Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулав
Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл өнөөдөр Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагуудтай уулзлаа.
Зөвлөлөөс 2023 онд хүүхэд, залуучууд, гэр бүл, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр зорилтот ажлуудыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан дээрх асуудлаар нийслэл, дүүргийн хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагаатай уялдуулж ажиллахад шаардлагатай мэдээ мэдээллийг тус газраас авсан юм. Тухайлбал, 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгөө Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга Ө.Ган-Өлзий танилцуулж, тулгамдаж буй асуудлын талаар ч уламжиллаа. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран үр дүнтэй, бодит ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд, хүүхэд хамгааллаас гадна гэр бүл, залуучууд руу чиглэсэн бодлого, үйл ажиллагаа чухал гэдгийг онцоллоо.
Бүх улс оронд гэр бүлийн боловсролыг маш чухалд тооцдог. Их, дээд боловсролоос илүү тухайн хүний насан туршийн амьдралд нэн чухал зүйл бол гэр бүлийн боловсрол учраас энэ асуудалд анхаарах зайлшгүй шаардлагатай НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар онцолсон юм. Гэвч харьяа агентлагийн үйл ажиллагааны төсөвт гэр бүл болон залуучуудад зориулсан төсөв тусгагдаагүй байгааг тусгайлан ярих шаардлагатай гэлээ. Тэгэхдээ зөвхөн нийслэлийн түвшинд бус салбарын яам, Засгийн газар, хууль тогтоох байгууллагын түвшний асуудал учраас хамтран ажиллах учиртайг онцолсон юм.