Номын завсар хавчуулсан 80к
Сонгуулийн жилийн өмнө улстөрчид, улстөрд горилогчид илтэд идэвхжиж тойрог услах, тойрог онилох ажилдаа ордог. Танигдах маркетингаа ч янз бүрээр хийнэ. Хэдэн жилийн өмнөх урлагийн тоглолт, гарын бэлэг /гурил, будаа, чихэр, архи/ хоцрогдож сургалт лекц, эрүүл мэндийн үзлэг оношилгоо…гэх хувилбарт шилжсэн.
Ингэхдээ гарын бэлгээ яаж ийгээд дайхаа мартахгүй. Адаглаад л өөрийн нэрээр нэрлэсэн сан сэлтээр халхавчилна. Энэ аргыг харьцангуй боловсролтой имиджтэй Б.Түвшин мөн л давтсан нь олон хүний эгдүүцлийг төрүүлжээ.
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтын Ерөнхийлөгчөөр ажилладаг тэрбээр саяхан Завхан аймгийн сумдад уулзалт хийх үеэрээ өөрийн ном, нэрийн хуудсаа иргэдэд тараахдаа номын хуудас завсраа 40-80 мянган төгрөг хавчуулсан гэх мэдээлэл сошиал орчинд хөвөрч байна. Түүний хувьд 2020 онд ХУД-т АН-аас нэр дэвшээд өвдөг шороодсон бол энэ удаа Завхан аймгийг онилсон гэх сураг эртнээс гарч байсан нь ийн батлагдав бололтой.