ОБЕГ-т хэрэгжих төслүүдийн санхүүжилтийн хэлэлцээрийг УИХ соёрхон баталлаа

“Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”, “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”- ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталлаа.

“Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийн үр дүнд өдөр, шөнийн нислэгийн эрхтэй нисэх багийн дарга 7, хамтран нисгэгч 5-ыг бэлтгэж, Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсээс эрх авах аж. Мөн инженер, техникийн бүрэлдэхүүний ур чадварыг нэмэгдүүлж, инженерийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэнтэй болно. Төслийг Франц Улсын Засгийн газрын 24.7 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Жилийн 0.282 хувийн хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдсөн, 15 жилд эргэн төлөх нөхцөлтэй аж. Энэ зээлийн 5.1 сая еврог нисдэг тэрэгний тоног төхөөрөмж, засвар үйлчилгээнд зарцуулах бол 6.6 сая еврог программ хангамжид, 13 сая еврог сургалтын төлбөрт зарцуулна.

2019 онд Францын Засгийн газрын дэмжлэгээр онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах анги байгуулж, нисэгч, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж байгаа юм. Тус анги 2023 оны 12 дугаар сарын байдлаар нийт 94 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 133 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүргэжээ.

Харин “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд 32, 42 метр хүртэлх өндөрт ажиллах боломжтой 18 тусгай зориулалтын автомашиныг ОБЕГ-т нийлүүлэх юм. Ингэснээр 12-оос дээш давхарт буй гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх боломжтой болно. Түүнчлэн онцгой байдлын албанд хөөсөөр гал унтраах зориулалттай гурван автомашин байгаа бол ийнхүү 18-аар нэмэгдэнэ. Төслийг жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 13.3 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ.

Өнөөдөр Улаанбаатар хотод 198 худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, орон сууцын зориулалттай 9 давхраас дээш барилга байгаа бөгөөд онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа автомашинууд 5-8 давхарт  гарсан галыг унтраах боломжтой юм байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *