Манай улсын хилээр өнөөдөр 117 вагон түлш орж ирнэ

ОХУ-аас шатахуун, түлшний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. Тухайлбал, өнөөдөр 117 вагон, ойрын дөрөв хоногт нийт 350 вагон түлш хилээр нэвтрэх хуваарьтай байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзах үеэр дээрх мэдээллийг УИХ-ын даргад өгөв. УИХ-ын даргын зүгээс уг асуудалд анхаарч, ОХУ-ын Холбооны хуралтай удаа дараа холбогдсон тул яаралтай арга хэмжээ авч, мэдээллүүдийг нэгтгэн авсан гэдгээ ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козлов тодотгов.

Уг мэдээлэлд дурдсанаар “Роснефть” компанийн зүгээс нөөц хангалттай, нийлүүлэлт тасралтгүй, хэвийн  байгаа ч төмөр замын тээвэр зохион байгуулалттай холбоотой зарим бэрхшээл үүссэнийг шийдвэрлэсэн байна.

Ингэснээр арваннэгдүгээр сарын 29-ний өдөр буюу өнөөдөр 117 вагон түлш хилээр орж ирэх бөгөөд арванхоёрдугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 350 вагон, цаашлаад ойрын хугацаанд нийт 730 вагон түлш нийлүүлэх хуваарийг “Оросын Төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс албан ёсоор ирүүлсэн гэв.

Мөн нийлүүлж буй шатахуун, түлш хилээр нэвтэрснээс хойших буюу монголын талын тээвэр зохион байгуулалтын асуудалд зарим бэрхшээл тулгарч буй тул анхаарал хандуулахыг УИХ-ын даргаас хүсэв. Энэ хүрээнд Монгол Улсад нийлүүлэх шатахуун, түлшний тээвэрлэлттэй холбоотой асуудлыг “Оросын Төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн орлогч дарга оросын талаас бүрэн хариуцан ажиллахаар болсныг дуулгаад, монголын талын хариуцан ажиллах албан тушаалтныг тухайлан томилж өгөхийг УИХ-ын дарга Г.Занданшатараас хүслээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *