаач хэн боловч намд элсэх үүд нээж сэхээтэн гэвэл тэр үүдийг хаадаг болсон. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Хуулийн заалтыг чангалаад хориг арга хэмжээг нэмээд л хатуурхаад л байвал мал ч үхэхээ болиод хэрэг зөрчил ч гарахаа зогсоод архи ч уух хүнгүй болчих юм шиг санасан. Малчны эсрэг бүх төрлийн хориг заалтыг хуульд бий болгосон. Сэхээтний бол нүд ам нь бүүр боосон тэгээд юунд хүрэв? Хүмүүс нэгийг бодоод нөгөөг хэлдэг болчихсон. Ам ажил 2 зөрөөд явчихсан. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Улс төрийн товчооны зарим гишүүдийн хөдөлмөрчидтэй хийсэн уулзалт ярианы байдлаас үзэхэд хэт ерөнхий ярьдаг, хурц асуудлаас тойрч гарах, хөдөлмөрчдийн тавьсан асуудлыг мэдэхгүй байх зэрэг байдал харагдаж байсныг нуух хэрэггүй. Би энд Дамдин даргыг дурдаж хэлж байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Нийтлэг ажиглагдаж байсны дутагдал бол Улс төрийн товчооны гишүүдийн ихэнх нь шинэ сэргэг асуудлыг шийдвэрлэхээс нэлээд болгоомжилдог хаширлаж хойшлуулдаг явдал юм. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Монгол оронд тогтсон, олон 10 жилийн турш үйлчилж ирсэн улс төрийн системд өөрт нь байсан гэж бодож байна. Төр засаг, нийгэм, эдийн засаг, аж ахуй, үзэл суртлын бүх ажлыг намын дээд удирдлагад төвлөрүүлсэн энэ системийн агуулгадаа, мөн чанартаа байсан байх аа. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Бидний гол алдаа бол алгуурлаж цаг алдсан, хагас дутуу хийсэн, намын онолын сэтгэлгээ нэг хэвэндээ байсан, байгаа бодит үйл явдалд дүгнэлт хийж урьдчилан харах чадвар суларсан, нам төрийн удирдлага, түүний зохион байгуулалтын бүтцийг шинэчлэх ажилд ёс төдий хандсан, боловсон хүчний бодлого шинэ нөхцөл байдал бий болоод байхад хуучнаараа байсан нам төрийн ажлын зааг ялгааны тухай зөвхөн ярих төдийгөөр өнгөрч тодорхой алхам бараг хийгээгүй, үндсэн хууль, намын мөрийн хөтөлбөр, дүрэм боловсруулах ажил хэтэрхий удааширч, энэ нь намыг өөрийг нь шинэчлэх ажилд эргээд саад учруулсан, намын үзэл суртал хүмүүжлийн ажил өөрчлөн байгуулалтын шаардлагаас хол хоцорсон нь одоогийн хүнд байдлын гол шалтгаан болсон. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Хэдэн жилийн өмнө Баянзүрх дээр Сангийн аж ахуйн төвийн дэргэдүүр дээгүүр тушаалтай нэг дарга хүүхдүүд усанд орж байхад хажуугаар нь шавар шавхай үсчүүлэн машины хар хурдаараа өнгөрчээ. Тэгэхэд нь дургүйцсэн хүүхдүүд машин руу нь чулуу шиджээ. Тэгэхэд нь уг дарга учиргүй уурлаж энд үзэл суртлын ажил үнэхээр хоцрогдсон байна холбогдох нөхдүүдэд арга хэмжээ ав гэж агсарч байжээ. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
Эдийн засгийн механизм
- Эдийн засгийн удирдлагын системийг боловсронгуй болгох, аж ахуй, механизмыг төгөлдөржүүлэх асуудалтай холбоотой билээ. Үүнд манай эдийн засгийн хамгийн явцуу дамжлага байгаа гэхэд хилсдэхгүй байх гэж бодож байна. /МАХН-ын төв хорооны ээлжит бус 8 дугаар бүгд хурал 1984 он/
- Эдийн засгийн потенциал боломж өсөж байгаа боловч тэр хэмжээгээр үйлдвэрлэлийн үр ашиг түргэн өсөхгүй байна. Улс ардын аж ахуйн үндсэн фонд өсөж хөдөлмөрийн фонд зэвсэглэмж дээшилж байхад нийгмийн хөдөлмөрийн бүтээмж түүнээс хоцорч байна ХАА-д материаллаг бааз нэмэгдсээр байхад малын зүй бус хорогдол буурахгүй байна. /МАХН-ын Төв Хорооны 11 дүгээр Бүгд хурал, 1985 он/
- Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад яаж шинэ түлхэц өгөх, гол төлөв экстенсив шинжтэй байгаа манай эдийн засгийг хэрхэн алхам алхмаар эрчимтэй хөгжлийн замд оруулах, бүрэн дайчлагдаж ашиглагдаагүй, мэдээжээр ил болон далд оршиж байгаа материал, хөдөлмөр, санхүүгийн асар их нөөцийг ямар замаар идэвхитэй үйл ажиллагаанд оруулах тухай асуудал та бидний анхаарлыг татаж байна. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
- Ашиг орлоготой сайн ажиллаж байгаа үйлдвэр аж ахуйн газруудын бүтээж олсон хөрөнгийг дахин хуваарилах замаар ажил муутай үйлдвэр, аж ахуй газрыг тэжээн тэтгэдэг шударга бус, зохисгүй байдлаас шийдвэртэй ангижрахын хамт хэвийн нөхцөлд үйлдвэрлэлийн үр ашиг бууруулдаг, ялангуяа алдагдалтай ажилладаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Улсын нуруунд бүх ачаа үүрэгдсэн учраас улсаар асрамжлуулах, юм бүхэнд улсын гар харах бэлэн зэлэн зүйлээр амьдрах сонирхолгүй гэм биш зан болж хэвшсэн байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Фонд өгөөмж буурах материал эзлэмж нэмэгдэх эдийн засгийн зохисгүй хандлага үргэлжилсэн хэвээр байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Үнэндээ барилга ашиглалтад оруулахгүйгээр барилга угсралтын ажлын үнийн дүнгийн үзүүлэлтээр амиа аргацаадаг ашиг олдог барилгын байгууллага цөөнгүй байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Монгол оронд зогсонги байдал байсныг л хэлж зориглохгүй байсаар Улс төрийн Товчооны гишүүд бид улс төрийн тавцангаас буулаа. Бид харин зогсонгийн зогсонгид орчихсон байсан биш юм уу? /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Ер нь бүх байгууллагууд өөрчлөлт шинэчлэлт хийж аппаратын бүтэц зохион байгуулалт орон тоогоо цомхотгож шат дамжлагыг багасгана гэж 2 жил гаруй ярьж байгаа боловч тодорхой мэдэгдэхүйц юм гарахгүй байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
Банк санхүү
- Манай зарим үйлдвэр аж ахуйн газрын удирдах нөхөд зээлийн хөрөнгийг үр өгөөжтэй ашиглах талаар идэвх санаачилга гарган ажиллахын оронд түүнийг дахин дахин авах, болж өгвөл зээлийн үндсэн өр хүү төлөхөөс чөлөөлөгдөх аргыг сүвэгчилдэг болсон нь нууц биш юм. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
Хөдөлмөр зохион байгуулалт хөлс төлөлтийн бригад
- Сүүлийн жилүүдэд хөдөлмөр зохион байгуулалт хөлс төлөлтийн бригадын хэлбэрийг нэвтрүүлэх талаар алхам хийгдэж байгаа боловч зарим газарт уг ажил нь бригадын хамт олныг ажлын эцсийн үр дүнд нь жинхэнэ ёсоор сонирхуулах хэмжээнд тэр бүр хүрч чадахгүй байгаагаас гадна зөвхөн тооны хойноос хөөцөлдөж хэлбэрдэх явдал нэлээд үзэгдэж байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Нийгэмд багахан зүйл бүтээгээд эсвэл хөдөлмөрлөхөөс зайлсхийж гар хумхин суугаад нийгмээс ахиухан авах эрмэлзлийг юуны өмнө эдийн засгийн аргаар хаах хэрэгтэй. /МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он./
Гадаад эдийн засгийн харилцаа
- Тус орны импортын барааны үнэ 1976-аас 1987 онд 2 дахин нэмэгдсэн байхад экспортын барааны үнэ дөнгөж 36% нэмэгджээ. Энэ нь эдийн засгийн балансыг улам хүндрүүлэх бодит шалтгаан болсон юм. Гадаадаас авдаг тоног төхөөрөмж материалын үнийн өсөлт нь дотоодод хөрөнгө оруулалтыг өсгөх, үйлдвэр, аж ахуйн газруудын бүтээгдэхүүний өртгийг өндөржүүлэхэд нөлөөлж тэр хэмжээгээр нийгмийн үйлдвэрийн үр ашиг өсөх гүй буюу буурахад хүргэж байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Гадаад зах зээлээс өргөн хэрэгцээний бараа олох боломж улам хүндэрч байна. Эх орны үйлдвэрүүдээс дотоод зах зээлд нийлүүлэх бараа нэлээд нэмэгдэж байгаа ч уг хүндрэлийг нөхөх хэмжээнд хүрч чадахгүй байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Өнгөрч байгаа 4 жилийн байдлаас дүгнэлт хийж үзэхэд хөрөнгө оруулалтын 60 орчим хувь, улсын төсвийн 30 орчим хувийг гадаадын зээл бүрдүүлж байна. Энэ нь үнэн чанартаа улсын төсвийн алдагдал юм. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Бүх ард түмний эрх ашиг эх орны ирээдүйг хөндсөн чухал асуудлаар гадаад орнуудтай гэрээ хэлэлцээр хийх, эдийн засгийн асуудал шийдэхдээ эзэн болсон ард олноос нь нууцлахыг оролдож ирсэн хуучин практикаас салж, тийм бүтэлгүй гэрээ хэлэлцээр гардаж удирдаж хийсэн хариуцлагатай мэргэжилтний нэрийг тодруулан гаргаж гэм бурууг ярилцахын оронд эзэнгүйдүүлж бас нуусаар байгаа нь манай улсын гадаад харилцааны талаар ялангуяа монгол, зөвлөлтийн эдийн засгийн харилцааны тухай элдэв буруу зөв яриа гаргахад хүргэж, зөвлөлтийн эсрэг үзэл газар авах нөхцөл бүрдүүлж магадгүй байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Тэгээд тодорхой арга хэмжээ авагдаагүй өнгөрсөн. Зөвлөлтийн нөхөдтэйгөө дахин ярилцаад тавьсан хүсэлтийнхээ дагуу асуудлаа шийдвэрлэж чадсан сан бол Эрдэнэтийн үйлдвэрийг барихад авсан зээлээ өдийд төлөөд дуусчихсан байх байсан. Хэрвээ Эрдэнэтийн зээлийг бид төлчихсөн бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 50% буюу 170 мянган тонн зэсийн баяжмалыг дэлхийн үнэ хүрсэн газар худалдан борлуулах бололцоотой байх байсан. Тэгэхэд бид 1990 онд наймхан мянган тонныг өөрөө мэдэж худалдах зөвшөөрөл гуйгаад сууж байна шүү дээ. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Хэрвээ бид зээлээ төлж дуусчихсан байсан бол зэсийн баяжмалын өөртөө ногдсон хувийг 70 сая рублиэр биш 120 сая доллараар худалдах байсан билээ. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Зээлийн нөхцөлийн хувьд авч үзвэл бүх зээл 2%-ийн хүүтэй. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Ашиглаж байгаа үндэсний орлогын нөөцөд гаднаас авч байгаа зээл тусламжийн хөрөнгийг оруулдаг. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Зээл тусламжийн хөрөнгийг үр ашигтай ашиглах талаар манайд дутагдал байсан одоо ч бий. Чанаргүй, хугацаа удаашруулж барьдаг, бий болгосон хүч чадлыг дутуу ашигладаг техник буруу сонгодог дутагдал манай ажилд их бий. Үүний нэг жишээ баримт бол нуга намаг тохижуулж ашиглах зориулалтаар 10 гаруй сая рублийн техникийг аваад ашиглаж чадахгүй байгаа явдал. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Зээл тусламжаар социализм байгуулах бодлого ч энэ л үед тодорсон. Үнэн хэрэг дээрээ захиргааны өмчийн хэлбэрийг энэ л үед өөр өнгөөр тодруулан тодотгоцгоосон юм. Найрамдлыг хувийн эрх ашигт тохируулах түүнээс ашиг хонжоо олохыг эрэлхийлэн мэрийгчдийг төрүүлэх, найрамдлаар бороохой хийгчдийг өсгөх системийг энэ л үед тод томруун тавьсан юм. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- ЗХУ, Дорнод Европыг сайны гэрэл ачтай нөлөө мэтээр горьдон хуулж суутал саарын нөлөө нэгэн цагт түүнээс ч хүчтэй нөлөөний үер болоод ороод ирнэ гэдгийг хэн ч зүүдэлсэнгүй. Монголчуудыг европчилох бодлого шугамын хэмжээнд явагдаж байсны гай бас л энэ юм. Монгол хүний оюун сэтгэлгээнээс Монголыг шахан хатангиртуулж, хоосон зай гаргаж, зарим талаар түүнийг нь харийн юмаар бөглөх гэж байсан нь ойлгогдлоо. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- 1975 онд 2,2 тэрбум рублийн өртэй байсан, одоо 9,7 тэрбум рубль болсон. 2 орны хоорондын хэлэлцээрийн дагуу авсан зээл үргэлжлэн ашиглагдаж байна. Хэлэлцээр ёсоор авагдах арга хэмжээ, баригдах объект ч одоо үргэлжилж байгаа. Өөрөөр хэлбэл энэ оны эцэс гэхэд зээлийн өр 700-аас 800 сая орчим рублиэр нэмэгдэнэ. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Өөрөө төлж дийлэхийн аргагүй өрийг өнөөгийн бид өвлөж аваад өөрсдийнхөө ач гучид өв болгон үлдээхээр зэхэж байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
Макро тэнцвэр
- Жигд биш ажиллагаанаас болж улс ардын аж ахуйн төлөвлөгөө тэнцвэр алдагдах явдал олонтоо тохиолдож байна. /МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он/
- Манай эдийн засагчдын тооцоолсноор одоо тус улс нэг хүнд ноогдох үндэсний орлогын үйлдвэрлэлээрээ ЭЗХТЗ-ийн гишүүн Европын социалист орнуудын 1985 оны дундаж түвшний 3-ны 1 орчимд нэг хүнд ноогдох хэрэглээний фондын хэмжээгээр 40 орчим хувь байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- БНМАУ-ын хувьд гэвэл байгалийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаасаа эвдэж сүйтгэх нь ихдэх шинжтэй болж байна гэхэд бодит байдлаас хол зөрөхгүй гэж бодож байна. Дээр дооргүй бид бүхний ухвар мөчирт үйл ажиллагаанаас болж байгалийн чухал нөөц, ой, ус, хөрс, агаарыг бохирдуулах, ургамал амьтны ертөнцийг хүн газрын хэвлийд хайр гамгүй хандах, тариалангийн талбайг атаржуулах, атаржуулж хөрсийг хэт элэгдэлд оруулах энэ бүхний эцэст байгалийн тэнцвэрийг алдагдуулахад хүргэж байна. Төв суурин газар бүрийн орчинд хог хаягдал нэмэгдэж ариун цэврийн нөхцөл улам доройтох хандлагатай байна. /МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он/
- Төвлөрсөн төлөвлөлтийн гол зорилт бол нөхөн үйлдвэрлэлийн тэнцвэрийг хадгалах, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх хэтийн зорилтыг тодорхойлоход чиглэх ёстой. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Манай улсын эдийн засаг үндсэндээ түүхий эдийн чиглэлттэй хэвээр үлдэж, түүнд хар ба өнгөт төмөрлөг, машины үйлдвэр, электроник, химийн зэрэг нийгмийн үйлдвэрлэлийн цаашдын өсөлт, шинжлэх ухаан, техникийн дэвшилийг тодорхойлох ач холбогдолтой шинэ салбарууд үгүйлэгдсээр байгааг Намын төв хорооны 5-р /1988 он/ бүгд хурал дээр тэмдэглэсэн билээ. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Гэхдээ улс орны эдийн засгийн бодит бололцооноос шалтгаалж өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явуулах дотоод эх үүсвэр буюу өөрийн хуримтлалын хэрэгцээг хангаж чадахгүй байна. Иймд бид гадаад эх үүсвэрт түшиглэж байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Өнөөдөр манай улсын үйлдвэрлэсэн үндэсний орлого улс ардын аж ахуйн болон хүн амын нийт хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй хэвээр байна. Энэ бол эдийн засагт байгаа бодит бэрхшээл мөн. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Үйлдвэрлэл хэрэглээний хооронд ажлын байрны хангамж ажиллах хүчний харьцаа нь хүн амын мөнгөн орлого зах зээлийн барааны хангамжийн хооронд тэнцвэр тогтвортой биш байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- 1986-аас 1988 онд үндэсний орлогын үйлдвэрлэл төлөвлөгөөт хэмжээнд хүрсэнгүй. Үндэсний орлогын нэгжид ногдох материалын зардал өсөх, үндсэн фондын нэгжээс үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ буурах хандлагыг зогсоож чадаагүй харин ч төлөвлөгөөт зорилт жил дараалан тасарч байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./
- Үндэсний орлогын үйлдвэрлэлд материалын болон хөдөлмөр зарцуулалт буурахгүй харин нэмэгдэх хандлагатай байна. /МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он./???
- Жишээлбэл манай эдийн засгийн үзэл баримтлал ялангуяа хөрөнгө оруулалтын бодлогод ноцтой гажуудал гарсны улмаас улсын асар их хөрөнгө үрэгдэж сүйдсэн тухай Намын Төв Хорооны бүгд хурлууд АИХ-ын чуулган дээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны анхаарал татсан сэтгэл түгшүүлсэн маш олон санал шүүмжлэл гаргасан. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Түүгээр ч барахгүй манай Намын Төв Хороо ЗГ-ын дээд удирдлага манай эдийн засаг нийгмийн байдал ерөнхийдөө болж байна, зарим нэг дутагдал доголдол үзэгдэж байгаа мэтээр үзэж харин ч далаад оны дунд үеэс эдийн засгийн хөгжил хурдасч эрчимжсэн гэсэн ойлголт төрүүлэх гэж чармайж байгааг зориуд хэлмээр байна. Энэ талаар ихээхэн чармайж байгаа хүн бол Сайд нарын зөвлөлийн дарга нөхөр Содном байгаа байх. Намын Төв хорооны 3 дугаар бүгд хурлаас авхуулаад манай орны эдийн засаг далаад оноос хурдан хөгжсөн зогсонги байдалд ороогүй гэж яриад байгаа. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Үндэсний орлогыг хэрэглээндээ хэрэглээд бараг хуримтлалгүй байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Нэг үе БНМАУ-д социалист үйлдвэрлэлийн харилцаа ялсан, социализмын материал техникийн бааз байгуулж дуусахын төлөө гэсэн онолоор явсан боловч улс маань өнөөдөр буурай хөгжилтэй орны тоонд орсоор байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Өнгөрч байгаа 4 жилийн байдлаас дүгнэлт хийж үзэхэд хөрөнгө оруулалтын 60 орчим хувь, улсын төсвийн гучаад хувийг гадаадын зээл бүрдүүлж байна. Энэ нь үнэн чанартаа улсын төсвийн алдагдал юм. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Үндэсний орлого үйлдвэрлэх төлөвлөгөө өнгөрсөн хугацаанд жил дараалан тасалдаж байхад хэрэглээний нэгэнт хүрсэн түвшнийг бууруулахгүй байх шаардлагын үүднээс хэрэглээний фондыг байнга нэмэгдүүлсээр байсантай холбоотой билээ. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- 1986 онд бөөний үнийн шинэчлэлт хийсэн боловч түүгээр тулгамдсан бүх асуудлыг бүрэн шийдэж чадаагүй. Үндсэн нэр төрлийн дийлэнх барааны жижиглэн худалдаалах үнэ удаан хугацааны туршид нэг түвшинд хөдөлгөөнгүй мөрдөгдөж ирсэн нь олон төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг алдагдалтай болгоход хүргэж байна. /МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он/
- Далаад оны коммунизмын босгоор алхдаггүй юм аа гэхэд социалист үйлдвэр-хөдөө аж ахуйн орны эзэд байх юм аа та нар гэж бидэнд залуухан үед маань сонин хэвлэлээр нам маань номлож байсан, итгэж ч байсан. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Монгол оронд зогсонги байдал байсныг л хэлж зориглохгүй байсаар Улс төрийн Товчооны гишүүд бид улс төрийн тавцангаас буулаа. Бид харин зогсонгийн зогсонгид орчихсон байсан биш юм уу? /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Эдийн засгийн тоо баримтууд яагаад зөвхөн эдийн засгийн байгууллагын удирдлагуудын онцгой эрхэд байна вэ? /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Ер нь аливаа дутагдалтай, доголдолтой, алдаатай зүйлд эзэн гэж байна уу? Наад захын жишээ гэхэд л хар төмөрлөгийн үйлдвэр гарах хугацаа саарч, шийдэлгүй өдий хүрч, эдийн засгийн талаар алдсаны эзэн бас л олдохгүй байх. Амжилтаа товойлгон цуурайтуулахын тулд Азийн хоцрогдсон орнуудын нэг байлаа гэж мөн ч олон жил ярилаа. Гэтэл өөрчлөн байгуулалтын нүдээр өнөөгөө харсан чинь Азийн айхавтар хоцрогдсон орнуудын нэг хэвээрээ л байж байна. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он
- Харин эдийн засгийн харилцааг боловсронгуй болгох гол гогцоо асуудал болж байгаа эдийн засгийн төрийн зохицуулалт бүхий зах зээлийн системийг бүрэлдүүлэх, өмчийн олон хэлбэрийг хэрэгжүүлэх явдал нь их нарийн төвөгтэй асуудал юм. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Манай улсын эдийн засаг анхнаасаа суурь муутай байсан нь үнэн шалтгаан юм. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/
- Манай намыг ядуухан байдалд оруулсан асуудал үнэхээр эдийн засгаасаа болсон шүү. Болохгүй байна хүрэхгүй байна гэсээр байгаад энэ ядуу эдийн засаг маань улс төрийн амьдралыг ядууруулсан. /МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он/