Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад 16 сая төгрөгийн урамшуулал олголоо
Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Энэ журмын дагуу тав дахь жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон таван алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.
ОБЕГ-ЫН ХАРЬЯА ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАДЫН ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БАГАЖ ХЭРЭГСЭЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, АХЛАХ ДЭСЛЭГЧ З.ГҮРРАГЧАА
Ахлах дэслэгч З.Гүррагчаа нь Онцгой байдлын албанд 19 дэх жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа Төв, Хэнтий, Хөвсгөл, Булган, Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Говь-Алтай, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Сүхбаатар зэрэг аймгуудад гарсан 60 гаруй удаагийн ой, хээрийн түймрийн голомтод 700 гаруй хоног үүрэг гүйцэтгэж, 1500 гаруй айл өрх, 3000 гаруй иргэний амь нас, 5000 гаруй тонн хадлан тэжээлийг түймрийн аюулаас авран хамгаалж, үер усны ослын 80 гаруй удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн 118 нэрвэгдэгчийг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. Онцолбол, 2019 онд Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко- Алтан” заамар компанийн уурхайд гарсан ослын дуудлагаар 9 хоног үүрэг гүйцэтгэж, осолдсон гурван нэрвэдэгчийг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагаанд 2021,2023 онуудад үүрэг гүйцэтгэж, 2021 онд “Сүхбаатар ”хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд цаг уурын хүнд нөхцөлд мэргэжлийн ур чадвар гарган 12-16 метрийн усны гүнд 38 ажиллагааны даалгаврыг 40 удаагийн шумбалтаар биелүүлж, 2226 минутын шумбалт хийсэн бол 2023 онд Хөвсгөл нуурт живсэн Т-100 загварын 11 тонн жинтэй тракторыг 300 гаруй литр шатах, тослох материалын хамтаар 35 метрийн гүнээс татан гаргах ажиллагаанд оролцсон юм. Түүнчлэн 2023 онд БНТУ-д болсон газар хөдлөлтийн голомтод ажилласан Монголын Эрэн хайх, аврах багт үүрэг гүйцэтгэж, бүрэн нурсан орон сууцны барилгын нурангийг нүхлэн хонгил гаргаж, аврах ажиллагааг зохион байгуулан дарагдсан 3 иргэнийг /том хүн 1, хүүхэд 2/ дөрвөн метр орчим гүнээс гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал, давчуу орон зайд, хүчилтөрөгч дутмаг тоосжилт ихтэй орчинд 4 цаг гаруй хугацаанд хэвтээ байдалтай ажиллаж, байшингийн хана, шал, тааз цөмлөн 0,5х0,8 метрийн хэмжээтэй, 40 гаруй метр урттай хонгил ухаж 9 метр орчим гүнд дарагдсан иргэнийг нурангиас чөлөөлөн, амь насыг нь аварсан зэргээр 10 хоногийн турш ажиллахдаа 4 иргэний амь насыг аварч, 19 буцалтгүй нэрвэгдэгч болон 20.000 ам.долларыг нуранги дороос гарган, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн юм.Тэрбээр 2014-2015 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцсон зэргээр улсын хэмжээнд болон олон улсад тохиолдсон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэдэг тэргүүний алба хаагчдын нэг юм.
.
АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭРЭН ХАЙХ, АВРАХ САЛБАРЫН АВРАГЧ-УСЧИН, АХЛАХ АХЛАГЧ Р.ОРГИЛСАЙХАН
Ахлах ахлагч Р.Оргилсайхан нь Онцгой байдлын албанд 22 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 1142 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 780 хүний амь насыг авран хамгаалж, 120 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн гол, нуурын эргийн хамгаалалт, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Шүхрийн усан дээрэх буулт, “Теротлан”-ы спорт сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хамгаалалтанд нийт 310 удаагийн үүрэг гүйцэтгэж, усанд живж байсан 250 иргэний амь насыг аварч, эмнэлэгийн анхны тусламж үзүүлсэн.
Тэрбээр 2023 онд гамшиг, ослын 42 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, иргэд, аж ахуй нэгж, байгууллагын 85 автомашин, 450 орчим сая төгрөгийн эд хөрөнгө,145 иргэний амь насыг авран хамгаалж, 5 буцалтгүй нэрвэгдэгчийг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө. Онцолбол, усны ослын 13 удаагийн дуудлагаар ажиллаж, 5-20 метрийн гүнд 23 цаг 45 удаагийн шумбалт хийсэн бол Хотонт суманд усанд боогдсон 17 иргэн, 17 гэр, 3 автомашиныг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлж, хүнсний дэлгүүр болон цайны газруудын усыг бүрэн соруулж, лаг шаврыг зөөвөрлөн нийт 450 орчим сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Мөн аймгийн Эрдэнэбулган, Ихтамир сумдын нутгаар олон хоног үргэлжилсэн борооны улмаас Тамирын голын усанд боогдсон 124 иргэнийг аюугүй бүсэд зөөвөрлөн, голд суусан 81 автомашиныг татан гаргасан зэргээр үүргээ нэр төртэй биелүүлж байна.
БУЛГАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭРЭН ХАЙХ, АВРАХ САЛБАРЫН ЗАХИРАГЧ, ХОШУУЧ Ж.ЛХАГВАЖАРГАЛ
Хошууч Ж.Лхагважаргал нь Онцгой байдлын албанд 27 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаандаа 403 удаагийн гамшиг, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 34 иргэний амь нас, 960 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Тухайлбал 2023 онд зам тээврийн осол, автомашинтайгаа цасанд суусан, усанд осолдсон, сураггүй болсон зэрэг 20 гаруй дуудлагаар алба хаагчдыг газар орон дээр удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж, 30 орчим иргэний амь насыг авран хамгаалсан. Тэрбээр АНУ-ын Иргэний цэргийн дэмжих бүлэгтэй хамтран аврах тактикийн сургуулийг хоёр удаа, урсгал усны дадлага сургууль болон өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг тус тус орон нутагтаа амжилттай зохион байгуулж, аврагч нарын мэдлэг, аврах ажиллагааны ур чадварыг дээшлүүлсэн зэргээр хүлээсэн үүргээ нэртэй биелүүлж байгаа алба хаагч юм.
ХОВД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 48 ДУГААР АНГИЙН ГАЛ УНТРААХ АВТОМАШИНЫ ЖОЛООЧ, АХЛАХ АХЛАГЧ С.МӨНХБАТ
Ахлах ахлагч С.Мөнхбат нь Онцгой байдлын албанд 11 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Тэрбээр 2012-2019 онд тохиолдсон усны ослын 203 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 31 нэрвэгдэгчийн цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. Харин 2023 онд гал түймрийн 13 удаагийн ажиллаж, 6 иргэний амь нас, иргэд, аж ахуй нэгж, байгууллагын 800 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Мөн аймгийн Дуут, Мөнххайрхан, Манхан, Зэрэг сумдад цасан боогдсон, төөрсөн 28 иргэн, үерт өртсөн 5 хүнийг авран хамгааллаа. Тэрбээр усан спортоор хичээллэдэг бөгөөд 2022 онд Онцгой байдлын аварга шалгаруулах тэмцээний усанд сэлэлтийн гүний шумбалтын төрөлд 73 метр шумбаж тэргүүн байр, 2023 онд гүний шумбалтын төрөлд 68 метр шумбаж тэргүүн байрыг тус тус эзэлж, Монгол Улсын рекордыг эзэмшиж байна.
СҮХБААТАР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭРДЭНЭЦАГААН СУМАН ДАХЬ ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 47-Р АНГИЙН ЗАХИРАГЧ, АХЛАХ ДЭСЛЭГЧ А.АЛТАНБАЯР
Ахлах дэслэгч А.Алтанбаяр нь Онцгой байдлын албанд 10 дахь жилдээ ажиллаж байна. Тэрбээр 2023 онд гамшиг, ослын нийт 29 удаагийн гамширг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 13 хүний амь нас, иргэд, аж, ахуйн нэгжийн 600 сая төгрөгийн өмч хөрөнгийг аварч, мэргэжлийн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан байна.