Эрүүл мэндийн боловсрол яагаад чухал гэж?
Боловсрол гэдэг ганцхан цогц ойлголт атлаа дотроо хэд хэдэн салбартай. Үүнд сэтгэл зүйн боловсрол, санхүүгийн боловсрол, улс төрийн боловсрол, эрүүл мэндийн боловсрол багтана. Эдгээрээс хамгийн чухал нь ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ. Учир нь Эрүүл биед саруул ухаан оршино хэмээх үг шиг хүн биеийн ямар нэгэн өвчин эмгэг, зовуурьгүй байж чадвал бусад бүх боловсролыг эзэмших бүрэн дүүрэн боломжтой.
Харин ямар нэгэн өвчин, эмгэгтэй байваас сэтгэлээр унаж доройтон гуниглаж, амьдрах эрч хүчээ алдахаас эхлээд ажиллаж хөдөлмөрлөх эрчимгүй болдог. Тиймээс дэлхий дахинаа иргэддээ цэцэрлэгийн наснаас нь эхлэн эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, шим тэжээллэг хүнсний талаар мэдлэг, ойлголт өгч эрүүл мэндийн өндөр боловсролтой хүн амыг төлөвшүүлэхэд ихээхэн анхаарч байна. Улсаа хөгжүүлэх суурь нь иргэний хөгжил. Иргэний хөгжлийн үндэс нь эрүүл бие саруул ухаан юм. Манай улс ч дэлхийн жишгийн дагуу иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд сүүлийн жилүүдээс онцгойлон анхаарч байна.
Тухайлбал, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд хүн амын эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, үндэсний түвшинд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх замаар иргэдийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлж, сэргийлж болох нас баралтын түвшинг бууруулах зорилт тавин ажиллаж байна.
Эдгээрээс онцлох нэг ажил нь бүх иргэдээ үнэ төлбөргүйгээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг шинжилгээнд хамруулах хөтөлбөр юм. Үүний үр дүнд олон хүн өөрсдийн өвчин, эмгэгийг эрт үед нь мэдэж хүндрэхээс сэргийлж, эмчлүүлж чадсан нь яахын аргагүй онцлох амжилт юм. Эрүүл мэндийн боловсролын эхний үе шат нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх юм. Тэгвэл эрт илрүүлэгт хамруулах энэ хөтөлбөр иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд даацтай нөлөө үзүүлсэн чадсан гэдгийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
Эрүүл мэндийн салбарын олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаагаар хувь хүний эрүүл мэндийн 10-15 хувь нь эрүүл мэндийн байгууллагатай холбоотой. Үлдсэн 85-90 хувь нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг гэсэн байдаг. Тодруулбал, бид өвдөх эсэх нь хэн нэгэн эмч, улс төрч, Засгийн газраас биш гагцхүү биднээс өөрсдөөс шалтгаалдаг. Өвчин хүндэрсний дараа сандарч тэвдэн гүйх биш өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж хэвших нь эрүүл амьдралын хэв маягийн чухал суурь ойлголт юм.
Судалгаанаас үзвэл насанд хүрсэн иргэдийн 95 гаруй хувь нь ямар нэг байдлаар эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Зохисгүй хооллолт, согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, дасгал, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, таргалалт, даралт ихсэлт нэмэгдэж байгаа нь иргэдийн эрүүл мэнд төдийгүй үндэсний аюулгүй байдалд ч эрсдэл учруулах хэмжээнд хүрсэн гэж үздэг.
Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүн сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатай байгааг харуулж байна. Тиймээс эрт илрүүлэг, эрүүл мэндийн хяналтад тогтмол хамрагдаж хэвшье. Та урт удаан аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахыг хүсч байна уу. Тэгвэл хамтдаа эрүүл мэндийн боловсролоо дээшүүлж, өөрөөс шалтгаалах хүчин зүйлүүдээс болж эрүүл мэндээ эрсдэлд оруулдаггүй хэрсүү иргэн байцгаая.