ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэмийн хүйтэн байна
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр ойрын тав хоногт цаг агаарын төлөв байдал ямар байх талаарх мэдээллийг хүргэе. 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16, 17-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
15, 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -14…-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө +2…-3 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.