Тэнгист завьтай хоёр сар болсон эр Монголын тэмээний ноосон хөнжлийн ачаар амь гарчээ
Одоогоос хоёр сарын өмнө тэнгист завьтай гарч сураггүй алга болсон ОХУ-ын иргэн өчигдөр аврагджээ. 46 настай Михаил Пичугин өөрийн ах, түүний 15 настай хүүгийн хамтаар “Байкат 470” загварын хийлдэг моторт завинд суун наймдугаар сарын 9-ний өдөр Агнуурын тэнгист гарсан бөгөөд хэд хоногийн дараа тэднээс холбоо тасарч, байрлал нь тодорхойгүй болсон байна. Ийнхүү хоёр сар сураггүй байсны эцэст түүнийг өнгөрөгч 14-нөөс 15-нд шилжих шөнө Камчаткийн хязгаарын Усть-Хайрюзово тосгоны ойролцоох тэнгисийн усанд олоход ах, дүү хоёр нь хэдийнэ нас барсан байжээ. Тэрбээр завиныхаа гадуур аврах хантаазнууд дүүжилсэн байсныг загас агнуурын онгоцныхон олж харж аварсан байна. Тэдний хэлснээр М.Пичугиний бие маш сул байсан тул кранаар өргөж авсан бөгөөд юуны түрүүнд дулаацуулж, халуун юм уулгасан гэнэ.
Аврагдсан эр одоо Магадан хотын эмнэлэгт биеийн байдал нь аажмаар сайжирч, эхнэртэйгээ уулзсан төдийгүй хэрхэн амь гарснаа ярьж эхэлжээ. “Нэг ёсондоо Бурханы авралаар амь гарлаа. Борооны ус цуглуулж ууж байсан. Хөл байнга нойтон, маш их даарч байв. Хөлөө тэмээний ноосон дотортой уутан хөнжилд дулаацуулж явж өдий хүрлээ” хэмээн тэрбээр РИА Новости агентлагт ярьсан байна. Сонирхолтой нь, түүний авч явсан уутан хөнжил Монголын үйлдвэрийн бүтээгдэхүүн байжээ. Ийм бүтээгдэхүүн Оросын энэ хязгаар нутагт ихээхэн эрэлттэй байдаг бөгөөд М.Пичугин хөнжлийнхөө талаар ярихдаа “Монгол” хэмээн зориуд тодотгон хэлснийг РИА Новости агентлаг эш татжээ.
Оросын хэвлэлүүдэд бичсэнээр, болсон явдалтай холбогдуулан, усан тээврийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь хохирсон хэмээх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. “Telegram” дахь SHOT сувагт бичсэнийг үзвэл, тэнгист гарах үед завинд алсын холбооны төхөөрөмж, улаан пуужин зэрэг зайлшгүй шаардлагатай тусгай хэрэгслүүд байгаагүй нь тогтоодвол М.Пичугинд мөн эрүү үүсгэн долоо хүртэл жилийн ял оноож магадгүй аж.