Хэнтий, Сүхбаатар чиглэлээс Улаанбаатар руу зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа
Авто тээврийн үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газраас цасанд боогдсон замуудаар орон нутаг болон Улаанбаатар руу зорчихгүй байхыг анхааруулж байна.
Тодруулбал, Хэнтий, Сүхбаатар чиглэлээс Улаанбаатар руу зорчихгүй байхыг онцгойлон анхааруулав. Одоогоор Мөнххаан сумын нутаг дэвсгэрт хунгарласан цасыг цэвэрлэж, цасанд боогдсон машинуудыг гаргах ажил үргэлжилж байгааг мэдээллээ.
Онцгой байдлын байгууллагад өчигдөр буюу 9-нд Завхан аймгийн Алдархаан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Алтай аймгийн Дарви, Увс аймгийн Тариалан, Говь-Алтай аймгийн Цогт, Дорнод аймгийн Баянтүмэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд автомашин цасанд суусан нийт найман удаагийн дуудлага ирсэн байна.
Тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 44 автомашиныг татан гаргаж, 303 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Он гарсаар цасанд суусан нийт 18 удаагийн тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 325 иргэний амь насыг аварч, 51 тээврийн хэрэгслийг татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.