Б.Энхбаяр: Нүүрсний сонсгол зохион байгуулах зам дардан байсангүй
Нүүрсний хулгайн асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан хоёр дахь шатны сонсгол өнөөдөр өндөрлөлөө.
Хоёр шатны сонсголд нийт 577 хүнд гэрчээр оролцох мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. Тэднээс 419 нь хүрэлцэн ирж, сонголд гэрчээр оролцож, мэдээлэл өгчээ. УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр хоёр дахь шатны сонсголыг хааж дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Нүүрсний сонсгол зохион байгуулах зам дардан байгаагүй. Өөр тийш нь чиглүүлэн таслан зогсоох оролдлого удаа дараа гарч байсныг цохон тэмдэглэе. Ард түмний мэдэх эрхийг хангах үүднээс зохион байгуулсан нээлттэй сонсгол ийнхүү хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж дууслаа. Нийт 60 сэдвээр нотлох баримтуудыг шинжлэн судалсныг танилцуулсан.Сонсголд 577 хүнд гэрчээр оролцох мэдэгдэх хуудас хүргүүлсэнээс 419 нь оролцжээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үр дүнд сонсголыг хийхэд манлайлал үзүүлэн ажилласан УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын Хянан шалгах түр хороонд ажилласан гишүүдэд болон холбогдох хүмүүст баярлалаа” гэв.