Б.Энхбаяр: Нүүрсний хоёр дахь сонсгол С зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар эхэлнэ
Нүүрсний хоёр дахь сонсголд гэрчээр дуудах хүмүүсийн талаар УИХ-ын Хянан шалгах Түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээллээ.
Тэрээр “Эхний үе шатны сонсголд “Тавантолгой” ХК болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой 28 багц асуудлыг нотлох баримтыг шинэчлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хяналт шалгагч нарын тайланг сонсож холбогдох гэрчүүдээс асуулт асуусан. Нийтдээ 275 гэр оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 228 гэрч буюу 80.4 хувь нь оролцсон байна.
Хоёр дахь сонсголыг дараах үе шатаар зохион байгуулна.
- 2023 оны арванхоёрдугаар сарын 18-нд үдээс өмнө С зөвшөөрөлтэй холбоотой асуудал. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн тээврийн үйл ажиллагаанд нүүрсний экспорт, үдээс хойш гааль, хилийн цэргийн албан хаагч нартай холбоотой асуудал.
- 2023 оны арванхоёрдугаар сарын 19-нд үдээс өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолтын талаар, бусад компанитай байгуулсан гэрээний талаар, үдээс хойш Нүүрс баяжуулах үйлдвэр, Газрын тос дамжуулах хоолой, уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээ, бусад гэрээ гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцэнэ.
- 2023 оны арванхоёрдугаар сарын 20-ний үдээс өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилт, “Тавантолгой” ХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар, үдээс хойш Загийн усны хоолой, “Тавантолгой” дулааны цахилгаан станц, уурхайн суурьшлын төслийн бүтээн байгуулалтын төсөл, кокс, Эрчим хүчний үйлдвэр, Шивээ овоо, “Багануур” ХК-тай холбоотой асуудлаар,
- 2023 оны арванхоёрдугаар сарын 21-ний үдээс өмнө, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр зам, “Тавантолгой- Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам, “Бодь интернэйшнл” ХХК-тай “Тавантолгой- Гашуун сухайт” төмөр замын санхүүжилт, үдээс хойш, “Богдхан” төмөр зам, “Бодь интернэйшнл” ХХК-ийн “Богдхан” төмөр замын санхүүжилт, “Тавантолгой” нүүрс ачих ложистигийн төв, “Тавантолгой- Гашуунсухайт” болон “Тавантолгой-Зүүн баян” холбох төмөр замын асуудлаар,
- 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ний үдээс өмнө хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК, ”Монголиан Контракт Майнинг Сервис” ХХК, “Таван хур” ХХК, Админерал ХХК зэрэг бусад компани, үдээс хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ, Үндэсний аудитын газар болон хөдлөнгийн аудитын хяналт шалгалт, Сангийн яам Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын газрын тосны газар болон байгууллагын хяналт шалгалт гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулна” гэв.