СОНСГОЛ: “Админерал”-тай холбоотой дуудагдсан Д.Амарбаясгалан хаашаа “нисэв”?

“Нүүрсний хулгай” гэх тодотгол бүхий нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь шат өнөөдөр дуусна. Өнөөдрийн үдээс өмнөх сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ) ХК-ийн Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгох тендер шалгаруулалтад хийсэн хяналт шалгалтыг шинжээч танилцуулсан.

Үнэлгээний хороо “МТАС” түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзээд 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ний өдөр гэрээ байгуулсан байна. Гэвч энэхүү тендер нь зохих шаардлагыг хангаагүй байгааг шинжээч хэлсэн юм. Мөн 440 их наядын нүүрс борлуулах онцгой эрхийг “Эрдэнэс Тавантолгой” компани ганцхан “МТАС” түншлэлд өгчээ.

“МТАС” түншлэлээс хамгийн ихээр анхаарал татаж, “но”-той санагдаж байгаа нэг компани нь “Админерал” юм. Учир нь Админералыг үүсгэн байгуулсан захирал Ц.Лхамжав нь МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах юм. Тиймээс 440 их наядыг ганц компанид олгоход Ц.Чулуунзагдын хамаарал бий юу хэмээн Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр асуухад тэрбээр “Миний ямар ч нөлөө байхгүй. Өрсөлдөгчөө намнах гэсэн сонгуулийн шоу” хэмээн хариуллаа.

Гэтэл шинжээчийн танилцуулснаар Ц.Чулуунзагд, Ц.Лхамжав нар нь хэд хэдэн хамтарсан компанитай болох нь тогтоогдов. Тухайлбал,  “Админерал”-ын хувьцаа эзэмшдэг “Мкаст” компанийг Ц.Чулуунзагд 100 хувь эзэмшдэг. Мөн тэдний үүсгэн байгуулсан “Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн НҮТББ”-д ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЦХХХ-ын сайд Ж.Эрхэмбаяр нар хамааралтай аж. Тодруулбал, Д.Амарбаясгалан удирдах зөвлөлийн дарга, эцсийн өмчлөгчөөр нь ажилладаг.

Ийн ямар ч даатгал төлдөггүй, санхүүгийн чадваргүй атлаа нүүрс олборлох тендерт шалгарсан “Админерал” компанитай хамааралтай Д.Амарбаясгалан орон нутагт томилолттой яваа гэсэн шалтгаанаар ирсэнгүй. Саяхан Засгийн газрын хуралдааны мэдээллийг танилцуулж байсан Д.Амарбаясгалан яагаад гэнэт орон нутаг явах болов. Уг нь тэр нүүрсний сонсголыг маш сайн мэдэж байгаа учир томилолтын хугацаагаа хойшлуулж болох л байсан. Гэтэл гэнэт л “нисчихсэн” нь их “но”-той  санагдана. Ерөнхийлөгч асан Х.Баттулга шиг буруутай гэдгээ мэдэх болохоороо яаралтайгаар гадаад зугтаагүй гэсэн баталгаа бас л алга.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *