ТАНИЛЦ: Хөгжлийн банкны шүүх хурлаар гэм буруутай нь тогтоогдсон хүмүүс
Хөгжлийн банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлтийг өчигдөр танилцуулав. Шүүх хуралдаан ажлын 47 өдөр үргэлжилж гэм буруугийн дүгнэлтээр 48 иргэнийг цагаатгаж, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцов.
Одоогийн байдлаар шүүх хуралдаан долдугаар сарын 3-ны өдрийн 14:00 цаг хүртэл завсарлаад байна. Энэ хугацаанд шүүгдэгч, ААН-үүд Хөгжлийн банкинд учруулсан хохирлоо төлөх боломжтой.
Ийн тус шүүх хурлын үеэр цагаатгагдсан хүмүүсийн ихэнх нь улс төрчид, буруутгагдсан хүмүүсийн ихэнх нь мэргэжилтнүүд байгаа нь ихээхэн анхаарал татаж байна. Бид өмнөх нийтлэлээрээ гэм буруугүй хэмээн цагаадсан хүмүүсийн мэдээллийг хүргэсэн бол энэ удаа гэм буруутай нь тогтоогдсон хүмүүсийн мэдээллийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хахууль авсан буруутайд тооцлоо
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэмт хэрэгт тус тус холбогдуулан гэм буруутайд тооцлоо.
Тодруулбал түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “НВЦ” компанийг “Хөгжлийн банк”-ны шаардлага хангаагүй атлаа зээл авах гэсэн үйлдэлд нь дэмжлэг үзүүлснийхээ хариуд 2017 оны есдүгээр сарын 19-ний өдөр ЧД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангарди ордны хойд талд “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн зургаа дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн гэж үзэж гэм буруутай гэж үзжээ.
Тэрбээр өмнө нь уг асуудлаар “Хуурай гүжир хариу үгүй гэдэг. Би буруугүй” хэмээн тайлбар өгч байсан юм.
Мөн 2017 оны тавдугаар сарын 18-ны өдөр СБД-ийн 11-р хороо Сэлбэ хотхоны F байрны 38 тоот хаягт байрлалтай орон сууц болон тус хаягт байрлалтай 9 тоот авто зогсоолыг иргэн Ганбаатараас бэлнээр 320 сая төгрөгөөр, 2017 оны аравдугаар сарын 27-ны өдөр 2014 онд үйлдвэрлэгдсэн 9699 УНО улсын дугаартай Lexus 570 маркийн авто машиныг БНХАУ-ын иргэнээс бэлнээр 133 сая төгрөгөөр тус тус худалдан авчээ.
Гэвч тэрбээр Авлигын эсрэг хуулийн 10-р зүйлийн 10.2-т мэдүүлэг гаргагч нь өөрийн гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчиж Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахдаа дээр дурдсан орон сууц болон зогсоолыг нийт 250 сая төгрөгөөр, машиныг 133 сая төгрөгөөр худалдан авсан гэж худал мэдүүлэн нийт 393 сая төгрөгийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10-р зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн байна.
“Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнийг Хөгжлийн банкинд 36 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэв
“Алтай констракшн” компанийн захирал, “Монгол Драй Милк” ХХК-ийн үүсгэн байгуулагч Хадбаасангийн Бат-Эрдэнийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр болон зээлийн удирдлагын хорооны гишүүдэд хууль бусаар нөлөөлж, хуурай сүү төслийн хүрээнд нийт 36 тэрбум гаруй төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцов.
Мөн “Монгол Драй Милк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Эрдэнэбилэгтэй бүлэглэж гэмт хэргийн үүднээс олсон орлого болох 36 тэрбум гаруй төгрөгийг авч ашиглан мөнгө угаасан гэм буруутайд тооцлоо.
“Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийг буруутай гэж үзэв
“Бэрэн групп” ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч Б.Мөнхтөр нь гэмт хэргийн улмаас бий болсон орлого буюу нийт 83.5 тэрбум төгрөг нь гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж авч, компанийнхаа татвар, НДШ, хувийн хэрэгцээнд зарцуулан ашиглаж, мөнгө угаасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 18.6.1-д зааснаар зүйлчлэв.
Тухайлбал Б.Мөнхтөр нь “Бэрэн групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Удирдах зөвлөлийн дарга Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа, өөрийн үүсгэн байгуулсан компанийн “Бэрэн групп” ХХК-ийн 100 мянган тонны хүчин чадалтай барилгын арматурын үйлдвэрийг Эрдэнэт хотод барих төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 22.7 сая ам.долларын зээлийг авах ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн хорооны дарга, гүйцэтгэх захирал Н.Мөнхбатад хууль бусаар нөлөөлж, гэмт хэрэг санаатай үйлдэхэд нь хатгаж, хамтран оролцож, дээрх төсөлд 22.7 сая ам.долларыг “Бэрэн групп” компанид олгож, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэв.
Эрүүгийн хуулийн 18.6.1. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Харин “Бэрэн Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай Мөнхтөрийн Цэлмэгийг гэм буруугүйд тооцов.
“НВЦ” ХХК-ийн захирлаас авсан хахуулиа бэлэг хэмээн “андуурсан” Л.Аззаяаг гэм буруутайд тооцов
“НВЦ” ХХК-д зээл олгоход хахууль авсан гэх хэрэгт холбогдсон Хөгжлийн Банкны ахлах мэргэжилтэн асан Л.Аззаяаг гэмт буруутайд тооцлоо. Тодруулбал, шүүгдэгч Лхагвасүрэнгийн Аззаяа нь Монгол Улсын Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
Гэм буруугийн шүүх хуралдааны үеэр Л.Аззаяа “Би “НВЦ” ХХК-ийн захирлыг танихгүй. Тус компанийн зээлийн хүсэлтийг судлах үүргийг шууд удирдлагаас аваад зээлийн мэргэжилтний хамт судалж, танилцуулгыг бэлтгэж, хувьдаа шаардлага хангасан хэмээн үзэж харьяалагдах газрын захирал болон хорооны даргын зөвшөөрөлтэйгөөр зээлийн санал хэлбэрээр мэргэжилтэн Тэмүүжин, Мөнхбаяр нарын хамт танилцуулсан. Зээлийн шийдвэр гарч гэрээ байгуулагдаж, олголт хийсний сар гаруй хугацааны дараа гадуур явж байхад Ц.Баатарбилэг асуух юм байна, байгаа газарт чинь яваад очъё гээд ирсэн. Машинд нь ороход мөнгө өгөх гэж оролдсон. Хэдэн төгрөг байгааг мэдээгүй. Тэгээд ч аваагүй. Та ингэж болохгүй гээд машинаас нь буусан. Ц.Баатарбилэг гэх хүн зогсоо зайгүй над руу залгаад байсан. Удахгүй ахиад гараад ирээч гэсэн. Гараад очиход цагаан тортой цаасан юм өгчхөөд бэлэг юм аа гэж хэлээд яваад өгсөн. Тухайн үед арваннэгдүгээр сар учраас харанхуй хүйтэн байсан болохоор хальт үзэхэд оргилуун дарс шиг харагдсан. Шинэ жил болох гэж байгаа учраас бэлэг гэж өгч байгаа юм байна гээд их юм бодоогүй. Тухайн үедээ задалж үзээгүй. Мөрдөн байцаалтын явцад дурдсан зүйлийг буцааж өгсөн” хэмээн мэдүүлэг өгч байв.
Тэрбээр 2021 онд хүүхэд асрахаар чөлөө авахдаа өргөдлөө өгөөд ажлаа гарчээ.