“Хятад улс дуунаас хурдан пуужин туршихдаа цоо шинэ технологийг давхар туршсан “
Энэ оны долдугаар сарын 27-ны өдөр Хятад улс анх удаа дуунаас хурдан пуужин туршсаныг Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж, албаныхан хүлээн зөвшөөрч байв.
Тухайн үед шинэ пуужин дэлхийн бөмбөрцгийг бүтэн тойроод Хятадын нутаг дэвсгэр дэх байнд туссан байна. Тэгвэл уг туршилтын үеэр өмнө нь огт ашиглагдаж байгаагүй цоо шинэ технологийг давхар туршсан тухай Financial Times сонин өнгөрсөн амралтын өдөр мэдээлжээ.
Энэ нь дууны хурднаас тав дахин өндөр хурдтай нисэж буй пуужингаас хоёр дахь пуужинг салгаж харвасан тохиолдол юм байна.
Ийм чадварыг өмнө нь АНУ, ОХУ-ын аль нь ч үзүүлж байгаагүйг уг мэдээнд онцолжээ. Financial Times сонины мэдээг Даваа гарагт Wall Street Journal сэтгүүл дахин баталсан байна.
Хоёр дахь пуужин Өмнөд Хятадын тэнгисийн усанд унасан бол үндсэн пуужин нь Хятадын нутаг дэвсгэрт байрлуулсан байгаасаа 32 км-ийн зайтай туссан тухай дээрх хэвлэлүүд мэдээлжээ.
Гэхдээ Пентагоны генерал Жон Хайтен энэ алдааг анхны туршилтын хувьд “хангалттай ойр” гэж дүгнэсэн байна.
Харин 6,175 км/цаг хурдтай нисэж буй пуужингаас яаж хоёр дахь пуужинг харвасан, ийм технологийг хятадууд яаж эзэмшсэн нь гайхшируулж байгааг Пентагоны технологийн мэргэжилтнүүд Financial Times сонинд ярьжээ.
Хоёр дахь пуужин ямар зориулалттай нь тодорхойгүй байгаа юм.
Мэргэжилтнүүдийн урьдчилсан таамгаар дайсны пуужингаас хамгаалах системийн довтолгоог сарниулах зориулалттай байж магадгүй гэнэ.
Генерал Жон Хайтен өнгөрсөн долоо хоногт CBS News хөтөлбөрт оролцохдоо дуунаас хурдан пуужингийн туршилт Хятад улсын зэвсгийн технологийн хөгжил ямар түвшинд хүрснийг харуулсныг онцлоод АНУ-ын хувьд хөгжүүлэлтээ яаравчлах шалтгаан болж буйг хэлсэн байна.
Эх сурвалж: Associated Press