Г.Занданшатар: Ямар үнэ цэнээр тусгаар тогтносон, бие даасан улс болсныг монгол хүн бүр гүн гүнзгий агуулгаар ойлгодог байгаасай

Өнөөдөр Монголчуудын хувьд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 112 жилийн ой тохиож байна.

Өдгөөгөөс 112 жилийн өмнөх энэ өдөр 200 гаруй жил үргэлжилсэн Манжийн эрхшээлээс гарч, Манжийн ноёрхлыг эцэс болгон, Монгол төрийг сэргээн байгуулж, VIII Богд Жибзундамбыг тусгаар улсынхаа хэмжээгүй эрхт хаанаар өргөмжлөн, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан юм.

Үүнээс өмнө монголчууд дэлхийн улс төрийн газрын зурагт байдаггүй байсан бол 1911 онд өөрийн нутаг дэвсгэр дээрээ тусгаар тогтнол, бүрэн эрхт улс болсноо дахин зарласан нь ХХ зууны дэлхийн түүхэнд Монгол Улс” дахин гарч ирэх үндэс болсон юм. Энэ түүхэн үйл явдлаас улбаалан монголчуудын дараа дараагийн хувьсгал, улс төрийн олон үйл явц өрнөсөн гэж хэлж болох юм. Тиймээс ч монголчуудын 200 гаруй жилийн турш хүсэн мөрөөдөж, эрх чөлөөний төлөөх үй олон хүний тууштай, мохошгүй тэмцлийн үрээр олж авсан үнэт зүйлийг мартах учиргүй.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхт өдрийн ач холбогдол, үнэ цэнийг хүүхэд, залуустаа танин мэдүүлэхээр 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бичсэн нийтлэлд “…Нүүдэлчин нэг үндэстэнд дагаар ороод нөгөө нүүдэлчдийг нь дарахад хүчинзүтгэсэн их хятадын түшмэд 200 гаруй он улирахад манж угсаатныг ул мөргүй болтол уусган үгүй хийснээр, ХХ зуун гарахад Манж Чин гүрэн оршин тогтнох утга учир хар аяндаа үгүй болжээ. Тэртэй тэргүй манж хүн бараг үлдээгүй Хятад оронд Манжийн эзэн хаант төрийг халах, цэвэр хятад үндэстний төр улс байгуулаххувьсгалт хөдөлгөөн өрнөсөн тэртээ 1911 онд манай эх оронч ноёд, сэхээтнүүд ч зүгээр чих тавиад суусангүй. Богд Жибзундамба хутагт “Монгол овогтон бүгдээрээ нийлж өөрийн улсыгбайгуулж, бусдын эрх мэдэлд дарлагдан зовлон зүдгүүрийг үгүй болгох цаг ирлээ” хэмээсэн утгатай лүндэн буулгаж, энэхүү лүндэнгээ Өвөр Монголын бүх хошууд, Хөх нуур, Цайдам, Шинжаан, бүр Ил Тарвагатай, Урианхайн хязгаарын монголчуудад ч хүргэжээ. Халхын дөрвөн аймгаас яаравчлан цэрэг татаж, Хүрээндсуугаа манж амбаныг хөөн зайлуулснаар Манж Чин гүрний эрхшээл дор явсан 200 гаруй жилийн гутамшигт түүхэнд цэг тавьжээ. Ингээд 1750-иад оноос хойш анх удаа Монголын хилийн боомтуудад харуул манаа гаргаж, Ховд, Улиастайг чөлөөлөхөөр цэрэг хөдөлгөсөн зэргийг бид мэднэ. Энэ бүхний эцэст Арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өлзий билгэт сайн өдөр Үндэсний эрх чөлөөнийхувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо даяар олноо тунхаглан зарлаж, үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагч Богд Жибзундамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан байна. Энэхүү эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.

Туурга тусгаар улсаа зарлаж, Манжийн дарлалаас үүрд ангижирснаа тунхагласан энэ өдрөөс хойш даруй гурав хоногийн дараа Нанжин хотноо Хятад улс төрийн тусгаар тогтнолоо зарлаж, анхны ерөнхийлөгч Сун Ятсен тангараг өргөсөн байдаг. Түүхэн хөдөлшгүй энэ баримтыг үзэхүл, Монгол, Хятад хоёр ард түмэнхоёул Манжаас нэгэн зэрэг шахам чөлөөлөгдөн эрх чөлөөт улсаа байгуулсан бөгөөд бүр нарийвчлах юм бол, манай улс гурван хоногийн өмнө туурга тусгаар болжээ!

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг амжилтад хүргэсэн эх орончдын баатарлаг түүхийг эргэн дурсахын утга учир хийгээд энэ үйл явдлын түүхэн болон улс төрийн ач холбогдлыг зүй ёсоор үнэлж, жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг “Үндэсний эрх чөлөөний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байх нь монгол хүн бүр эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал үндэсний түүх, соёлоороо бахархах, эх оронч үндэсний ухамсар төлөвшүүлэх одоо хийгээд ирээдүйд эрх чөлөөг бат итгэлтэйгээр эдэлж амьдрахын утга учрыг эргэцүүлэн ойлгуулсан гүн гүнзгий агуулгатай байгаасай хэмээн хүсэж байна...” хэмээн дурдсан байдаг.

Түүний энэ нийтлэлд бичсэнчлэн Бүгд найрамдах засаглалаа зарласан буюу анхны Бүгдээр найрамдах Үндсэн хуулиа баталсан 11-р сарын 26-ныг бид албан ёсны баяр болгон тэмдэглэдэг. Гэтэл “Улс тунхагласны” гэж зөрүү нэрлээд заншчихсан буруу үгээ л залруулчихвал энэ үнэхээр зөв чухаг баяр. 200 гаруй жилийн Манжийн дарангуйлалаас тусгаар тогтносон өдрөө огт хайхрахгүй өнгөрөөдөг нь зохисгүй, эх оронч бус явдал юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *