Х.Болорчулуун: Импортын татварыг 20 хувь болгож нэмэгдүүлнэ
Гол нэрийн 19 хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 2-3 жилд үе шаттайгаар нэмэгдүүлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдэгдээд буй.
Тэрбээр өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр уг асуудалтай холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Хүнсний хувьсгалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсны дагуу 36 дугаар тогтоол гарсан. Энэ нь гол нэрийн 19 хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангаж, бэлтгэх зорилттой. Задалбал 40 орчим хүнсний ногоо болж байгаа. Энэ жилийн хувьд Монгол Улс хүнсний ногоогоо 85 хувь хангасан. Ийм байхад гаднаас ногоо аваад яах билээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад элссэн амлалтынхаа дагуу импортын татварыг 20 хувь хүртэл нэмэгдүүлэх асуудлыг үечилнэ. 2026 он хүртэл жил бүр тав, таван хувиар нэмэгдүүлнэ. Өнөөдөр гэнэт үнэд нөлөөлөхөөр 20 хувийн татварыг шууд тавихгүй. Импортын татварыг тавихдаа тийм хувиас дээш хангамжид хүрсэн үед тавина гэсэн хууль дүрэм байхгүй” гэв.