Төрийн хэмнэлтийн тухай хууль улсын төсвийг хэмнэсэн гэж дүгнэжээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Хуулийг бүх шатны төсвийн захирагчид, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж, хэмнэгдэж байгаа зардал, орон тоо, цалингийн санг бууруулснаар, мөн хуульд заасан
- Автомашин хэрэглэхийг хязгаарлах
- Төсвийн байгууллагуудад дүрэмт хувцас худалдаж авахгүй байх
- Албан томилолтоор онгоцоор явах бол зөвхөн энгийн ангиллаар зорчих
- Төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх
- Албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах
- Цахилгаан, дулаан, эрчим хүчний хэрэглээг хэмнэх зэрэг төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлуудыг бууруулсан байна.
Өөрөөр хэлбэл, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж тодорхой үр дүнгээ өгч улсын төсөвт хэмнэлт гарган эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.
Орон нутаг дахь төсвийн байгууллага хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжийг бүрдүүлж, хуулиар хүлээсэн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хууль батлагдсанаар байгаль, цагийн уурын өөрчлөлт, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед орон нутаг дахь төсвийн байгууллагын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх бөгөөд төсвийн сахилга бат, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хэмнэлтийн горим үргэлжлэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээний хүртээмж сайжрах ач холбогдолтой гэж үзэж байна.