“PubG аккаунт худалдаж авна” хэмээн 250 саяын хохирол учруулсан этгээдийг олж тогтоожээ

Фэйсбүүк цахим сүлжээнд “PubG аккаунт худалдаж авна” гэх зар оруулж, иргэдийг хуурч мэхлэн фэйсбүүк хаягт нь хууль бусаар нэвтэрч хохирол учруулсан хэргийг Ш гэгч үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн албаны хаагчид илрүүлэн шалгаж эхэлжээ.

Шалгалтаар иргэдийн фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, тэдний ойр дотно хүмүүст нь “Гар утасны дугаараа өгөөч, фэйсбүүк хаягаа засах гээд код илгээчихлээ, тэр кодыг явуулаач” гэх мэтээр хувийн мэдээллийг нь авч, иргэдийн цахим хаягт хууль бусаар халдсан, мөн бусдаас “мөнгө зээлэх үү” гэх зэргээр чат бичиж, “Gopoker”, “Naadam Play”, “Star Club Mongolia” зэрэг хууль бус цахим мөрийтэй тоглоомын сайтуудын данс руу гэмт хэргийн замаар олсон мөнгөө шилжүүлэн, буцааж өөрийн дансанд шилжүүлэх замаар иргэдэд 250 орчим сая төгрөгийн хохирол учруулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсоныг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

“Сэжигтний гар утсанд иргэдийн фэйсбүүкийг хууль бусаар авахдаа ашигладаг 100 орчим Gmail хаяг болон иргэдээс хууль бусаар авсан 306 тооны фэйсбүүк хэрэглэгчийн нэрийн зургийг хадгалсан байсныг баримт болгон авч, хохирогч нарыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *