УИХ-ын ээлжит сонгуулийг зургаадугаар сарын 26-нд зохион байгуулахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөр болсон хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ны дарга П.Дэлгэрнаран гадаадад байгаа иргэдээс санал авах өдрийг зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд буюу пүрэв гарагт эхлээд даваа гарагт хуульд заасны дагуу дөрвөн өдөр үргэлжлээд дуусахаар, УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 26-ны өдөр байхаар тооцож санал өгсөн хэмээн хариулсан.

Зургаадугаар сарын 26-ны лхагва гараг гэж тооцсоны учир нь баасан гарагт сонгуулийн санал авахаар бүх нийтийн амралтын өдөр болговол сонгуулийн санал өгөх өдрийг аялал зугаалгын өдөр болгох вий гэж болгоомжилсных хэмээн тодотгосон.

Санал авах хуудаст олон нэр бичигдэх тул сонгогчид саналаа өгөхдөө ойлгохгүй байх зэрэг хүндрэл үүсэх магадлалтай. Тийм учраас саналаа хэрхэн өгөх арга, зөвлөмжүүдийг өгөх ажлыг сайн зохион байгуулна гэж СЕХ-ны дарга нэмж хариулаад, санал тоолох техникийн хувьд асуудалгүй, бүгд бэлэн болсон хэмээсэн. Иргэдийн санал өгөх хугацаа бага зэрэг уртасна гэж тооцоод олон сонгогчидтой хэсгүүдийн хороодод хоёр төхөөрөмжийг зэрэг тавьж ажиллуулна гэж тооцож байгаа гэлээ.

Эцэст нь тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *